sonin.mn

Монгол Ардын хувьсгалт цэргүүд 1945 онд эх орны дархан хилээ хамгаалахын зэрэгцээ Зүүн хойд Хятад, Өвөр Монголын нутаг дэвсгэрийг чөлөөлж, улмаар Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд хүндэтгэл ёслол, түүх сургамж, судалгаа шинжилгээ, таниулан сурталчлах агуулга бүхий олон чухал үйл явдал өрнөж байна. 



Энэ удаа Монгол Улс, ОХУ, БНХАУ, Япон Улс, ӨМӨЗО, БНСУ-ын эрдэмтэн судлаачид Улаанбаатар хотноо хуран чуулж, “Дэлхийн II дайны төгсгөл: Чөлөөлөх дайны түүхийн судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлаар судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ хэлэлцүүлж, судлаачийн байр сууриа илэрхийлцгээсэн юм.  



Дэлхийн II дайны баруун фронт холбоотон гүрнүүдийн ялалтаар дуусаж, Алс Дорнодод дайныг үргэлжлүүлж байсан Японы эсрэг Зөвлөлт Холбоот Улс, Америкийн Нэгдсэн Улс, Их Британи зэрэг хүчирхэг гүрнүүдийн Ялтын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улстай хамтран Ази тивд энх тайвныг тогтоохоор “Манжуурын стратегийн давших операц” буюу Чөлөөлөх дайныг эхлүүлсэн түүхтэй. Энэхүү ялалтын үр дүнд Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхийн тавцанд баталгаажуулж чадсан бөгөөд улмаар 1961 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүн орноор элсэхэд түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон билээ.  





Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор Ш.Паламдорж, академич Ц.Батбаяр, профессор чөлөөнд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг нарын тэргүүтэй Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Хил судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Дэлхийн II дайны төгсгөл Алс дорнодод хэрхэн өрнөсөн, Чөлөөлөх дайнд гүйцэтгэсэн МАХЦ-ийн байлдааны үүрэг, туулсан бэрхшээл, сургамж, Монгол Зөвлөлтийн цэргийн баатарлаг үйлс, дайны үеийн тагнуулын үйл ажиллагаа, нисэх хүчний гүйцэтгэсэн үүрэг, Манжуур дахь Японы цэргийн бэхлэгдсэн районыг чөлөөлсөн үйл явц, Сулинхээрийн отрядын явуулсан тусгай ажиллагаа зэрэг судалгааны олон чухал сэдвийг хөндсөн илтгэлээ хэлэлцүүлсэн бол бусад орноос хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид тус тусын онцлог бүхий судалгааны ажлын үр дүнгээ тайлагнасан юм. 


Тухайлбал, оросын эрдэмтэн доктор, дэд профессор А.Е.Шагов ЗХУ-ын маршал А.М.Василевскийн цэргийн урлагийн онцлог, Зөвлөлт Монголын цэргүүдийн Манжуурын стратегийн давшилтын талаар хөндсөн бол солонгос судлаач доктор Ким Хёон Ёонг Дэлхийн II дайны төгсгөлд тусгаар тогтнолынхоо төлөө Солонгосын түр Засгийн газраас Японы эсрэг явуулсан цэргийн үйл ажиллагаа, доктор профессор Б.Хүсэл Монголын Арми Японы эсрэг дайнд орсон тухай япончуудын төсөөлөл зэрэг сэдвүүдийг хөндөн судалснаа илтгэж хэлэлцүүлсэн нь сонирхолтой байлаа.


Мөн “Мөнхөд дурсагдах баатрууд” төрийн бус байгууллагын тэргүүн, доктор, дэд профессор бэлтгэл хурандаа Ж.Өвгөнбүргэд “Баатруудгүй бол Баяр үгүй” илтгэлээрээ дайнд оролцсон ахмад дайчдын алдар гавьяа, түүхэн үүрэг, замналын талаар хөндсөн юм. 






Чөлөөлөх дайнд оролцсон Монголын цэрэг дайчид Зөвлөлтийн Улаан армийн дайчидтай мөр зэрэгцэн аагим халуунд Их говь Хянганыг туулж, исгэрэх суман дунд эр зориг, тэсвэр хатуужил, эх орноо гэсэн чин сэтгэлээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ. Энэхүү түүхэн гавьяа, ялалтын үнэ цэн, дайны бодит нөхцөл байдал, туршлага сургамжийг марталгүй, хойч үедээ таниулан мэдрүүлэхэд улс орнуудын эрдэмтэн судлаачдын илтгэл, ном бүтээл, архивын баримт, гэрэл зургууд чухал байр суурь, үр нөлөөтэй. Ялангуяа Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчид, тэдний гүйцэтгэсэн түүхэн гавьяа Монгол Улсын ирээдүй, хойч үе болсон хүүхэд, залууст мөнхөд дурсагдаж, тэдэнд цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна. 


Тиймээс түүхэн ойн хүрээнд зохион байгуулсан энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Монголын цэргийн түүхийг шинэ өнцгөөс тодруулж, хүүхэд, залууст цэрэг-эх оронч хүмүүжлийг бэхжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй санал шийдэл, сургамж зөвлөмж өрнөсөн, чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. 

   




Д.Гүнжилмаа

Гэрэл зургийг: Ахлагч Ц.Буянравжих