sonin.mn

СӨҮЛ, 2025 оны есдүгээр сарын 23 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кеон Хитэй холбоотой авлигын хэргээр Эв нэгдлийн сүмийн тэргүүн Хан Хак Жаг мягмар гарагт баривчилжээ. Сөүл хотын төв дүүргийн шүүх түүнийг нотлох баримтыг устгаж болзошгүй гэж үзэн баривчлах шийдвэр гаргасан байна. 


Тусгай өмгөөлөгч Мин Жун Кигийн баг Улс төрийн сангийн тухай хууль болон Авлигатай тэмцэх хуулийг зөрчсөн, нотлох баримтыг устгаж болзошгүй гэсэн үндэслэлээр өнгөрсөн долоо хоногт баривчлах хүсэлт гаргажээ.


Баривчлах тушаал гарсны дараахан сүмээс мэдэгдэл хийхдээ, бид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. “Бид үнэн мөнийг тогтоохын тулд удахгүй болох мөрдөн байцаалт, шүүх хуралд шударгаар оролцож, сүмдээ итгэх итгэлийг сэргээхийн тулд чадах бүхнээ хийх болно. Бид ард түмнийг түгшээж байгаадаа чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ. Юн Сог Ёль ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд сүмд дэмжлэг үзүүлэхэд нь тусалсны хариуд 2022 онд Ардын хүч намын төлөөлөгч Квеон Сон Дунд 100 сая вон /72 400 ам.доллар/ өгөхөөр сүмийн ажилтан асан Юн овогттой тохиролцсон хэрэгт Хан Хак Жаг буруутгаж байна. 


Хан Хак Жаг мөн "Юн Сог Ёлийн эхнэр Кимд тансаг хүзүүний зүүлт, “Chanel” брэндийн цүнх бэлэглэсэн, бэлэг авахын тулд сүмийн мөнгийг завшсан, мөн гадаадад мөрийтэй тоглоом тоглосон хэргээр мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс өмнө Юн овогтод нотлох баримтыг устгах тушаал өгсөн" гэж сэжиглэж байгаа ажээ.


Харин сүмийн зүгээс Хан Хак Жаг буруутгаж буй хэргүүдэд түүнийг оролцсон гэдгийг няцааж, тэдгээрийг сүмийн ажилтан асан ганцаараа үйлдсэн гэж мэдэгдэж байна. Баривчлах тушаал гаргахын өмнөх шүүх хуралдааны үеэр Ханын тал  мэдэгдэл хийхдээ "Хан Хак Жа гэм буруугүй бөгөөд Өмнөд Солонгосын улс төрийг огтхон ч сонирхдоггүй, энэ талаар мэдлэг багатай" гэжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг