sonin.mn

Энэ дугаарынхаа зочноор Увс аймгийн Улаангом сумын харьяат, БХИС, "Монгол керамик" компаний бөх улсын харцага Ө.Бат-Оршихыг урилаа.  Сайхан барилдахын зэрэгцээ биеэ зөв авч явдаг, нуруутай, боловсролтой, энэ цагийн шилдэг харцагуудын нэг түүний яриаг таалан болгооно уу?



-Бэлтгэл сайн уу, бэлтгэлээ хаагуур хийж байна?

-Манай Увс нуур дэвжээнийхэн бэлтгэлээ Эрчим клубын зааланд хийж байгаа. Одоо ингэсгээд бэлтгэлдээ явах гээд л байж байна даа.



-Бэлтгэл бол ерөнхийдөө жигдэрчихсэн байгаа байх?

-Жигдэрсэн, жигдэрсэн. Манайх 10 cap нэлээд гарч байгаад цугларч бэлтгэлээ хийж эхэлсэн. Цол авсан бөхчүүдийн найр наадам гээд жаал байзнаж байгаад эхэлсэн, одоо бол жигдэрчихсэн л явж байгаа.



-Хувийн бэлтгэл бол бараг наадмын дараа л эхэлчихсэн үү?

-Наадмын дараа cap орчим амраад л бэлтгэлээ эхэлсэн дээ.



-Хөдөө гадаа, нутаг орон руугаа явсан уу?

-Энэ жил нутаг руугаа тухтай явж чадсангүй. Шинэ арслангийнхаа наадмаар очиж 2-3 хоноод л ирсэн.



-Намар, өвлийн барилдаануудад алдаг оног л барилдаад байв уу даа?

-Харин тийм ээ. Энэ жил их хүйтэн жил болоод ч тэрүү ханиад томуу их байна. Үе үе ханиад хүрчихээд заримдаа бэлтгэл хийж чадахгүй, барилдаанд тогтмол оролцож амжсангүй. Ойрноос овоо гайгүй болж байна.



-Сая хоёрын даваанд Пүрэвгарьдад уначихаар чинь бэлтгэл нь болохгүй байгаа юм болов уу. Уг нь дор даваанд барагтай бол унадаггүй сэн... гэж бодож суулаа?

-Оны өмнө ханиад хүрээд нэг хэсэг бэлтгэл хийж чадаагүй. 11 сарын дундаас шинэ жил хүртэл бараг бэлтгэл хийгдсэнгүй л дээ. Ханиад томуу бүрэн эдгээгүй байхад бэлтгэл хийгээд хөлс гаргачихаар даарч хөрөөд эргэж буцаад эдгэрч өгдөггүй юм байна. Бэлтгэл дутуу барилдахаар барилдаан гарахгүй юм. Одоо чинь хэн бэлтгэл сайтай нь давдаг болсон цаг. Тэр залуу бэлтгэл сайтай байх шиг байна лээ. Бэлтгэл сайн байгаа үедээ бол гайгүй л барилдахыг боддог. Одоо цагаан сараас эхлээд тогтмол барилдана аа. Цагаан сарынхаа барилдааны бэлтгэлд орчихсон байгаа.



-Танай дэвжээнийхэн цагаан сарын бэлтгэлд хөдөө гарах уу?

-Одоо хэд хоног нэлээд сайн бэлтгэж байгаад цагаан сарын өмнө хэд хоног сэргэлтэнд гарах байх аа.



-Зун наадмын бэлтгэлээ хаана базаалаа?

-Манайхан жил болгон гардаг Харзтайдаа л 6 сарын 10-наас cap гарцгаасан.



-Та бэлтгэлээ санасандаа хүртэл бүрэн хангаж чадсан уу?

-Эхэндээ нэлээд эрчтэй сайн хийж байсан. Харин сүүл рүүгээ жаахан суларсан тал бий. Хөлийн булчин үе үе зангираад болж өгдөггүй. Тэгээд жаахан амралтын байдалтай байж байгаад л барилдсан даа.



-Наадмын даваануудынхаа тухай?

-Нэг дээр сумын заантай барилдсан. Хоёр дээр Лхагвадорж начны ах аймгийн начин Баасандоржтой таарсан. Гурав дээр Дорнодын аймгийн арслан Батхуягийг амалж барилдаад дөрвийн оноолтод Ч.Баянмөнх начинг давсан. Тэгээд тавд Содномдоржтой тунаад, зургаад Гончигдамбыг амлаж даван цолоо батлаад долоод Рагчаа заан /гарьд/-тай тунаж барилдаад унасан даа.



-Танд аль барилдаан хамгийн хүнд байв, дөрвийн оноолтоос эхлээд л их чанга учраанууд таарсан?

-Дөрөв гэлтгүй хоёрын оноолт, гурвын амлалт аль аль нь чанга байсан л даа. Ерөнхийдөө энэ жилийн оноолт нэлээд чанга таарсан шүү.



-Гурвын даваанд гэхэд намайг битгий аваарай, үлдээчихээч гэсэн гуйлт хэр сонсогдож байх юм бэ?

-Яахав, таньдаг найз нөхдийн дотор цол авах хэмжээнд сайхан барилддаг, үзэгчдийн итгэл хүлээсэн залуус олон бий л дээ. Тэдний цол авах гээд догдолж тэмүүлж яваа хүсэл зоригийг боож хаах, таслахыг бодоогүй л дээ. Ер нь бөхчүүд хэн нь ч цол авчихаар сайхан барилдаж байгаа залуусыг амлах гээд байдаггүй юм билээ.



-Тавын даваанд Содномдорж та хоёрын тунахад хэн нь давах бол гэж олон хүн догдолсон доо?

-Бид хоёр өмнө нь 2009 онд зургаагийн даваанд бас тунаж байсан. Энэ жил барилдааны үндсэн цаг дуусаад барьц сонгоход шоо миний талд буусан. Тэгээд л давсан даа.



-Ямар мэх төлөвлөж гарсан бэ?

-Туналаа гэж сонсоод тэгж барилдана, ингэж барилдана гэж нэг их төлөвлөсөн зүйл байгаагүй. Үе тэнгийн харцагатай бодож санах зүйлгүй сайхан барилдчихъя л гэж гарсан.



-Дараагийн даваанд гурван бөхөөс Гончигдамбыг авсан билүү?

-Зургаагийн даваанд ам авах боломж гарч ирсэн л дээ. Тэгээд нэр сонсоход Э.Энхбат, Б.Гончигдамба, П.Бүрэнтөгс гурав үлдсэн байсан.



-Чөлөөт, жүдогоор барилддаг хатуухан амууд үлдсэн байсан. Барилдаан таарах эсвэл барилдааныг мэдэх гээд олон талаас нь бодож амласан байх даа?

-Би өөрөө чөлөөт, жүдогийн тэмцээн уралдаанд орж, дагнаж хичээллэж байгаагүй л дээ. Гэхдээ Гончигдамбатай залуу бөх байхдаа бэлтгэл сургууль хамт хийдэг байсан, олон удаа таарч барилдсан, ерөнхийдөө барилдааныг нь гайгүй мэднэ.

 

Тийм болохоор амалсан. Элэг бүс сэнжигнээс барилдаад дараа нь дан золгооны барилдаанд шилжсэн. Зүүн дан золгооноос би шахаж татаад дутуудаад тэгтэл Гончигдамба харцагадаж барьж авдагаараа харцагадсан л даа. Тэгээд мордохоор нь би дагуулж хөмрөөд давсан. Гончигдамба начин илүү барьцанд хүрээд жаахан яарч алдаа гаргасан тал бий байх.



-Заан цолны төлөөх барилдааны талаар...?

-Долоогийн даваанд уг нь нэлээд бодож гарсан л даа. Тэгсэн боловч барилдааны явцад яарч алдаа гаргасан. Гарьд ч миний хийг алдалгүй хурдан хөдөлсөн.



-Олон жил барилдсан хашир хүн жаахан хийг андахгүй хөдөлсөн шүү?

-Харин тийм. Туршлага хамаагүй илүү байлгүй яахав, надаас.



-Та яг ямар мэх хийх гээд гарьдад "олзлуулчихсан" юм бэ?

-Сэнжигний барьц алдчихсан. Тэгээд тэндээс нь хагалж этэх гэж яарч байгаад хонгодуулчихсан.



-Их харамсалтай байсан уу?

-Тухайн үедээ уначихаад итгээгүй л дээ. Гэхдээ намайг давсан бөх маань цаашаа сайхан барилдаж төрийн наадмын түрүү булаалдаж улсын гарьд цол авсан болохоор сэтгэл өег байсан л даа. Хэрвээ цааш сайн барилдалгүй дараагийн даваанд уначихвал надад харамсалтай санагдах байсан байх.



-Үзэгчид таныг заанаар тогтохгүй гэж ярьдаг. Та өөрөө тэр цолыг авна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?

-Мэдээж барилдаж байгаа хүн болгон цолоо ахиулахыг хүсдэг, хичээдэг. Дэмжиж байгаа хүмүүс нь ч гэсэн цолоо ахиулаасай, тийм цолонд хүрээрэй гээд ерөөж, хүсч суудаг байх. Би ч бөхчүүдийнхээ нэгэн адил цолоо ахиулахын төлөө хичээж барилддаг. Олон хүн надад заан болоорой гэж ерөөлийн сайхан үг хэлж байсан. Тэр олны итгэлийг дааж тэр сайхан цолыг авчих юмсан гэж бодон барилдаж байна даа.



-Энэ дашрамд асуухад ноднин жил таныг тавын даваанд унасны дараа хүмүүс янз бүрээр л ярьж байсан. Санжаадамбад өгчихлөө гээд л. Үнэхээр тийм юм болсон юм уу?

-Түүхт ойн жил гээд 1024 бөх барилдсан. Олон хүнд цол авах, цол ахих шаанс гардаг шүү дээ. Би ч гэсэн амжилттай барилдахын төлөө л барилдсан. Даанч чадаагүй. Санжаадамба бид нэг үеийнх. Тэр улсын ямар ч цолонд  хүрэхээр сайхан барилддаг залуу Тавын даваанд сайхан ам авч барилдая л гэж бодсон. Хүмүүс янз бүрээр л бодсон байх. Найзууд маань хүртэл надаас асууж байсан. Гэхдээ намайг давсан бөх цаашаа сайн барилдаж заан цол авсан. Нэгэнт цол авах эрэмбэ нь ирчихсэн хүмүүстэй барилдаад унасан болохоор харамсах юу байхав



-Энэ жил уяачдын наадам дээр танд нэг шагнал гардуулж байсан. Тэр ямар учиртай шагнал юм бэ?

-Аан тэр үү? Спирт бал бурам ХХК-аас "Эрийн хийморь" гэж шагнал гардуулсан. Энэ нь тавын даваанд тунаж барилдсан хоёр бөхийн давсанд олгож байхаар болсон юм билээ. Бас соёолон насны түрүүд өгсөн. Тэр шагналын анхны эзэн нь болсондоо баярлаж бас бэлгэшээж суугаа.



-Хоёр ч даваанд тунаж барилдлаа. Ер нь тунана гэдэг нэг бодлын амар, нэг бодлын их хариуцлагатай байдаг байх, тийм үү?

-Тунаад барилдчих ер нь сайхан л даа. Ам авахаар амлуулсан бөх нь намайг таслах гэлээ ч гэдэг юм уу, заавал намайг авчихпаа ч гэдэг юм уу, жаахан зовлонтой л доо. Тунасан нөхцөлд бол давсан ч унасан ч харгүй сайхан барилдаад л дуусдаг болохоор амар шүү.    



-Тань шиг залуу цолтнуудын хувьд тунасан ч амласан ч үе тэнгийнхээ шилдэгүүдтэй л тулж таарах болжээ?

-Тийм шүү. Одоо бөхийн нэг үе гараад ирчихсэн байна л даа. Аварга, арслан, гарьд, заан, харцага, начин, аймгийн цолтон гээд бүх цолтнууд дотор 80 хэдэн оныхон орж ирсэн байна. Үнэхээр л тунасан ч амласан ч үеийнхэнтэйгээ л барилдаж таарч байна.



-Та барилдаан таардаггүй хамгийн эвгүй бөх гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Барилдаж үзээгүй бөх л эвгүй дээ. Барилдаж байсан хүмүүс бол давсан ч унасан ч энэ ингэж барилддаг, ийм мэх хийдэг гээд гадарладаг болохоор учиртай.



-Өрсөлдөгч ямар мэх хийх гэж байгааг хэр мэдэрдэг болж байна?

-Зодог шуудгаа өмсөөд барилдааны бэлтгэл тогтмол хийж байгаа тохиолдолд мэдрэмж нэлээд сууна шүү. Бэлтгэл дутуу үед бол мэдрэхгүй амархан унаад байдаг тал бий. Ямар ч бөх бэлтгэл сайн хийсэн тохиолдолд мэхнээс мэхэнд шилжих, ямар мэх хийх гэж байгааг мэдрэх мэдрэмж нэмэгддэг л дээ.



-Та тахимдах мэхийг даацтай хийх юм аа?

-Эв нь таарвал тахимдчихаад л байдаг юм. Бүр дадамгай сурчихсан гэх нь хаашаа юм, эгзэг нь таарвал хийчихдэг л мэхний нэг. Тэрнээс биш заавал тахимдаж хаяна гээд дайраад байвал утгагүй.



-Таны биеийн онцлогт илүү тохирдог байж болох юм. Жишээлбэл та гар урттай...?

-Тийм ээ. Гар урттай болохоор тахимдахад илүү дөхөм байдаг байж магад.



-Огт сурдаггүй мэх гэж байна уу?

-За даа, хүн өөрөө хичээгээд давтаад байх юм бол ямар ч мэхийг сурч болно гэж боддог шүү.



-Таны өндөр жин хэд байгаа вэ?

-Өндөр 182 см, жин 118 орчим л байна даа.



-Таныг залуу бөх байхаас чинь сайн мэдэх хүмүүс бие хаа нь задраад их сайхан болж байна гээд л ярьцгаадаг юм. Энэ бас нэлээд их хүч хөдөлмөрийн үр дүн байх даа?

-Би аймгийн арслан болохдоо 85 кг жинтэй байсан. Дараа жил нь 93 кг болоод жилээс жилд бага сага нэмэгдээд харцага болдог жилээ 113 орчим болсон байсан. Мэдээж бэлтгэл тогтмол хийж байсан болохоор бие задрах, жин масс нэмэгдэх гээд өөрчлөлтүүд гарч ирсэн. Одоо нэг их хөгширчихсөн хүн шиг "залуу байхад..." гэж яриад яахав /инээв/. Гэхдээ л аймгийн арслан байхад одоогоос 7 насаар залуу байж. Энэ хугацаанд хүний бие хаанд өөрчлөлт оролгүй яахав. Ямар ч байсан багагүй хүч хөдөлмөр, бэлтгэл хийсний үр дүнд бие бялдарын хөгжил нэмэгдсэн шүү.



-Хүчний бэлтгэл хэр хийж байна?

-Өмнө нэг их айхтар хүчний бэлтгэл хийж яваагүй. Сүүлийн үед харин тодорхой хэмжээгээр хийдэг болсон.



-Үндэсний бөхийн бэлтгэл, хүчний бэлтгэл хоёрын аль нь давамгайлж байна вэ?

-Ер нь тэнцүүхэн л хийхийг хичээж байгаа. Өдөрт чадвал хоёр бэлтгэл хийнэ, амжихгүй бол нэг хийнэ. Одоо наадам дөхөхөөр хүчний бэлтгэлээ багасгаж барилдааны бэлтгэлээ зонхилно доо.



-Одоо БХИС-даа харъяалагдаж байгаа юу?

-Харъяалагдаж байгаа. Би 2003 онд БХИС-д оюутан болоод 2007 онд төгссөн. Тэрнээс хойш төрөлх сургуультайгаа холбоотой өдий хүрч байна даа.



-Амжилтанд хүрэхэд хувь хүний зан чанар их нөлөөлдөг гэдэг. Та нэлээд хөдөлмөрч бөх болов уу гэж анзаарагддаг юм билээ?

-Ямар ч хүн өөрийн хүссэн зорьсон зүйлийнхээ төлөө хөлс хөдөлмөрөө бүрэн зориулдаг шүү дээ. Бөхчүүд дотор надаас илүү хөдөлмөрлөдөг, хичээдэг бөх олон бий. Зүгээр сайхан хэвтээд байвал бяр ороод, л бие хаа задраад амжилт гаргаад байхгүй нь ойлгомжтой, тийм ээ? Тэгэхээр хэн их хөлс хүч зарж хөдөлмөрлөж байна, тэр хүнийг бөхийн дэвжээ хардаг, ивээдэг гэж боддог юм.



-Бэлтгэлээ бол ерөнхийд нь хянаад байна биз. Өнөөдөр ч сайн бэлтгэл хийчихлээ дээ, эсвэл арай дутуу хийчихлээ гэх зэргээр...?

-Аймгийн цолтой байхад бэлтгэлээ тохируулж мэдэхгүй байнга л их хэмжээгээр тултал хийж байвал сайн гэж боддог байсан. Одоо тэр үеийг бодвол арай өөр. Гэхдээ бүрэн тохируулдаг болсон гэж хэлж болохгүй. Багш нараасаа асууна, зөвлөнө. Ер нь бэлтгэлээ тохируулж сурах гээд л будлиад явж байна даа /инээв/.



-Хааяа өөртөө чөлөө өгөөд ч юм уу, бэлтгэлээ цалгардуулах үе гарах уу?

-Тийм байдал аль болох гаргахгүй байхыг л боддог юм. Яалт ч үгүй ажил гараад бэлтгэлээ хойш тавих үе хааяа гарна. Ар гэрийн амьдрал зохицуулах, бие өвдөх, ханиад томуу хүрэх гээд гарцаагүй үе байдаг шүү дээ. Тэрнээс биш хүндэтгэх шалтгаан гараагүй тохиолдолд аль болох бэлтгэлээ таслахгүй байхыг л боддог доо.



-Та алдаа оноог тань шүүгээд хэлээд өгөх гарын багштай юу?

-Намайг 10 жилд байхад манай биеийн тамирын багш Бат-Очир гэж хүн байсан. Миний бөхийн анхны багш. Хотод орж ирээд БХИС-д ороход аймгийн арслан Дашпүрэв, улсын начин Ж.Чулуун багш нар маань тосч авсан. Бас нэг үе Алдар спорт хороон дээр Ч.Өвгөнхүү харцагын удирдлага дор бэлтгэл хийж байлаа. Одоо бол Увс нуур галынхаа том цолтнуудаас суралцаад явж байна. Гантогтох гарьд, Бумбаяр заан гээд бүгд л мэдэх чадах зүйлээ залуучууд бидэнд хэлж ярьж өгдөг. Би харцага болох жилээ Гантогтох гарьдтай бүтэн жил тулж бэлтгэл хийсэн. Зөвхөн намайг биш Мөнхбат аварга, Батсуурь начин биднийг хамтад нь бэлтгэл сургууль хийлгэж байсан. Тэр жил би харцага болоод Мөнхбат цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан, наадмаар начин болсон. Батсуурь аймгийн заанаас аймгийн арслан болж байлаа. Ингэж бэлтгэлийг минь чамбай сайн хийлгэсний үр дүнд гурвуулаа цол ахиж байсан. Тэгэхээр би их олон багштай хүн шүү.



