sonin.mn

Сонгино Хайрхан Дүүргийн МоАХ-ы удирдлагууд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг санаачилж, өргөн барихдаа гадаадаас санхүүжилт авсан байж болзошгүй гэж үзэн, АТГ, ТЕГ-т шалгуулахаар хандлаа.


Тэд шаардлагадаа : "УИХ, Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатарын санаачилсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 4 бүлэг, 32 заалт бүхий шинэчилсэн найруулгад ноцтой хэд хэдэн заалт байна. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол улсын газар нутгаас хараат бусаар, бие даан шийдвэр гаргаж, 100 жилээр ашиглах эрхтэй байх. Төрийн болон бусад ямарваа нэгэн хяналтгүйгээр үйл ажиллагаа явуулах, татварын болон бусад төрлийн урамшууллыг монголын баялаг бүтээгчдээс хэд дахин давуу хэлбэрээр хүртэх, гадаад ажилчдын ажлын байрны татвараас бүрэн чөлөөлөгдөх хэлбэрээр Монгол хүнийг ажлын байрнаас нь шахан гаргах, газар, байгалийн баялаг ашиглах хүсэлт гаргаж, түүнийгээ хуулиар хамгаалуулан заавал шийдвэрлүүлэх гэх мэт онц ноцтой заалтуудыг оруулсан байна.


Энэхүү заалтууд нь монголын тусгаар тогтнол, газар нутагт заналхийлсэн, Монгол улсад хөрөнгө оруулалт оруулах бус, харин ч монголын ард түмнийг ажлын байргүй, газар нутаггүй болгох, Монгол төрийн үнэлэмжийг гадныханд үл ойшоох хэмжээнд аваачсан хууль болсон гэдгийг илтгэж байна.



Иймд уг төслийг санаачлан, шинэчлэн найруулсан Ч.Хүрэлбаатарыг гадны захиалгаар, гадны санхүүжилтээр тус хуулийг шинэчлэн найруулж, батлуулахаар идэвхийлэн, хүч гарган ажиллаж байна гэж хардаж байна.



Мөн энэхүү хуулийг өргөн барихад хамтран ажилласан УИХ-ын гишүүдийг лобби бүлэг үүсгэн ажиллаж байна хэмээн хардаж байгаа тул Ч.Хүрэлбаатарыг гадны улс орон, гадны байгууллагаас санхүүжилт авч, захиалгаар тус хуулийн төслийг найруулан ажилласан эсэхийг шалгаж өгөхийг хүсэж энэ албан бичгийг хүргүүлж байна." гэсэн байв.



М.Чой