sonin.mn

Пара жүдо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Л.Туруунаа болон түүний дасгалжуулагч Б.Нарантуяа нартай ярилцлаа

 

Л.Туруунаа: Өнөөдөр шантарсан ч маргааш би шантрах ёсгүй

 

Пара жүдо бөхийн ДАШТ-ээс анхны медалийг эх орондоо авчирлаа. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

 

Азербайжан улсын нийслэл Баку хотноо болсон ДАШТ-ээс мөнгөн медаль авсандаа маш их баяртай байна. Багш дасгалжуулагч, баг хамт олны маань ач тус их байлаа. Ялах, ялагдахад хамт байдаг баг хамт олон гэдэг их хүчтэй. Баг хамт олны хүч гэдэг бол нэг нь ялагдахад өөрөө ялагдсан юм шиг, ялаад гараад ирэхэд өөрөө ялсан юм шиг байдаг.

 

Жүдо бөхөөр хэдэн жил хичээллэж байна?

 

2012 онд анх жүдогийн дэвжээн дээр гарч байсан.

 

Жүдо бөхийг сонгох болсон шалтгаан юу байв?

 

Анх 2011 онд хөдөөнөөс хотод ирээд сургалтанд сууж байхад ОУХ-ний мастер Хашцэцэг гээд барилддаг эгч бидэнтэй хамт сурч байсан. Тэр эгч маань нөлөөлсөн. Би ч өөрөө барилдах сонирхолтой. Тэгээд жижиг тэмцээнүүдэд оролцоод явдаг байсан. 2012 онд спартакиад болоод, тэндээс мөнгөн медаль авсан. Тэгээд цаашдаа тууштай барилдах болсон.

 

ДАШТ-ий алтан медалийн төлөө барилдаж байхад ямар мэдрэмж төрж байсан бэ?

 

Би ялчихна гэсэн бодолтой л барилдаж байсан. Дэлхийд тэргүүлж явсан бөхийг ялчихсан юм чинь энэ бөхийг ялна л гэж бодож байсан. Би жаахан хүлээгээд, цагаа дуустал хамгаалж барилдсан бол ялах байсан. Гарч ирээд үүнийг л бодсон доо.

 

Таны зоргилго?

 

Он гараад тэмцээн уралдаандаа амжилттай оролцоод, олимпын эрх авах зорилготой байна.

 

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа: Хараагүй тамирчин дасгалжуулах хэцүү ч ажилдаа би дуртай

 

Тамирчинтайгаа бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангаж байв?

 

Хамгийн анх 2014 оноос эхлээд тэмцээн, уралдаанд явж эхэлсэн. Тэр цагаас хойш багш, шавийн барилдлагатай багагүй цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн байна.

Азийн наадмаар бид хоёр тэмцээн, уралдаанаа эхлүүлж байлаа. Тэр тэмцээнээсээ манай эмэгтэй баг тамирчид пара жүдо бөхийн багийн анхны алтан медалийг эх орондоо авч ирж байлаа.

 

Л.Туруунаагийн онцлог юу вэ?

 

Л.Туруунаагийн хувьд маш их бяртай. Би бол гарыг нь дийлдэггүй. Бэлтгэл дээр бид хоёр ана мана “үзэлцээл” явчихна. Сая Бакуд л гэхэд намайг аймаар унагаасан. Тэгээл “За болж байна. Яг л наадхаараа явна шүү” гээл тэмцээндээ орсон. Зорисондоо тууштай, хөдөлмөрч. Хамгийн гол нь маш их бяртай. Тэр нь л аймаар (инээв). Тэр нь манай хүний гол давуу тал.

 

Хараагүй тамирчны дасгалжуулагч байна гэдэг мэдээж амаргүй байх?

 

Шантрах үе байлгүй л яахав. Гэхдээ би ажилдаа дуртай. Ерөнхийдөө бүх зүйлд нь хөтөлж авч явна даа. Сая би таван хараагүй, дөрвөн сул хардаг тамирчинтай явсан. Туслах дасгалжуулагчгүй, ганцаараа явсан болохоор хүндрэлүүд байсан. Тамирчид маань дэвжээн дээр зэрэг гарах тохиолдол байсан. Л.Туруунаа яг тэгж гарсан. Би Баттөгсийгөө аваад гарчихсан байсан чинь Л.Туруунааг нөгөө дэвжээн дээр дуудсан. Л.Туруунаа “багшаа” гээл дуудаал...

 

Л.Туруунаа: Миний нулимс гараад, багшаа гээд дуудсан (инээв)

 

Дасгалжуулагч Б.Нарантуяа:За чи очоод байж бай, би араас чинь удахгүй очно гэсэн. Тэгээд араас нь гүйгээд очсон чинь иппон гээд үнэлгээ алдчихсан байсан. Тэгээд гайхаад, юу болж байнаа гэсэн чинь тэрийг нь цуцлаад базари болгосон. Тэгээд анхныхаа ялалтыг аваад цаашдын зам нь дардан болоод эхэлсэн.

 

Л.Туруунаа өөртэйгээ адилхан олон хүмүүст урам зориг өгсөн болов уу гэж бодож байна.

 

Тэгэлгүй яахав. Хүүхдүүдэд үлгэр дуурайлал болж байна гэсэн үг. Манайд хөгжлийн бэрхшээлтэй зөндөө олон хүүхдүүд байгаа шүү дээ. 116-р сургууль дээр хичээллэж байгаа харааны бэрхшээлтэй аягүй олон хүүхдүүд байдаг. Тэдгээр хүүхдүүд ч гэсэн дуулж байгаа байх. Би ч гэсэн яагаад хичээллэж болохгүй гэж гээд нууцхан мөрөөдөж л байгаа байх.

 

Та бас тэдгээр хүүхдүүдэд хандаж урам, зоригийн үг хэлэхгүй юу?

 

Л.Туруунаа:Зориод зүтгэвэл болдог юм байна. Бидний нэг, надтай адилхан хүмүүс зориод үзээч ээ. Зүтгээд үзээч ээ гэж хэлмээр байна.

 

Дасгалжуулагч Б.Нарантуяа:Хамгийн эхнийхээ алхамыг л хий гэж бас хэлье. Нэг зориглоод алхаад ороод ирвэл болохгүй, чадахгүй юм гэж үгүй.

 

Анх зориглоод жүдод орж байхад бишгүйдээл бэрхшээл тулгарч байсан байх. Тэр бүгдийг хэрхэн даван туулж байснаа яривал?

 

Л.Туруунаа: Шантрах үе зөндөө байсан ч өөрөө дуртай болохоор зүтгэсэн. Өнөөдөр шантарсан ч маргааш би шантрах ёсгүй гэдэг байсан. Би 2015 онд гүйлтийн зам дээр гүйж яваад толгойгоо хагалж байсан. Тэгэхэд манай дүү “Ингэж байх ямар шаардлагатай юм. Болиоч” гэхэд нь би “Үгүй ээ. Энэ бүгдийн хариуг би авах ёстой” гэж хэлж байсан.

 

Ярилцсан Ч.Явуухүү