sonin.mn

Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг “Бахрейн-2025” Азийн залуучуудын наадамд оролцох зарим спорт холбоодыг хүлээн авч уулзаж байгаа билээ. Энэ өдөр Монголын хүндийг өргөлтийн холбоо, Монголын жюү жицүгийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан тамирчдын байр хоол, замын зардалд дэмжлэг үзүүллээ.



Уулзалтын үеэр Жюү жицүгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О. Болд-Эрдэнэ: “Юуны өмнө өнгөрсөн 8 дугаар сард БНХАУ-ын Чендү хотноо зохион байгуулагдсан Дэлхийн спортын наадамд оролцсон Монгол Улсын баг тамирчдыг иж бүрэн хувцсаар хангаж, тэмцээн уралдаанд оролцоход бүхий л талаар дэмжин ажилладаг МҮОХ-ны удирдлагууд болон хамт олонд талархал илэрхийлье. 


Мөн “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадамд оролцох баг тамирчдыг дэмжин, давалгаа эхлүүлж байгаад баяртай байна. Азийн 45 орны 4000 гаруй шилдэг тамирчид өрсөлдөх энэхүү чухал наадамд манай холбоо ач холбогдол өгч, амжилттай оролцох зорилготой байна”” гэв. 


“Бахрейн 2025” Азийн залуучуудын III наадамд Монголын жюү жицүгийн холбооноос 18, Хүндийг өргөлтийн холбоо 12 тамирчин оролцуулахаар бэлтгэл сургуулилтаа базааж байна.