-Гэр бүлээ танилцуулах уу?

-Манай гэр бүлийн хүнийг О.Чинцэцэг гэдэг. Бид нэг нутгийнх. Манайх нэг охинтой.



-Ар гэрийн амьдрал ахуйгаа зохицуулах зав зай хэр гарах юм бэ?

-Яг бэлтгэл жигдэрчихсэн үед ар гэртээ цаг зав гаргах нь ховор болчихдог юм аа. Өглөө бэлтгэл хийчихээд нэг л ядарсан хүн орж ирээд хоёр гурван цаг амраад дахиад л бэлтгэлдээ явна. Орой бэлтгэл тараад ирэх гэсээр байтап 8-9 болчихно. Ажпын цаг дууссан хойно л гэртээ орж ирж байгаа хүн чинь хэзээ нь гадуур ажил төрөл хөөцөлдөж амжих билээ. Тийм үед хань минь л бүгдийг амжуулна шүү дээ. Гэхдээ залуу хүн болохоор ар гэртээ зав зай гаргаад ажил төрөл бэлтгэлээ зохицуулаад л явахыг хичээдэг Ер нь бидний амжилтанд хань ижлийн маань нөлөө их байдаг шүү.



-Эрэгтэй дүү барилдах сонирхогтой гэж өмнөх ярилцлагадаа хэлж байсан санагдана?

-Би дороо гурван эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Эрэгтэй дүү маань надаас 11 дүү. Нутагтаа дунд сургуульд сурч байгаа. Хойтон төгсөөд оюутан болж ирнэ дээ. Одоогоор бөхийн секц дугуйланд хичээллэж байгаа юм байхгүй. Яваандаа барилдах үгүйг хэлж мэдэхгүй юм.



-Нутаг руугаа зун л явах уу?

-Зундаа л нэг очдог юм. Энэ зун очкж чадаагүй. Харин одоо цагаан сарын дараа нэг яваад ирах санаа байна. Аав ээж. очиж эолгоно. Манай эмзэ одоо 83-тай. Би оюутан болсноосоо хойш цагаан сараар эмээдээ очиж золгож чадахгүй яваад байсан. Энэ жил л очиж золгох санаатай байна даа.



-Айлын том хүүхдүүд харьцангуй бие даасан байдалтай өсөх нь бий. Харцага багадаа ямархуу хүүхэд байв?

-Би 1-р ангид ортолоо өвөө эмээ дээрээ өссөн. Намайг сургуульд орохын урьд жил өвөө маань өөд болоод би гэртээ ирсэн дээ. Улаангом хотын 2-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги төгссөн. Биеийн тамир, математикийн хичээлдээ сонирхолтой, зун болохоор Hогооны талбай дээр ажилладаг тийм л хүүхэд байлаа. Цэргийн хүн болох сонирхолтой болохоор арваа төгсөөд БХИС-д орж суралцсан.



-Ийм сайхан улсын цолтой бөх болно гэж өөрийгөө төсөөлж байв уу?

-Төсөөлж байгаагүй юм байна. Гэхдээ багын л бөхөд дуртай, зурагтаар бөх их үздэг. Биднийг жаахан байхад Бат-Эрдэнэ аварга, Мөнх-Эрдэнэ арслан, Балжинням аварга гээд бөхчүүд ид байлаа. Дараа нь зургаан залуу заан гэж гарч ирсэн. Тэдний барилдааныг үзэх их дуртай байсан шүү.



-Ид барилдаж байгаа бөх хүний хувьд бөхийн дүрэм, барилдааны үед засч залруулмаар, хэлж яримаар зүйл байдаг уу?

-Гайгүй дээ. Бөхчүүд маань дүрмээ мэддэг болохоор дүрмийнхээ дагуу дүрмэндээ тааруулаад барилдаад сурчихаж. Тийм болохоор энэ нь, тэр нь болохгүй байна гээд байхаар зүйл байхгүй дээ.



-Дэвжээн дээр засуулынхаа түшгийг хэр мэдэрдэг вэ?

-Янз бүр л байдаг юм. Зарим засуулууд тэгж барилдвал зүгээр, ингэж барилдаарай гээд санаа авмаар хэрэгтэй зүйл хэлдэг. Зарим нь бол дуугүй л малгай бариад зогсож байдаг юм.



-Одоогийн байдлаар хэдэн зодог солиод байна, сүүлийн үед цэнхэр өнгө голчлон өмсөөд байгаа харагдсан. Дуртай өнгө үү?

-Анх барилдсанаас эхлээд 4-5 зодог шуудаг сольсон юм байна. Өнгөний хувьд тэгж л таарчихаад байна, тэрнээс биш цэнхэр өнгөнд дуртай гээд сонгоод байгаа юм байхгүй л дээ /инээв/. Нээрээ бодсон чинь сүүлийн үед цэнхэр өнгийн зодог шуудаг голлож өмсөж байгаа юм байна шүү. Гэхдээ улаан, улаан хүрэн өмсгөл бий, бий. Биед хэвшчихсэн зодог барилдахад ч амар байдаг юм.



-Ойрд сэргээшийн тухай асуудал багагүй яригдаж байна. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Аан, янз бүрийн яриа дуулдаад л байна. Хэнийх нь зөв хэнийх нь буруу гэдгийг цаг хугацаа л харуулах байх даа.



-Сэргээшийн шинжилгээ авахыг зарим нь зөв, зарим нь буруу гэлцдэг. Таны бодлоор...?

-Сэргээшийн шинжилгээ аваад байгаагийн гол учир нь бөхчүүдийн шударга өрсөлдөөн бий болгох, бөхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах гэдэг шүү дээ. Тийм болохоор энэ шинжилгээг авах нь зөв л дөө. Сэргээш хэрэглэсэн бөхөд унаснаар бүтэн жилийн хөдөлмөөр салхинд хийсгэх нь хэнд ч гэсэн харамсалтай. Харин манай олимпийн хорооныхон наадмын бэлтгэл дээр очиж ганц хоёр хуудас бичиг тараагаад сэргээшийн талаар бөхчүүдэд ярьсан, хэлсэн гэдэг.

 

Миний бодлоор наадмын дараагаас дараагийн наадам болтол бүх бөхчүүдийг хамарсан сургалт хийх ч юм уу,  ямар нэг далайцтай үйл ажиллагаа явуулбал зүгээр санагддаг. Тэрнээс биш наадмаас , хэдхэн хоногийн өмнө очиж цаас тарааснаар үр дүн гарахгүй л болов уу. Энэ талаар мэддэг хүмүүст нь бодсон санасан зүйл байдаг л байпгүй дээ.



-Сайхан ярилцсанд баярлалаа. Таныг, заан болоосой гэж дэмждэг хүмүүсийн нэг болохоор энэ дашрамд хувиасаа болон уншигчдынхаа өмнөөс тэр сайхан цолны эзэн болохын ерөөл дэвшүүлье?

-За баярлалаа. Танай сонины хамт олонд болон намайг дэмждэг, бөхдөө хайртай бүх хүмүүстээ удахгүй болох cap шинийн мэнд дэвшүүлье. Бүгдээрээ cap шинэдээ сайхан шинэлээрэй.



Ярилцсан С.Бадамгарав

Эх сурвалж: “Бөх”