sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 4 жилийнхээ босгыг даваад хоёр дахь сардаа (1146 өдөр шөнө) явж байна. Үүнтэй холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс украины Freeдом ТВ, оросын сөрөг хүчний төлөөлөгч Геннадий Гудков, Сергей Жирновын сонирхолтой мэдээлэл, оросын улс төрч Лавров, Жириновскийн харууслын үгс, Оросын гибрид дайн Украинд ямар ул мөр үлдээсэн, тэр нь бусад улсад сургамж болох уу гэсэн баримтыг орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.


Оросын сөрөг хүчний төлөөлөгчдийн ярилцлагууд анхаарал татаж эхэллээ. Оростоо, бүр Москвад, элит-олигархийн хүрээнд яригдсан бололтой. Ерөнхийлбөөс Путинээс бусад нь Орос-Украины дайнаас бүрэн залхсан, мөнхийн айдастай, тавтай тухтай суухын аргагүйгээр Украин нь Оросыг дрондож, нисэгчгүй онгоцоор халдаж, Курскээ бүрэн чөлөөлж амжаагүй байхдаа Белгород, Брянск мужаа хамгаалж чадалгүй украины зэвсэгт хүчнийг нэвтрүүлсэн, одоо Украины командлал ОХУ-ын нутаг дэвсгэрт Курск маягийн 5-6 секторыг эзлэн авч бэхжинэ гэсэн мэдээ тархсан, ийм нөхцөлд энэ дайныг эвтэйгээр дуусгаж, ОХУ энэ дайнаас нэр цэвэр салах хамгийн эхний алхам бол Путиныг огцруулах явдал гэж үздэг болсон тухай Геннадий Гудков, Сергей Жирнов ярилцлагадаа цухалзуулжээ.


Оросын элитүүд, улс төрчид, эдийн засагчид, олигархиуд, Путинээс бусад нь нэгэн дуугаар тэмдэглэж байна. Оросын эдийн засаг хэцүүдлээ. Тэснэ тэснэ гэхэд тэсвэрийн дээд таазандаа туллаа. Эдийн засгаа ёстой хиймлээр л тогтоон барьж байна.


Оросын эдийн засаг Хятадаас бүрэн хамааралтай болсон, Хятад нь Оросыг эдийн засгийн хувьд хомхой сэтгэлээр мөлжиж ашиглаж байна. Ийм нөхцөлд дайнаа удаан хугацаанд энэ хэвэнд нь үргэлжлүүлэх боломж хомсдож байгаа учраас Орос орноо аврахын тулд дайнаас гарах нь чухал хэмээн нийтээрээ үзэж байна гэж тэр хоёрын ба бусад блогчдын мэдээлэлд бичдэг болжээ.  “ОХУ-д ойрын 5-6 сард цэргийн юм уу, төрийн эргэлт дэгдэнэ, Путины дэглэм нурна, Путиныг Кирилл Дмитриев залгамжилна, тэрээр Путины өвөөс бүрэн сална, тиймээс Дмитриевийг Вашингтонд очуулж Трамптай уулзуулсан, Саудын Арабт явагдсан Орос-Америкийн хэлэлцээний гол тоглогч нь Дмитриев байсан нь тийм учиртай” хэмээн тэд битүүхэн ярьж байв. Украин-Оросын хооронд гал зогсоогоод, түр энх тайван тогтоох асуудалд АНУ нь Путинд гэхээсээ энэхүү Дмитриевт итгэж байгаа бололтой. 


Трампын урвагч нүүр царай ил болж, Трамп ба АНУ-гүйгээр Украиныг батлан хамгаалах “Рамштайн” Форматын 27 дугаар уулзалт НАТО-д болж, Украиныг Оросын түрэмгийллээс хамгаалах шинэ алхамд хүргэх асуудал хэлэлцсэн нь өнгөрөгч 7 хоногийн гол үйл явдал боллоо. Анх удаа Британи, Герман хоёр энэ форматын хурлыг даргалж, АНУ цахимаар оролцсон дүр эсгэв.


“Рамштайн” үүссэн цагаас эхлэн санаачилга АНУ-ын гарт, даргалагч нь Пентагоны тэргүүн байсныг түүх болгов. АНУ-гүйгээр Европ өөрийгөө батлан хамгаалах болно гэдгийг харуулсан “Рамштайн-27” хурлын гол онцлог нь Оросын агаарын хэрцгий террорист халдлагын эсрэг Украинд агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг нийлүүлэх, тийм зэвсэглэлийн үйлдвэрлэлд нь туслах, РЭБ-ийн (радио электроны байлдаан) эвсэл байгуулах асуудал ярилцжээ.  


“Рамштайн-27”-той зэрэгцээд Трампын тусгай төлөөлөгч Кит Келлог Трампын энх тайванч санал гэдгээ хэвлэлд (The Times) ил гаргажээ. Гал зогсоогоод Днепр мөрний баруун эрэгт Британи, Францын цэрэг байрлаж бэхжээд харин Оросын арми эзэлж авсан зүүн эрэгт нь үлдэх болно гэжээ. “Энэ бол дэлхийн II дайны дараа Берлинд тохиосон шиг үйл явдал болно. Түүнтэй тун төстэй. Оросын бүс (зона), францын бүс, британийн бүс, харин АНУ-ын бүсийн тухайд сүүлхэн тодруулна, гэхдээ АНУ нь хуурай замын цэргээ очуулахгүй” хэмээн ярьжээ. Фронтын байдалд онцын гэнэтийн өөрчлөлт гарсангүй. Орос давших тухай, Ялалтын баярын өмнө үлэмж өргөн нутаг дэвсгэрийг эзлэх тухай сэрэмжүүлэг Киевээс хийж байна. Орос-Белоруссын өргөн хэмжээний хамтарсан давшилт намар эхэлж магадгүй, учир нь 2022 оных шиг томхон хамтарсан хээрийн сургуульд бэлтгэж байна гэх боловч Украины цэргийн шинжээчид “Байдаг л нэг сүрдүүлэг” хэмээн үзэж байна.


Фронтын сонин гэвэл хятадууд олноороо Оросын талд байлдаж байгаа нь ил боллоо. Хэзээ хаанаас тэднийг Оросын армид татаж аваачсан нь одоогоор нууц. Хятад нь террорист дайны хамсаасан болохоо Иран, Хойд Солонгосын араас нотлох шив хэмээн гадаадын цэргийн шинжээчид дүгнэжээ.


“ВСУ” буюу Украины зэвсэгт хүчин дроноор илрүүрхсэн байдалтай, төсөөлөөгүй бүс нутгуудад нь цохилт өгдөг болж байна. Пермийн хязгаарт дрон нисч очин оросын ПВО-г үнэгүйтүүлэв. Херсон мужид оросын командын удирдлагын төвд 30 орос офицер газар дээрээ дронд алуулав. Украин дронууд Умард Осет руу нисч очин, Моздокийн цэргийн аэродромыг түймэрдэн, мөн Оренбург, Пензед цохилт өгчээ. Орос даяараа бухимдал, айдас, Белгород мужид тэр чигтээ паник, Z-блогерууд, бүр нөгөө үнэнч генерал Алаудинов хүртэл айдсын дор тун итгэлгүйгээр дайтаж байна. Оросын цэргийн хохирлын хүснэгтээс харвал алагдсан шархадсан цэрэг мөдхөн нэг саяын үзүүлэлтээс давах нээ!


Оросын арми Украины цусан намаг балчигт шигдээстэй, одоо хүний олноор үхлийн атакаа явуулаад амжилтгүй. Ийм бүтэлгүй цаг үе нь Кремлийн эрх баригчдыг түүхэн элийрэл балайрал дэмийрэлд нь автуулжээ.


Д.Медведевийн араас С.Лавров бичигдэж эхэллээ:


1.Екатерина II хатан хаан бол орос хүн.

2.Оросууд Одесс хотыг бүтээн байгуулсан учраас тэр бол оросын газар нутаг.

3.Төрийн эргэлтийн дараа засгийн эрхэнд гарч ирсэн тэр дэглэм ард түмний ой тойноос түүхэн энэ үнэнийг арчиж хаяхаар шийджээ хэмээн ярьж харагдав. Европ ба европчуудад голдоо ортол гомдсон Лавров ТВ-ийн камерын өмнө ингэж ярив.


“Эх орны дайны ялалт хүртэл, дэлхийн II дайны үед даян дэлхийн бүх эмгэнэл гай зовлон зөвхөн европчуудын түрэмгий үйлдлээс нөхцөлдсөн. Наполеоны дайн, дэлхийн нэгдүгээр дайн, II дайн ч европчуудаас болж дэгдсэн” гэжээ.


АНУ-д гомдоод гомдол нь барагдаагүй, Трамп өчүүхэн гэгээ өгөх нь үү гэж байтал Европтоо үхтлээ гомдсон Орос гомдлоо ийнхүү сад тавьж байна. Ялалтын 80 жилээр мөн ч их гомдол яригдах нь дээ. 1995 онд, Ялалтын 50 жилийн ойн жил.


В.Жириновский Европын Парламентыг очиж түйвээсэн бичлэг ил гараад иржээ:


–Хэрэв бид 50 жилийн өмнө байгаагүй бол Та нар ч бас хэзээ ч байхгүй байсан мэдэв үү, новшнуудаа! Хэрэв манай арми орж ирээгүй бол Та нар бүгдээрээ концлагериудад хоригдох байсан. Бид бүх дэлхийг, Европыг аварсан мэдэв үү! Гэтэл Та нар өнөөдөр энд урвагчидаа мөргөж сууна. Та нар Орост, манай армид мөргө, мэдэв үү!


