sonin.mn

Азийн 45 орны 14-17-насны шилдэг залуучууд чуулах “Бахрейн 2025” Азийн залуучуудын III наадамд эх орноо төлөөлөн оролцох спорт холбоодын төлөөллийг хүлээн авч уулзаж байгаа билээ.

 

Өнөөдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг тус наадамд оролцох Монголын Хөнгөн атлетикийн холбоо болон жүдо бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан, санал сэтгэгдэлийг нь сонслоо.

 

Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б. Батгэрэл хэлэхдээ: Азийн Залуучуудын Олимп гэж нэрлэгдэх тус наадамд бусад орнууд өндөр ач холбогдол өгч төр засгаас нь дэмжиж оролцдог. Өсвөр, залуучуудыг дэмжихгүйгээр цаашид мэргэжлийн тамирчин бэлтгэх хэцүү. Манай улсын тухайд өсвөрийн шигшээ баг байхгүй учраас тамирчид тэмцээний зардал мөнгөө өөрсдөө хариуцаж явдаг нь хүндрэлтэй талаар дурьдаад, энэ талаар төр засаг, яамд болон холбогдох байгууллагуудыг анхааралдаа авахыг хүслээ.

 

МҮОХ-ны зүгээс “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадамд оролцох бүх баг тамирчдад БНХАУ-ын 361 брэндийн иж бүрэн хувцас олгох юм. Мөн тамирчдын бэлтгэл сургуулилтанд зориулж Монголын Хөнгөн атлетикийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоонд мөнгөн дэмжлэг олгохоор болов.

Ойрын өдрүүдэд тус наадамд оролцох жюү жицү, хүндийг өргөлт, ширээний теннис болон гольфийн спорт холбоодын төлөөллийг хүлээн авахаар төлөвлөж байна.