sonin.mn

Монгол Улсын Хөлбөмбөгийн Дээд лигийн "Централ сталлионс" хөлбөмбөгийн клуб Япон улсын "NBC Holdings and Nihon Bronze Company"-тай тамирчдынхаа өмсгөл дээр тус компанийн логог байршуулан, ивээн тэтгэх гэрээ байгууллаа.


Энэ үеэр "Централ сталлионс" хөлбөмбөгийн клубын Ерөнхийлөгч Б.Ганбаатар: "Биднийг худалдаж авахаас өмнө "Централ сталлионс" хөлбөмбөгийн баг уналтанд орсон байсан. Бидний хувьд ч ийм нөхцөлд орсон баг худалдаж авч, хөгжүүлье гэдэг зорилготой байсан. Тийм учраас хөлбөмбөгийн спортод хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж байна.


Миний ойлгож байгаагаар Монгол Улсын хөлбөмбөгийн түүхэнд гадны компани анх удаа өмсгөл дээр лого байршуулан, спонсороор оролцож байгаа гэж бодож байна. Энэ нь Дээд лигийн бусад багууддаа ийм боломж байгаа юм шүү гэдгийг харуулж байгаа үйл явдал юм.


"Төв азаргууд" нэртэйгээр өнгөрсөн улирлаа дуусгасан. Шинэ улиралд бид "Central Stallions" гэдэг Англи нэрээр нь нэрлэж, лого, өмсгөл гээд бүх зүйлээ шинэчилсэн байгаа. Монголын Дээд лигт аварга болохоос гадна олон улс руу илүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж, Азийн хөлбөмбөгийн тэмцээнүүдэд оролцож, өмнөх багуудаасаа илүү их амжилт гаргах зорилготой ажиллаж байна." гэв.


Мөн "NBC Holdings and Nihon Bronze Company"-ийн Гүйцэтгэх захирал Futoshi Sasaki: "Миний хувьд Монголчууд хөлбөмбөгт маш их дуртай, гадны хөлбөмбөгийн тоглолтуудыг сонирхон үздэг гэсэн ойлголттой байдаг. Тийм ч учраас энэ чиглэлээр хөрөнгө оруулалтууд хийж, тууштай ажиллах юм бол монголын хөлбөмбөг хөгжих магадлал өндөр юм байна гэж харсан.


Хөлбөмбөг бол дэлхийн топ спорт. Хөлбөмбөгөөр дамжуулан Монголыг олон улсад танилцуулах боломжийг бий болгохыг зорьж байна.


Хөлбөмбөгөөр хичээллэх таатай орчныг бий болгосноор Монгол хүүхдүүд энэ спортод дурлаж хичээллэн, илүү их амжилт гарган, дэлхийд танигдаасай гэж хүссэн учраас "Централ сталлионс" хөлбөмбөгийн клубт хөрөнгө оруулалт хийн, дэмжиж ажиллахаар болсондоо таатай байна.” гэсэн юм.


М.Чойжал