Ингэхэд Украиныг оросууд ямар байдлаар нийгмийн амьдралын хүрээнд дарамтлан, хуурч мэхлэн, хяналтандаа барьж байсан тухай мэдээлэл түгжээ. Жагсаалт:  


1.Хийн хоолойд бүү санаа зов, тэр юу ч биш, Та нарт хямд үнээр хий өгнө. Танай бүх айл өрх, албан газар хийн халаалттай гэсээр байгаад АЦС-тай байсаар байтал нь Украиныг Оросоос хэрэглээний хийн хамааралтай болгосон. “Хямд хий” гэсээр байгаад улс төрийн хамааралтай болгосон байжээ. Харин үүнийг Украинд өнөөдөр голдоо ортол ойлгож гэнэ. 


2.ТВ-ийн бүх сувгууд нь 2014 он хүртэл оросын кино, шоу нэвтрүүлэг, концерт, улс төрийн ток-шоугаар бялхаж, өөрийнх нь бүх нэвтрүүлэг, сурталчилгаанд оросын дуучид, жүжигчид өргөнөөр оролцдог байжээ. Үүнийг тархи угаалт байсан гэдгийг Украинд өнөөдөр голдоо ортол ойлгожээ. 


3.Дэлгүүрт нь оросын хүнсний бүтээгдэхүүн үй олноор нь нийлүүлж, жижиг бараа зардаг сүлжээ орос дэлгүүрүүд хүртэл ихээр нээгдсэн байжээ. Одоо эзлэгдсэн нутагт нь үлдсэн, эзлэгдээгүйд нь украины ба европын чанартай бараа хахаж байна.  


4.Украин хүүхдүүдийг оросын элдэв уралдаан тэмцээнд урьдаг, пионерийн зусландаа маш олноор нь аваачдаг, украин оюутнуудыг нь хөнгөлөлттэй үнээр сургадаг, дунд сургуулийн ном, дэвтэр, багш нарын гарын авлага бүгдийг нь Оросоос бодлогоор өгдөг байжээ. 


5.Украины хамгийн ухаантай, царайлаг, дотно харагдах нэвтрүүлэгч, сэтгүүлчдийг их мөнгөөр хөлслөн Орост худалдаж авч ажиллуулдаг байжээ. 


6.Одоо урвагч болчихоод байгаа Янукович, Медведчукийн намууд Украины дорнод мужуудад асар хүчтэй ажилласан, үр дүнд нь СВО гэдгийг урьж авчирсан одоо 4 дэх жилдээ байлдаж байна. 


7.Украины компьютерын бүх програмууд бүгд оросынх байжээ. Тархи угаалт, мэдээлэл, холбоо, цахим том зэвсэг Оросын мэдэлд байсныг одоо л нэг юм ойлгож ухаарч байна.


8.Украины баруун мужуудыг, украин хэлт хүмүүсийг үзэн ядуулах сурталчилгааг оросууд байнга явуулж ирсэн ба тэднийг муу санаатай, дотуур тамиртай, өвөр хоорондоо гэрлэдэг, орос хэлтэй хүмүүст муу гэдэг тархи угаалт мөнхөд байв. Одоо тэднийгээ “нацист” гэдэг ганцхан хаягаар тодорхойлдог. Харин нөгөө талд нь эсрэгээрээ, Орост тэгтээ дайсагнаж байгаагүй. Одоо харин дайсагнал нь мөнхийн болох биз ээ.


9.Украины жүжигчид, дуучдыг сонголтоор од болгож бусдыг нь дээшээ гарах замыг хаадаг байсан нь оросын зөөлөн хүчний нэг ухаалаг бодлого байв. Одоо ч өнгөрсөн дөө. 


10.“Бид ахан дүүс” гэдэг ойлголтыг секунд бүрт ямар нэгэн байдлаар тархинд нь шигтгэдэг байжээ. Энэ бүхний гол зорилго нь “Та нар Оросгүй хаашаа ч явж чадахгүй, Оросгүй бол хэн ч биш! Оростой үүрд наалдсан хувь заяатайгаа эвлэр!” гэдгийг украин хүн бүрийн тархинд үүрд суулгах. Түүний төлөө л нэг сая цэргээ алуулан шархдуулан байж Украинд зууралдан байлдаж байна. 


Энэ бүхэн яг одоо Украинд аймшиг болж хөрсөн дээрээ буужээ. Явж явж “Оросын бөмбөг пуужинд оногдож үхэх нь Та нарын сайн төрлөө олох аз” гэх нь л үлдэж дээ


Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь