sonin.mn

21 аймаг, 330 сум, Улаанбаатар хот 9 дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж буй "Мөрөөдлийн гоол 2025" тэмцээн нээлтээ хийлээ.

 

Монгол Улсын Боловсролын яам болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) хамтран зохион байгуулж буй “Мөрөөдлийн гоол-2025” тэмцээний нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2025.09.07/ боллоо.


Нээлтэд МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Боловсролын яамны ТНБД Х.Батжаргал, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, МХБХ-ны Техникийн захирал Андрес болон Хөлбөмбөгийн Холбооны Амбассадор-Элчин сайд нар оролцлоо.


Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “Өнөөдөр бидний бахдам ирээдүй болсон хүүхдүүдийн мөрөөдлийн нэгэн хэсэг болох “Мөрөөдлийн гоол-2025” тэмцээн 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хот 9 дүүргийн ЕБС-ийг хамарсан өргөн цар хүрээтэй, охид хөвгүүдийн хоёр насны ангиллаар явагдаж эхэллээ.



Энэ бол Монголын ирээдүйн оддыг тодруулах, дэлхийд гарах хүсэл мөрөөдөлтэй хөлбөмбөгч хүүхдүүдийг сонгон шалгаруулж, анги хамт олон, сургууль, аймагтай нь хамт Монгол даяар алдаршуулах 200 сая төгрөгийн шагналын сан буюу хамгийн өндөр шагналын сантай анхны тэмцээн юм. 



“Мөрөөдлийн гоол” тэмцээнийг санаачлахад дэмжин тусалж, өөрийн нэрэмжит болгон зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Засгийн газрын гишүүд, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, 330 сум, 21 аймаг, нийслэлийн ЕБС-ийн удирдлагууд болон хөлбөмбөг сонирхогчдодоо талархаж байгаагаа илэрхийлье.


Ирэх жил болох U17 Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 54 хүүхдийг энэ тэмцээнээс сонгон шалгаруулна. Эдгээр хүүхдийг Төв аймагт байрлах “Air Dome” хөлбөмбөгийн төвд байрлуулж, Англи, Испани, Хятад, Герман хэл заахаас гадна академийн түвшний сургалт явуулж ирээдүйн тамирчдаа бэлтгэнэ” гэлээ. 


Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ, “Эрүүл мэндийн яам нийтийн биеийн тамир, спортыг дэмжин ажилладаг. Эрүүл амьдрах ухааны хамгийн эхний алхам нь энэ юм.


Хүүхэд наснаасаа спорт сонирхож, тэмцээнд оролцож байгаа бүх хүүхдүүдэд баяр хүргэе. Ялах нь биш, оролцох нь чухал шүү” хэмээлээ. МХБХ-ны Техникийн захирал Андрес хэлсэн үгэндээ, “Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын төр засгийн удирдлага, яам тамгын газартай хамтран “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг нээж байгаадаа баяртай байна. Энэхүү тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдээс олон улсад нэрээ дуурсгах баг, тамирчид гарна гэдэгт найдаж байна. Бүгдэд нь амжилт хүсье” гэлээ.


Цаашид Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны санхүүжилтээр хүүхэд, залууст зориулсан дэлхийн жишигт нийцсэн 11 хөлбөмбөгийн талбайг нийслэл болон орон нутагт байгуулах томоохон ажлын эхлэл тавигдаж байгааг нээлтийн үеэр Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар мөн онцлон тэмдэглэлээ.


“Мөрөөдлийн гоол-2025” тэмцээн ийнхүү Монгол Улс орон даяар өнөөдөр албан ёсоор нээлээ. Нэг сарын турш үргэлжилж шилдгийн шилдэг багууд Улаанбаатар хотноо аваргын тоглолтоо 10 сард хийх юм байна.


Ийнхүү 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хот 9 дүүргийн ЕБС-ийн сурагчдаас шалгарсан шилдэг багууд 200 сая төгрөг төгрөгийн шагналыг хүртэх аж.


Түүнчлэн тэмцээний үеэр Монголын Хөлбөмбөгийн Холбооны гадаад, олон улсын дасгалжуулагчид ирээдүйн монголын шигшээ багийн шилдэг тамирчдыг сонгон авч U17 ангилалд олон улсын тэмцээнд оролцуулах баг бүрдүүлэх сонгон шалгаруулалтыг хийх аж. Тэмцээний хаалт 10 дугаар сард Улаанбаатар хотноо болно.