sonin.mn

ХОНКОНГ, 2025 оны есдүгээр сарын 25 /CNBC/. Хонконгийн хөрөнгийн биржийн лхагва гаргийн арилжаагаар Хятадын технологийн “Alibaba” компанийн хувьцааны ханш 9.2 хувиар өсөж, 174 хонконг долларт хүрсэн нь 2021 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин АНУ-ын “Nasdaq” биржийн арилжааны явцад 8.8 хувиар өссөн байна. “Alibaba Cloud” компаниас жил бүр зохион байгуулдаг технологийн хурлын үеэр хувьцааны үнэ ийнхүү өсжээ.


Уг хурлын үеэр гүйцэтгэх захирал Эдди Вү тус компани хиймэл оюуны загвар, дэд бүтцийн хөгжүүлэлтэд зориулсан зардлаа хоёрдугаар сард зарлаж байсан 380 тэрбум юанийн (53 тэрбум ам.доллар) хэмжээнээс давуулан нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн байна.


“Бид гурван жилийн хугацаанд хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэх 380 тэрбум юанийн өртөг бүхий санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд хиймэл супер оюун ухааны (хүний оюун ухааныг давж гарах боломжтой хиймэл оюун) эрин үеийг угтан стратегийн төлөвлөгөөтэйгөө уялдуулан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж тэрбээр хэлжээ.


Лхагва гарагт мөн “Alibaba”-гийн том хэмжээний хиймэл оюуны загвар болох “Qwen”-ий хамгийн сүүлийн хувилбар “Qwen3-Max”-ыг, хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүнүүдэд хийсэн цуврал шинэчлэлтийг албан ёсоор танилцуулжээ.


Түүнчлэн “Alibaba Cloud”-ын дата төвүүдийг энэ онд Бразил, Франц, Нидерландад, ирэх онд Мексик, Япон, Өмнөд Солонгос, Малайз, Дубайд нээхээр төлөвлөж буйг мэдэгдсэн байна. Хиймэл оюуны эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор “Alibaba Cloud”-ын улирлын орлого өмнөх оны мөн үеийнхээс 26 хувиар өсөж, 33.4 тэрбум юань буюу 4.7 тэрбум ам.долларт хүрчээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг