
Налайх дүүргийн нутагт орших Тайж хайрханы бэлд өнөөдөр “Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль” албан ёсоор эхэлж, үндэсний спортын хоёр төрөлд өрсөлдөөн ид өрнөж байна. Үндэсний шагай харвааны өсвөр үеийнхний тэмцээнд долоон багийн 6-16 насны нийт 56 харваач цэц мэргэнээ сорьж байгаа бөгөөд аймгийн гоц мэргэн цолтой хоёр харваач багтжээ.
2000 жилийн түүхтэй тус спортын төрөл нь “Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль”-д дөрөв дэх удаагаа багтсан ба өнгөрсөн жилийн тус тэмцээнд Дорноговь аймгийн “Номт даншиг” багийн харваач Г.Алдар түрүүлж байв.
Сонирхолтой нь энэ тэмцээнд төрсөн ах дүү харваач болох Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат А.Ухаанзаяа (11 настай), А.Ариунбуян (8 настай) нар ба дүү А.Ариунбуян нь өнөө жилийн Улсын баяр наадмын өсвөр үеийнхний ангилалд түрүүлж, ах А.Ухаанзаяа нь УАШТ-д гуравдугаар байр эзэлжээ. Тэдний ээж шатрын спортын мастер цолтой бол аав Ж.Алтангэрэл нь үндэсний сур, шагайн харваагаар хичээллэдэг юм.
Сэтгэгдэл0