sonin.mn

Балбын нийслэл Катманду хотод саяхан “Z үеийн хувьсгал” нэртэй томоохон жагсаал өрнөж, мянга мянган залуус оролцлоо. Эхэндээ тэдний гол шаардлага нь сошиал сүлжээ, мессенжерийн үйлчилгээг хязгаарласан Засгийн газрын шийдвэр болон авлига хээл хахуулийг эсэргүүцсэн гэж тайлбарлагдсан. Гэвч жагсаалын гүн утга нь өөр байв.


Балбын залуусын жинхэнэ бухимдлыг өдөөсөн зүйл бол баян, ядуугийн ялгаа асар ихээр тэлсэн, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаж, амьдралын өртөг эрс өссөн, инфляци тэсвэрлэхийн аргагүй түвшинд хүрсэн,

 төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний хүүхдүүдийн тансаглал, ард иргэдийн ядуурал хоёрын харьцуулалт улам хурцадсан зэрэг бодит шалтгаанууд юм.


Энэ бүхний улмаас иргэдийнх нь уур хилэн тэсэрч, эцэст нь Балбын Сангийн сайд Бишну Пауделийг олон нийтийн өмнө нүцгэлж, зодож, шившиглэсэн ноцтой үйл явдал өрнөлөө. Энэ бол зөвтгөгдөх аргагүй хүчирхийлэл ч гэсэн бухимдлын гүн шалтгааныг үгүйсгэх аргагүй билээ.


Монголд өнөөдөр яг ижил дүр зураг харагдаж байна.Баян, ядуугийн ялгаа улам бүр нэмэгдэж, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш тасралтгүй сулран, инфляци иргэдийн өдөр тутмын амьдралд хүчтэй дарамт болж,

төрийн өндөрлөгүүд, тэдний хүүхдүүдийн тансаглал олны дургүйцлийг төрүүлж байна.


Мэдээж хэрэг хүчирхийлэл бол ямар ч нийгмийн шийдэл биш. Гэвч Балбын залуучууд яагаад ийм алхамд хүрэв гэдгийг Монголын улс төр, эдийн засгийн бодлого тодорхойлогчид бодох ёстой цаг иржээ.


Тэр дундаа Монгол Улсын эдийн засаг уналтад орж, өсөлт нь 30 орчим хувиар агшихад голлох үүрэг гүйцэтгэсэн Сангийн сайд Б.Жавхлан Балбад болсон сургамжийг анхааралтай тунгаах хэрэгтэй болов уу. Ард түмний бухимдлыг хүчээр дарж, гаднаа өнгөлөн засаад явж болох ч нийгмийн шударга ёсны дутагдал, эдийн засгийн бодлогын алдаа, баялгийн шударга бус хуваарилалт эцэстээ аймшигтай үр дагаварт хүргэдгийг Катмандугийн гудамж харууллаа.


Э.Солонго