sonin.mn

1973 оны Нобелийн шагналын Физиологи, Анагаах ухааны салбарт Австрийн Конрад Лорэнц, Карл фон Фриш нар ба Нидерландын Николас Тинбэргэн авчээ. Тэд амьтны араншингийн талаар загвар бий болгосон нээлтийнхээ төлөө энэ хүндтэй шагналыг хүртсэн юм.


Тэр үе гэхэд Нобелийн энэ салбарын шагналыг аль хэдийнэ биохимичид, молекуляр генетикчид, эс судлаачид хүртэх болсон атал амьтан судлаачид гэнэт гарч ирсэн нь анхаарал татсан. Үнэндээ энэ гурван эрдэмтэн амьтан судлаач гэхээсээ этолог гэжнэрлэгдэх болсон амьтны араншин, улмаар тэр нь хүний зан үйлтэй төстэй ба төсгүй талыг харьцуулдаг шинжлэх ухааны цоо шинэ салбарыг нээжээ.


Фон Фриш зөгийний хэлийг тайлсан, Лорэнц голлон галууны араншин судалсан, Тинбэргэн этолог судлалын зарчмыг гаргаж ирсэн. Гэхдээ гурван эрдэмтнээс хамгийн алдартай нь Конрад Лорэнц байлаа, учир нь тэрээр этологийг философи талаас нь тайлбарлаж, хүний араншин, зан үйл, дадалтай холбосноор орчин үеийн философийн ухааны томоохон төлөөлөгчдийн нэгд тооцогдох болсон билээ. 


Конрад Лорэнц, Николас Tинбэргэн нар. 1978 он.


Саарал галууны араншинг судлахад олон жил зарцуулсан Лорэнц тэдгээрт импринтин буюу “хоногшуулал” үзэгдлийг олж илрүүлжээ. Энэ нь хүн үр төлийнхөө ой санамжид тодорхой ухагдахууныг зааж сурган хэлбэршүүлнэ гэсэн утгатай сурган хүмүүжүүлэх ухааны ойлголт юм. Ийм процесс амьтанд ч байдгийг тэрээр анх ажигласан хэрэг. Үүнээс гадна Лорэнц амьтнын хэрцгийлэл, түрэмгий зан, бэлгийн зан үйлийн олон талт хувирал зэргийг судлан, үүндээ этологийн дүн шинжилгээ хийснээ хүний зан үйлтэй хурьцуулжээ.


Амьтдын хязгаарлагдмал ойлголт нь тэдний зөнгөөрөө харилцаж байсан зарим үзэгдлүүдийг хэрхэн шүүж байгааг ойлгоход Лорэнц ашигласан. Жишээлбэл, галууны дэгдээхэй эх нь ч бай, хүн ч бай хамгийн түрүүнд мэдрэх хөдөлж буй өдөөлттэйгээ зөнгөөрөө холбогддог.


Энэхүү дуурайх үйл нь галууг өөрийн зүйлийн гишүүдийг таньж сурах боломж олгож, улмаар хүйсийн хослол гэх мэт дараагийн араншинд суралцдаг байна. Зөн совингийн зан үйлийн онолыг Лорэнц боловсруулсан бөгөөд энэ нь зан үйлийн хэв маяг ихэвчлэн төрөлхийн боловч хүрээлэн буй орчны өдөөлтөөр боловсронгуй болдог аж. Амьтан зөн совингийн зан үйлийг гүйцэтгэх дотоод хүсэл эрмэлзэлтэй байдаг ч, хэрэв тэд зөв өдөөлттэй тулгарахгүй бол эцэст нь зохисгүй өдөөлтөөр зан үйлд орж болдгийг нотолсон. 



Амьтдын зан үйлийн механизмыг ойлгохын тулд байгалийн нөхцөлд нь ажиглах шаардлагатай гэж Лорэнц үздэг мөртөө өөрөө болохоор уламжлалт хээрийн ажил хийгээгүй, харин гэрийнх нь ойролцоох тэжээвэр амьтдыг ажиглаж байв. Тэрээр амьтад хүнтэй адил олон янз сэтгэл хөдлөлийг мэдрэх чадвартайг нотолжээ.



Лорэнцийн судалгаанаас хамгийн их сонирхол татсан нээлт нь амьтны болон хүний түрэмгийлэл, хэрцгий араншингийн цаад шалтгаан болой. Түрэмгийлэл, хэрцгийлэл нь зөвхөн гадны өдөөлтөд үзүүлэх хариу үйлдэл төдий биш гэсэн Фройдийн таамаглалыг тэрээр баталжээ. Хэрэв эдгээр өдөөгчийг арилгавал түрэмгийлэл дотроо хуримтлагдана.


Жишээ нь орчноос тусгаарлагдсан хүмүүсийн жижиг бүлэгт тохиолддог “экспедицийн галзуу” гэх өвчний үед зарим тохиолдолд өвчтөн хамгийн сайн найзаа ч гэсэн онцын шалтгаангүйгээр хөнөөхөд хүргэдэг аж. Хэрэв түрэмгийлэл нь гадны өдөөлтөөс үүдэлтэй бол түрэмгийлэл энэ өдөөлт рүү чиглэгддэггүй, харин шатлалын доод түвшний хувь хүмүүс эсвэл амьгүй объект руу хэрцгийллээ чиглүүлдэг аж.


Хүний түүхэн хувьсалд ёс суртахуун гэсэн зөн бий болсон учир түрэмгийлэл хэрцгийлэл нь өөрийн хязгаартай болон тогтжээ. Хомо сапиэнс бий болсон цагаасаа өөрийгөө хамгаалах болон бусад руу хэрцгийлэх “зэвсэг” муутай амьтан байсан. Янз бүрийн мөргөлдөөнд халдлага үйлдэгч нь маажих, цохих, хазах, боомилох, алах боломжтой атал хохирогч тал болох хүн зөвхөн зугтаах ганц гарцтай байв.



Ийм учраас урдаас нь тэмцэлдэх боломжгүй нь “ёс суртахуун” гэсэн зан суртахууны анхдагч хязгаарлал бий болгосон аж. Хөгжлийн явцад хүн төрлөхтөн янз бүрийн хиймэл зэвсэг өөрснөө зохион бүтээснээр хорвоогийн хамгийн төгс төгөлдөр зэвсэгжсан амьтан болсон ч, ёс суртахуун нь урьдын өмнөх төвшиндээ хадгалагджээ.



Харин зүйл дотроо нэг нь бусдыгаа дарангуйлах зөн совин аль ч амьтны сүрэгт байдгийн нэгэн адил, хүн ч ийм совингоо хадгалсаар үлдсэн.


1941 онд Конрад Лорэнц “Орчин үеийн биологийн ухааныг Кантын баримтлалтай харьцуулах нь” гэсэн бүтээл хэвлүүлснээр түүнийг өнөө үеийн философийн голлох төлөөлөгчдийн нэгэнд тооцох болжээ.Тэрээр энэ бүтээлдээ “танин мэдэхүйн хувьслын онолоо” тайлбарласан юм. Аугаа гүн ухаантан Канттай захидал харилцааны хэлбэрээр хэлэлцэж байгаа маягаар бичсэн энэ бүтээлдээ Лорэнц зөн совинг өнөө үед “дасан зохицох” гэж ойлгох ёстой гэжээ. Олон эрин үе үргэлжилсэн удам угсааны хувьслын явцад хүн, амьтан бодит байдалтай харилцан үйлчлэлийн ачаар төрөл, зүйлээ хадгалах зорилготойгоор төв мэдрэлийн тогтолцооны аппаратад зөн совин суурилсан байдаг гэсэн юм. Үүнийгээ хожим “Толины нөгөө тал” бүтээлдээ бүр дэлгэрүүлэн тайлбарласан.


Одоо анх удаа монгол хэлээр Ө. Жамъяангийн орчуулсан “Соломон хааны бөгж” хэмээх алдартай бүтээлийг Лорэнц 1949 онд бичсэн нь маш олон хэлнээ орчуулагдсаны дотор 1952 оноос зөвхөн англи хэлнээ арваад удаа дараалан хэвлэгджээ.


Зохиогч “Миний бичсэн “Соломон хааны бөгж” ба“Хүн нөхрөө үргэлж олдог” ном бол амьтны болон хүний төлөв араншингийн тухай ердийн хүмүүст ерөнхий ойлголт өгөх гэсэн даруухан зорилготой бүтээл минь юмаа. Би яагаад ингэж хэлж байна гэхээр, чухам эдгээр номнуудыг уншсанаар манай шинжлэх ухаанд анхаарлаа хандуулах болсон цөөнгүй байгаль судлаачдыг би мэднэ”.



Бибилд өгүүлсэн домгоор Соломон хаан ид шидийн бөгжийнхөө хүчээр адгуус амьтантай ярилцан харилцдаг байсан аж. Зохиолын нэр ч чухам эндээс үүдэлтэй.



Томоохон эрдэмтэн өөрийн шинэ нээлтийнхээ тухай өргөн олонд зориулан сонирхолтой, тун энгийн хэлбэрээр өөрөө тайлбарласан маш алдартай цөөн хэдэн зохиол бий. Стивэн Хокингийн “Цагийн тухай товч түүх”, Карл Саганы “Сансар”, Жэймс Ватсоны “Хос эрчлээс”, Мичио Какугийн "Квантын талбайн онол: Орчин үеийн танилцуулга", Паабогийн “Неандэртал хүн” гэх мэт. Энэ жагсаалтад Конрад Лорэнцийн “Соломон хааны бөгж” ба “Хүн нөхрөө үргэлж олдог” бас багтана.



Баабар

2025.9.6