sonin.mn

Атраас төрсөн цорын ганц тракторчин эмэгтэй Хөдөлмөрийн баатар Дуламжавын Лидаг “Зууны мэдээ” сонины “Ижий бурхад” буланд онцолж байна. 


Дархан-Уул аймгийн Дархан сум буюу бидний нэрлэж заншсанаар Дархан хотод аж төрж буй Лида баатартай намрын налгар өдрүүдэд уулзах боломж гарсан билээ. Дарханыхны нэрлэдгээр 17 дугаар микрийн “ёотон цэнхэр”-т амьдардаг бага охиндоо хань болж, бяцхан зээгээ харж хандаж суугаа Лида баатар өдгөө нас сүүдэр 83 хүрч буй. “Энэ намар эрт хүйтрэх нь. Тариа ногоогоо цасанд даруулчихалгүй хураагаад авчихад л болно доо” хэмээн бүхий л амьдралаа газартай холбосон тариаланч баатар маань цагийн байдал, тэнгэрийн араншинг тольдон суугаа аж. Газар ижийдээ сүслэн, үр шимийг нь хүртэж амьдарсан Лида гэж эгэл даруухан хөдөлмөрч ижийгийн туулсан зам, хийж бүтээсэн ажил үйлсийнх нь түүхийг хуваалцсан юм. 


СУВИЛАГЧААС ТРАКТОРЧИН БОЛЖ, ХЭНТИЙГЭЭС ДАРХАНД СУУРЬШИВ


Лида баатар 1942 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Дунд жаргалант нэртэй газар айлын ууган охин болж төржээ. Аав Батгомбо нь сумандаа, “Өрнөх” нэгдэлд тракторчин байсан болохоор охин тракторын кабинд аавтайгаа өнждөг байж. Багаасаа техникт дуртай болж өссөн нь алсдаа тариаланч болох их замыг зааж өгсөн хэмээн Лида баатар хуучилсан. Аав нь Хэнтийн анхны тракторчин гэсэн уйгаржин монголоор бичсэн үнэмлэхтэй байсныг ч ярьж байв. Тэрбээр “Анхны мэргэжил минь эмнэлгийнх. 1960 онд Дорнод аймгийн хүн эмнэлгийн сургуулийг эх баригч, сувилагчаар төгсөж сумын эмнэлэгт зургаан жил ажилласан хүн шүү дээ. Эмнэлгийн ажилдаа тийм ч дуртай байгаагүй.


Аавыгаа дагаж чөлөөт цагаараа ДТ-75 гинжит трактораар тариан талбайд явдаг байсан минь намайг техникт дуртай болгож, сувилагчийн мэргэжлээ тракторчнаар солиход хүргэсэн дээ.


Тэгээд Өндөрхааны сангийн аж ахуйд тракторчны 45 хоногийн курст сурч мэргэжлийн үнэмлэхтэй болсон. Тэр үед тракторчны ангид эмэгтэй хүн цөөн, харин агротехникийн мэргэжлээр сурдаг охид олон байсан” хэмээсэн. Түүний хань Бадамжавын Гандугар мөн л тракторчин. Архустайн сургууль комбинатад сурч тракторчин болсон ханьтайгаа хамт Хурхын сангийн аж ахуйд ажиллаж байгаад том газар бараадъя гээд Дарханд шилжиж ирсэн нь 1970 он. Нөхрийнх нь дүү ажиллаж байсан учраас Дарханы сангийн аж ахуйг сонгосон гэнэ.


Атар газар эзэмших анхны аянаар 1959 оны гуравдугаар сард байгуулагдсан дөрвөн сангийн аж ахуйн нэг төдийгүй ЗХУ-ын хүч хөрөнгөөр тохижуулан Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит болгосон, нэг үгээр ажиллах техникийн нөхцөл боломж харьцангуй сайн байсан нь ч тэдний сонголтын нэг шалтгаан болжээ.


Дарханд ирэнгүүт нөхрийг нь тракторчнаар, харин Лидаг тогоочоор ажиллуулжээ. Трактор л баримаар байна хэмээн өдөр бүр дарга нарынхаа чихнээс хонх уях бүсгүйн өмнөөс эмэгтэй хүнд трактор өгч болох уу хэмээн цааргалж үзсэн ч нэгэнт мэргэжлийн үнэмлэхтэй, ажиллах хүсэлтэй хүнийг цаашаа гэх нь утгагүй хэмээн сангийн аж ахуйн удирдлага шийдээд ДТ-54 гэж гинжит тракторын жолоо атгуулжээ. Бүсгүй ч тэдний итгэлийг алдаагүй. Газраа хагална, боловсруулна, үрсэлгээнд явна, газар тариаланд юу хийж болох вэ тэр бүгдийг хийхдээ эрчүүдээс дутахгүй хөдөлмөрлөж 1978-1983 онд сангийн аж ахуйн аваргаар таван удаа, ургацын Улсын аваргаар дөрвөн удаа шалгарчээ.


ОХИДЫН САЛАА БАЙГУУЛАН ЭРЧҮҮДЭЭС ДУТАХГҮЙ АЖИЛЛАСАН ОН ЖИЛҮҮД


“Манай Бүргэд даргатай зургаадугаар бригад үрийн бригад болоод нэлээн өргөжсөн. Дандаа шинэ төгсөж ирсэн залуучуудтай. Баруун аймгуудаас их олон хүн сангийн аж ахуйг зорьж тариаланч болохоор ирж байлаа. Гэхдээ надаас өөр эмэгтэй тракторчин байгаагүй. Харин 1978 онд тав, зургаан эмэгтэй төгсөж ирэхэд нь “Охидын салаа” байгуулж, ахлагчаар нь ажилласан.


Манай салаа 3000 га газрыг гэрээлэн авч, хаврын тариалалтаас эхлээд намрын ургац хураалт хүртэл дангаараа ажиллаж тухайн үеийн сангийн аж ахуйн дунджаас 4.4 центнерээр илүү ургац хурааж байлаа. 


Манай охидын салаа өдөр, шөнөөр ээлжилж тракторыг сул зогсоодоггүй байсан бөгөөд өөрсдийнхөө ажлыг дуусгаад өөр бригадын ажилд туслахаар вагончикоо чирээд очдог байв. Миний нөхөр Б.Гандугар техникийн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн тохиргоог тогтмол хийж байнгын бэлэн байлгадаг нь бидний ажилд мөн ч их тустай байсан даа. Манай охид өвлийн цагт техникийн засвар үйлчилгээг хийхэд эрчүүдтэй хамтдаа л яваад орчихно. Ер нь эмэгтэй гэж ялгарах зүйл ажлын хувьд огт байгаагүй. Зөвхөн талбайдд ажиллах биш сангийн аж ахуйн зүгээс даалгасан уулнаас мод цагаалах, өвс тээвэрлэх, бэлчээрийн цас ярах, талбайн сүрлэн бухлыг хамах гээд олон ажлыг хамтдаа хийж гүйцэтгэдэг байлаа. Бригад суурингаас тариан талбай хүртэл явдаг техникийн сул явалтыг үр бүтээлтэй болгохын тулд гэр бүл, салааныхантайгаа хамт ажлын талбартаа нүүдэллэн ажилладаг байсан нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж байлаа. Баг болж ажиллаж байгаа хамт олны хийж бүтээх чин эрмэлзэл, уринш үрлэгээг технологийн горимын дагуу чандлан мөрдөж хийдэг, шинэ санал санаачилгыг цаг алдалгүй нэвтрүүлж ажиллах нь ажлын бүтээмж өндөр байхад тун чухал.


Бид зөвхөн трактораа жолоодоод явах биш талбайд ямар хогийн ургамал ургасныг харж, түүний биологийн онцлогийг судална. Ингэснээр үрийг нь талбайд хаяулахгүй байхад их анхаарна. Мөн тухайн жилийн хур тунадас, цаг агаарын байдлаас шалтгаалан уринш боловсруулахдаа ямар арга хэрэглэвэл үр дүнтэй байх вэ гэдгийг тооцоолно. 


Тухайн үед эрэгтэй болон эмэгтэй хүний ажлын норм өөр, эмэгтэй хүнийх харьцангуй бага байсан ч бид эрэгтэйчүүдээс хоёр дахин их ажлыг хийдэг байсан” хэмээн Лида баатар хуучилсан. Талбайг эдлэншүүлж боловсруулахад түүнийг гүйцэх механикжуулагч ховор байсныг тухайн үеийн ажлынх нь үр дүнг харуулсан хэдхэн тоогоор баталж болно. Тухайлбал, Д.Лида 1974-1983 оны 10 жилийн ажлаараа хөрс боловсруулах төлөвлөгөөг 212 хувиар биелүүлж, сэлбэг, шатахуунаас 48.4 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан, 1979-1983 оны таван жилийн ажлын дундаж гүйцэтгэлээрээ сангийн аж ахуйнхаа дунджаас 1408 га-гаар, нийт сангийн аж ахуйнуудын дунджаас 1349 га-гаар илүү байсан гэсэн тоо баримт Монгол Улсын газар тариалангийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн байдаг юм.


ХӨДӨЛМӨРИЙН БААТРЫН АЛТАН СОЁМБЫГ Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГААС ГАРДСАН


Атарчдын ажил амаргүй байсан үед ажлаас шантралгүй, ар гэрээ орхин зүтгэсэн нь залуу халуун насны ааг л байж дээ хэмээн тэртээх 50 гаруй жилийнхээ ажил амьдралын тухай дурсахдаа Лида гуай онцолсон.


Одоотой адил бригадын төвд байшин барилга байсангүй. Талбайнхаа захад гэр, майханд эсгий дэвсээд л хоноглоно. Засварын газар гэж дулаан байргүй учир өвлийн цагт цасан шуургатай, жавар тачигнасан хүйтэнд төмөртэй ноцолдож засвар үйлчилгээ хийнэ гэдэг бодоход л халширмаар ажил.


Өглөө хар үүрээр гараад үдэш харанхуйд орж ирж хоол унд идчихээд амарна. Ялангуяа хавар тариалалтын үед өглөө эрт гарахгүй л бол алдсан нэг хоног намрын арав хоногтой тэнцдэг учраас амсхийх завгүй зүтгэдэг байсан гэнэ. Газар тариалангийн ажил гэдэг хавар суулгаад, намар хураах тухай асуудал биш, нарийн технологиор хийгддэг ажил. Үрээ суулгаад боловсруулалтыг нь харна, ургалтыг нь яаж сайжруулах, ургацаа яаж тордох гээд ажил ихтэй. Сайхан ургаад эхэлсэн хойно нь хяруу цохьчих вий хэмээн болгоомжилж хүүхэд асарч буй мэт арчилж тордсоны эцэст намар ургац арвин авчихаад налайж суух ч жаргал шүү дээ хэмээн тариачин баатар өгүүлсэн.


Лида баатарт сайхан дурсамж олон бий. Улсын ургацын аваргаар хэдэнтээ тодорсон түүнд 1981 онд уриншийн ажил ид өрнөж байх үед Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг тариан талбайд, тракторынх нь дэргэд гардуулж байж.


Үүнээс гурван жилийн дараа Хөдөлмөрийн баатар болсон тухайгаа тэрбээр “Сангийн аж ахуйн дарга Чойжамц нэг өдөр ирээд за хот явна аа гэсэн. Ямар ажил гарсан юм бол доо гэж гайхсан ч дагаад явсан. Төрийн ордонд ороод дарга “Аварга минь баатрын тэмдэг энгэрт чинь зүүж магадгүй нь шүү” гэхэд үнэмшсэн ч үгүй. Биднийг үүдэнд хүлээж бай гээд суулгачихлаа. Жаахан байтал дотогшоо ор гэв. Цэлгэр сайхан танхимд Цэдэнбал дарга, Готов гуай гээд дарга нар бас өөр бусад улс байсан.


