sonin.mn

БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм огцом нэмэгдэж, олон хотод өдөртөө +35 хэмээс давж халжээ. 

Португалтай хил залгаа Испанийн Эль-Гранадо хотод +46 хэм хүрч халсан нь зургаадугаар сард бүртгэгдсэн хамгийн өндөр температур байв.  

Харин Их Британийн нийслэл Лондон хотод даваа гарагт он гарснаас хойш хамгийн халуун буюу +35 хэм хүрэх төлөвтэй байна. Энэ өдөр талбайн теннисний Уимблдоны тэмцээн эхлэх юм. Уимблдоны эхний өдөр хамгийн халуун байх төлөвтэй байна. Мөн тус тэмцээний түүхэн дэх хамгийн халуун өдөр болох магадлалтай. 




Германд мөн +30 хэмээс давж халжээ. 2025 оны хоёрдугаар сараас тавдугаар сард 1881 оноос хойших ажиглалтын түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүнд ган гачиг нүүрлэсэн тухай Германы Цаг уурын алба мэдээлж байв. Энэ үед Рейн мөрний усны түвшин сүүлийн 100 жилийн хамгийн доод хэмжээнд хүртлээ татарсан байна.




Зургаадугаар сарын эхээр Германд бороо орсон боловч одоо хэт халж байгаагийн улмаас ган гачиг дахин нүүрлэж болзошгүй байна. "Сүүлийн хэдэн өдөр бараг бороо ороогүй. Цаашид ч хуурай, маш халуун хэвээр байх төлөвтэй. Иймээс дахин ган ганчиг болж магадгүй. Энэ зун маш халуун, хуурай байх төлөвтэй байна" гэж цаг уурч Доминик Юнг “Bild” сонинд ярьжээ. Тус сонинд мэдээлснээр, Германы зарим бүс нутагт өдрийн цагаар усалгаа хийхийг хориглосон байна.

Баруун Европт, тэр дундаа Германд долоодугаар сарын 2-ныг хүртэл хэт халалт үргэлжлэх төлөвтэй байна. Үүний дараа халуун агаарын урсгал зүүн тийш шилжинэ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр долоодугаар сарын 3-наас Германд бороо орох төлөвтэй байна.



Францын өмнөд нутагт орших Лангедок хэмээх түүхэн бүс нутагт ням гарагт ойн түймэр дэгдсэн тул Тулуз, Нарбонн хотуудыг холбосон авто замыг хаажээ.

Хэт халж байгаатай холбоотойгоор Францын засгийн газар ням гаргийн орой яаралтай хуралджээ. Тус улсын зарим бүс нутагт сургуулиудыг хааж байна. Парист ойрын өдрүүдэд 35 хэмээс дээш халах төлөвтэй байна.




Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг