
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 13 /CNBC/. Америкийн “Perplexity AI” хиймэл оюун ухааны гарааны компани “Google”-ийн “Chrome” хөтөчийг 34.5 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьсан тухай CNBC телевиз мягмар гарагт мэдээлжээ.
Энэхүү үнийн дүн нь “Perplexity” компанийн одоогийн үнэлгээнээс ч өндөр байгаа боловч хэд хэдэн хөрөнгө оруулагч уг тохиролцоог дэмжихийг зөвшөөрсөн гэж тус компани мэдэгдсэн байна. Долоодугаар сард “Perplexity” компани 18 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байв.
“Google” компани энэ талаар тодруулга авах гэсэн CNBC-гийн хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна. “The Wall Street Journal” сонин дээрх саналын талаар хамгийн түрүүнд мэдээлжээ. “Perplexity” нь хиймэл оюун ухаан бүхий хайлтын системээрээ алдартай бөгөөд энэ нь хэрэглэгчдийн асуултад энгийн хариулт өгч, вэб дээрх эх сурвалжийг харах боломжийг олгодог. Өнгөрсөн сард тус компани өөрсдийн бүтээсэн хиймэл оюун ухаан бүхий “Comet” гэдэг нэртэй хөтчөө гаргажээ.
Энэхүү гарааны компани нь хиймэл хиймэл оюун ухааны салбарт давамгайлахын төлөөх “тулаанд” оролцож байгаа бөгөөд өрсөлдөгчид болох “Meta”, “OpenAI” зэрэг компаниуд шилдэг инженерүүдэд их хэмжээний цалин урамшуулал санал болгож байгаа юм. Томоохон технологийн компаниуд том хэлний загвар бүтээхийн тулд хиймэл оюун ухааны дэд бүтцэд жилд хэдэн арван тэрбум доллар зарцуулж, асар их ажлыг гүйцэтгэж байгаа бол гарааны компаниуд өрсөлдөхөд шаардлагатай техник хангамж, боловсон хүчний зардлыг төлөхийн тулд хөрөнгө оруулагчид, хеж сан, технологийн аварга компаниудаас олон тэрбум долларыг босгож байна. Энэ оны эхээр “Meta” компани “Perplexity”-г худалдан авах боломжийг хэлэлцэхээр хандсан боловч компаниуд тохиролцоонд хүрээгүй ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0