sonin.mn

Ардчилсан нам энэ долоо хоногт Үндэсний бодлогын хороо болон Их хурлаа хуралдуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир: "Ах нарын дүрэмгүй дүрмээр ахиж тогломооргүй байна. Ардчилсан нам эрийн цээнд хүрээд 35 насалчихлаа. Тиймээс эхлээд дүрмээ шинэчилж улсын дээд шүүхэд бүртгүүлье. Дараа нь даргынхаа асуудлыг ярья.


Өнгөрсөн хугацаанд дүрэмгүй мэт дураараа хэдэн жил явлаа. Үр дүнд нь дараалсан сонгуулиудад бүрэн ялагдлаа. Энийг нь ч МАН хүсэж эхлээд Ардчилсан намыг бужигнуулж, өөрсдийн эв нэгдлээ хангах гэж байна. Ардчилсан намыг бужигнах үед Ардын нам л хожиж манайхнаар тоглодог явдал сүүлийн 10 жил өрнөлөө. МАН-ынхан манайхнаар тоглохдоо их сайн л даа.


Энэ жил өвөлжилтийн хүндрэл, гэрэл дулааны хязгаарлалт, эдийн засгийн бууралт, гурил, будаа хүнсний хомсдол үүсэх зэргээс хамаарч иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч улс төрийн намууд ЗГ-т хариуцлага тооцох асуудлыг хөндөх нь тодорхой болоод байна.


Энэ асуудлыг сарниулахын тулд эхлээд Ардчилсан намын дотоод зөрчлийг төлөөний хүмүүсээрээ дамжуулан өдөөж, дотоод бужигнаан үүсгэж гадагш дуугарах сэхэлгүй болгох нь. Тэрэнд нь манай зарим дарга нар гол дүр бүтээгээд хөл нь газар хүрэхгүй гүйж байна. Туслах дүрүүд нь ч тодорцгоогоод л байж байна.


Эхлээд намын анхан, дунд шатны бүх гишүүдийнхээ санал бодлыг сонсъё. Ардчилсан намынхаа анхан, дунд шат гээд бүх гишүүдийнхээ итгэл үнэмшлийг нь дэмжье, дүрмээ сайтар хэлэлцээд, дараа нь бүтцээ ярья гэтэл бас дахиад л дараалал нь буруу талаасаа эхэллээ. Энэ маргаан ахиад хэдэн жил үргэлжлэх нь…


Хэдхэн хүн халаасандаа төрийн сонгууль, төсвийн мөнгө наймаалцахаа больё. Энэ гинжин холбоог тасалъя" гэсэн байна.

Үнэхээр ч одоо МАН-ынхан АН-ыг л хуваахгүй бол ямар ч сонгуульд иргэдийн дэмжлэгийг авах магадлал маш бага болсон. Иймээс ч УИХ-ын гишүүн Ө.Шижирийн дэвшүүлсэн саналыг сайтар бодолцох нь зөв юм биш үү?


Х.Цэцэнноров