
"АНУ-ын талаарх дэлхий нийтийн үзэл бодол сөрөг болж, Хятад улсад хандах сайн хандлага нэмэгдэв”. АНУ-ын "Morning Consult" санал асуулгын агентлагаас саяхан нийтэлсэн судалгаагаар, 5-р сарын сүүлчийн байдлаар АНУ-ын дэлхий дахин дахь цэвэр таатай байдал -1.5 хүртэл буурч, харин Хятад улсын тус үнэлгээ 8.8 болж өссөн байна. Хэдийгээр энэ нь ганц байгууллагын санал асуулгын үр дүн боловч, АНУ-ын эдийн засаг, цэргийн хамгийн чухал түншүүд болох 40 гаруй улс орон, бүс нутгийг хамарсан судалгаа учраас нэлээд үнэмшилтэй, сэрэмжлүүлэх ач холбогдолтой юм. Тус агентлагийн албан тушаалтны хэлснээр, энэ нь “АНУ-ын зөөлөн хүчинд цохилт болсон”. Энэ нь мөн нэгэн чиг хандлагыг баталж байна, тухайлбал, дэлхий дахины зүгээс АНУ-д хандах сөрөг хандлага нэмэгдсээр байгаа бөгөөд Хятад улсыг улам өөдрөгөөр харж байна” гэжээ.
Энэ он гарснаас хойш АНУ гаалийн татвараа урвуулан ашиглаж, олон сөрөг нөлөө үзүүлж, дэлхийн эдийн засагт нөлөөлж, үр дагаврыг нь өөрөө хүртэж байна. 4-ний өдөр, АНУ-ын засгийн газар импортын ган, хөнгөн цагаанд ногдуулах гаалийн татвараа 25% байсныг 50% болгон нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн нь дэлхий дахины хүчтэй шүүмжлэлд өртөв. Их Британийн “Financial Times” тоймдоо, энэ бол “АНУ-ын дэлхийн худалдааны дайны шинэ үе шат” гэж тайлбарлав. Энэ нь холбогдох бүтээгдэхүүний үнийг бүхэлд нь өсгөж, салбар болон хэрэглэгчдэд давхар цохилт болж магадгүй гэж Ройтерс агентлаг үзэж байна. Канад, Европын холбоо зэрэг АНУ-ын худалдааны томоохон түншүүд ч эсрэг арга хэмжээ авахаа анхааруулжээ.
Ийм үзэгдлүүдийг дэлхий нийт мэддэг. АНУ-ын удирдагчийн анхны бүрэн эрхийн хугацаанд АНУ импортын ганд 25 хувийн гаалийн татвар, хөнгөн цагаанд 10 хувийн гаалийн татвар ногдуулсан. Энэ оны 2-р сард АНУ-ын засгийн газар АНУ-д импортолж буй бүх ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулахаа зарласан. Одоо АНУ ган, хөнгөн цагааны гаалийн татвараа дахин өсгөлөө. Үүний цаад санаа нь юу вэ?
Хятадын Ардын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн профессор Ван Шяосүн “Олон улсын тойм”-д хэлэхдээ, АНУ гаалийн татварын дээрэлхэх үйлдлээ эрчимжүүлж байгаа нь гурван зорилготой. Нэгд, энэ нь АНУ-ын өөрийн аж үйлдвэрийг сэргээх зорилготой. Хоёрт, гаалийн татварыг худалдааны түншүүдээ харлуулах зэвсэг болгож, нөгөө талдаа өөрийн хэлэлцээ хийх нөхцөлөө зөвшөөрүүлэхийг шахаж байна. Гуравт, АНУ-ын дунд хугацааны сонгууль эхлэх гэж байгаа бөгөөд энэ үед ган, хөнгөн цагаанд гаалийн нэмэлт татвар ногдуулах тухай зарласан нь Америкийн зарим улс төрчдөд дотоодын ган, хөнгөн цагаан үйлдвэрлэгчид болон хөдөлмөр их шаарддаг бизнес эрхлэгчдийн саналыг авах арга хэрэгсэл болж байна гэв.
Гаалйин татварт ялагч байхгүй. Бодит байдлаас харахад, АНУ-ын энэ удаагийн гаалийн татварын өсөлт нь голдуу түүний гол холбоотнуудад нөлөөлөх юм. Эдүгээ АНУ-ын хэрэглэж байгаа гангийн 1/4, хөнгөн цагааны талыг нь импортоор авч байна. Америкийн төмөр ба гангийн хүрээлэнгийн статистик мэдээллээр, АНУ-д ган импортлох гол эх үүсвэр нь Канад, Бразил, Мексик, БНСУ, Вьетнам юм. Үүний зэрэгцээ Канад нь АНУ-д хөнгөн цагаан нийлүүлэгч гол орон юм. АНУ, Их Британи хоёр орон бие биенийхээ гаалийн татварыг бууруулах, чөлөөлөх гэрээнд гарын үсэг зурснаас хойш Их Британиас импортолж буй ган, хөнгөн цагааны татварыг 25%-иар хэвээр үлдээж, бусад орноос импортлоход 50% хүртэл нэмэгдүүлэв. ЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, АНУ-ын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хэлэлцээгээр шийдэлд хүрэх хүчин чармайлтыг сулруулж, "хэрэв ямар нэгэн шийдэлд хүрэхгүй бол ЕХ-ны одоо байгаа болон нэмэлт арга хэмжээнүүд 7-р сарын 14-нд автоматаар хүчинтэй болж, хэрэв шаардлагатай бол түүнээс ч өмнө хүчин төгөлдөр болно" гэжээ.
Хятад улсын хувьд одоогийн байдлаар АНУ-д ган, хөнгөн цагаан экспортлох хэмжээ нийт ган, хөнгөн цагааны экспортын 10 орчим хувийг эзэлж байна. Гэвч эдгээр татварын дарамт эцэстээ Америкийн хэрэглэгчдэд дамждагийг өнгөрсөн баримтууд аль эрт нотолсон. Ассошиэйтед Пресс агентлаг сэрэмжлүүлэн тэмдэглэхдээ, засгийн газар ган, хөнгөн цагааны татварыг нэмэгдүүлснээр автомашинаас эхлээд угаалгын газар, байшин зэрэг бүх зүйлийн үнэ огцом өсөж, "зардлыг Америкийн сая сая гэр бүл даах болно" гэжээ.
АНУ гаалийн татварыг урвуулан ашигласан нь өөртөө болон бусдад хор хөнөөл учруулж байгааг баримт нотолж байна. 3-нд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага АНУ-ын энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 1.6% болгож бууруулж, 2026 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 1.5% болгон бууруулжээ. 3-р сард тус байгууллага энэ онд АНУ-ын эдийн засгийн өсөлт 2.2% байна гэж таамаглаж байсан юм.
Одоогийн байдлаар АНУ нэг талаар худалдааны түншүүдэд чиглэсэн гаалийн татварыг байнга нэмэгдүүлж, нөгөө талаар Хятад Америкийн Женевийн эдийн засаг, худалдааны хэлэлцээний нийтлэг ойлголтыг зөрчиж, Хятад улсыг үндэслэлгүй буруутгаж, гүтгэн харлуулж байгаа нь олон улсын худалдаа, дэлхийн эдийн засагт учруулсан хохирлыг улам бүр дордуулж байна. "Америк нэгдүгээрт” үзэл ойлголт зөвхөн үймээн донсолгоо авчрах бөгөөд гаалийн татварын дээрэлхэлд толгой бөхийвөл алхам алхмаар дарамт шахалтанд орж, харин эв нэгдэлтэй өөрийгөө хүчирхэгжүүлж, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрвэл өөрийн ашиг тусаа хамгаалж, хамтын хөгжилд хүрч чадах болно гэдгийг улам олон орон ойлгож байна. Энэ удаагийн санал асуулга нь дэлхийн улс орнуудаас АНУ-д анхааруулж буй анхааруулга юм: Хэрэв тэг нийлбэртэй тоглоомын хуучин скриптэд хэт автвал эцэст нь зөвхөн ганцаардах болно.
Сэтгэгдэл0