Бал дарга баатрын тэмдэг зүүж өгөхдөө “За чи минь эмэгтэй хүнд амаргүй л ажилтай юм байна. Гэхдээ баатар болчихоод талбайдаа үргэлжлүүлээд явна биз дээ” гэхэд нь би “Явалгүй яах вэ. Нас минь залуу байна” гэж билээ. Тэгэхэд би 40 л гарч явсан юм” гэв.


Түүнтэй хамт 1984 оны гуравдугаар сарын 22-нд Сэлэнгийн Шаамараас Г.Дампил, Цагааннуураас Ц.Сүрэн, Увсын Баруунтуруунаас Д.Цэрэн гээд газар тариалангаас дөрвөн баатар төржээ. Шагналаа аваад Дарханд галт тэргээр ирсэн. Галт тэрэг зогсонгуут буух гэтэл Чойжамц дарга нь “Арай болоогүй шүү” гээд хүлээлгэж байгаад буухад галт тэрэгний буудал дээр улаан хивс дэвсчихсэн, олон хүмүүс цуглаад хадаг сүү барьчихсан сүртэй угтахад нь хэчнээн сандарч байсан нь өнөөдөр мэт тодхон санагддаг гэсэн.


ТАРИАН ТАЛБАЙН ЗАХАД ТОГЛОЖ ӨССӨН БААТАР ЭЭЖИЙН ХҮҮХДҮҮД


Лида баатар гурван хүүхэдтэй. Хоёр охин нь Хэнтийд төрсөн. Том нь хоёртой, бага нь ой хүрч байхад тэднийх Дарханд иржээ. Харин хүү нь 1978 онд Дарханд атрын сангийн аж ахуйд төрсөн. Энэ тухай Лида гуай “Төрөх дөхсөн ч талбайд явж л байлаа. Бид ганц майхантай, тэндээ амарна. Өдөр шөнөгүй л явна шүү дээ. Бригадын дарга Бүргэд “Аварга минь бууна байгаа. Ийм том гэдэстэй” гэж байн байн сануулна. Бие хөнгөн болохоор яваад л байлаа. Талбайн захад нэг майхантай. Тэндээ амарна. Нэг өглөө гарах гэсэн нэг л эвгүй, өвдөөд майхандаа сууж байтал Бүргэд дарга ороод ирсэн. Дарга ч сандраад эмч дуудаад төв рүү явуулж хүү минь төрсөн. Хоёр том маань сургуульд ортлоо ээж аавтайгаа хамт тариан талбайд өссөн дөө” хэмээн дурссан.


Баатарын том охин Г.Эрдэнэчимэг Хэнтийд, бага охин Г.Эрдэнэтуяа Дарханд, хүү Г.Эрдэнэбаатар хотод амьдардаг. Охин Г.Эрдэнэчимэг ажлын төлөө төрсөн мэт зүтгэдэг ээжийнхээ тухай “Бид атраас төрсөн цорын ганц тракторчин эмэгтэй Хөдөлмөрийн баатрын хүүхдүүд гэдгээрээ бахархдаг.


Бага нас минь тариан талбайн захад л өнгөрсөн дөө. Тэр үед тариа их өндөр ургадаг байсан санагддаг. Дотор нь нуугдаж тоглоход хэчнээн сонирхолтой гээч. Өндөр ургасан тариа салхинд найгах нь далайн давалгаа шиг их сүртэй. Хавар, намарт аав ээж хоёулаа талбайд гарчихна, өглөө унтаж байхад яваад үдэш унтсан хойно л ирнэ. Өдөр трактор нь хаана явааг хараад бригадын гэрт, талбайн захад тоглоод л байж байдаг сан. Есдүгээр сарын 1-нд анх сургуульд ороход ээж ном дэвтэр, хувцас хунарыг минь бэлдэж өгөөд комбайны кабинд суулгаад явуулчихаж билээ. Төвд нэг эгч тосч аваад сургуулийн дотуур байранд оруулсан. Тэнд нь сууж байтал жижүүр эгч ирж ангид минь хүргэж өгсөн. Тариаланчийн хүүхдүүд бүгд л адилхан. Төвд эмээ өвөө нь, ах эгч нь ч юм уу, байдаггүй бол дотуур байранд амьдарч, намрын ажил дуустал ээж аавыгаа бараг л харахгүй. Тийм болохоор их эрт бие даадаг юм.


Намайг хоёрдугаар ангид ордог жил эмэгтэй дүү минь сургуульд ирж, бид ханиндаа амралтын өдөр алхаад гэр рүүгээ явчихдаг болж билээ. Хол шүү дээ. 12 км алхана гэдэг тэр жаахан амьтдад. Харин буцахад заавал хүргэж өгнө. Нийгэм цаг үе ч сайхан байж.


Айх аюулгүй амар тайван болохоор бид ч зөнгөөрөө өсч том болцгоосон. Ажилд бол багаасаа суралцсан. Дөрөвдүгээр ангиасаа л нийгмийн тустай хөдөлмөр хийдэг байлаа. Төмс хураах, хонь хяргах гээд хүүхдүүдийн хүч хүрэх олон ажилд бидний үеийнхэн бага ангиасаа явсан. Ээж минь гэрийн ажилд мундаг, юм оёхдоо сайн. Гэхдээ бидний багад хувцас хунар оёж өгөх завгүй байж дээ. Цалингаа аваад хэрэгтэй зүйлсийг минь нэгийг ч дутаалгүй бэлдээд өгчихнө. Бид ч багаасаа биеэ дааж ээжийгээ зовоолгүй хүн болцгоосон. Нэгдүгээр ангид ороход минь хүргэж өгч чадаагүйдээ ч тэр үү ээж намайг Дарханы Политехникумд оюутан болоход ангид минь оруулж өгч байлаа. 


Манай ээж их хатуужилтай эмэгтэй. Ямар ч ажлыг эхэлсэн бол дуусгаж бай гэж бидэнд сургасан. Өөрөө ч тийм махруу хүн. Хийнэ гээд зүтгэсэн бол ард нь гарч байж салдаг. Тэр зан нь бидэнд бий. Аав минь ч мундаг ажилсаг. Техникт сайн, ямар нэг эвдрэл гэмтэл гарлаа гэхэд дор нь л засчихна.


Бид хэд аавынхаа түлхүүр багажийг зөөгөөд л гүйдэг байлаа. Ээжийг Хөдөлмөрийн баатар болоход их баярлаж, ээжээрээ бахархаж байж билээ. Гэхдээ бидэнд баатрын хүүхэд гэдэг ч юм уу, илүү ханддаг, илүү халамжилдаг зүйл байгаагүй. Бусдын л адил хичээлдээ яваад, гэр орныхоо ажилд туслаад, зав гарвал үеийнхэнтэйгээ тоглож наадаад л өнгөрсөн, бага нас минь. Түүний муу гэж алга. Бид хэн хэнд нь ажил хөдөлмөр хийж амь амьдралаа авч явах, үр хүүхдээ зөв сайхан өсгөх их ухааныг ээж үлгэрлэсэн. Ажил мэргэжлийн хувьд газар тариалангаар яваа нь бага дүү Эрдэнэбаатар минь л байна” гэж ярьсан. Тэрбээр “Газар тариалантай ажил амьдралаа холбож насаараа хөдөлмөрлөсөн ээж, аав минь 80 гарсан насандаа үг сургаалиа хайрлан бидэнтэйгээ хамт байгаа нь хамгийн их аз жаргал” хэмээж байсан юм.




Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин