sonin.mn
Дэлхийн хэмжээнд бөхийн чөлөөт барилдаан маш олон жилийн түүхтэй спорт. Харин манай Монголчуудын хувьд энэхүү бөхийн үндэс суурь 1960-аад оноос л тавигдсан билээ. Тэгэхээр маш богино хугацаанд амжилт гаргана гэдэг амаргүй байсан нь ойлгомжтой. Гэхдээ анхны секц байгуулагдсанаас хойш ердөө л 4-5 жилийн дотор манай чөлөөтийнхөн олимп, дэлхийн дэвжээнд өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Ингээд Монгол орон дахь чөлөөт бөхийн үүсэл хөгжил, анхны амжилтын талаар сонирхуулъя.
 
 
 
1959-1960 онд төмөр замын инженер Д.Дамдинсүрэнгийн санаачилгаар Төмөр замын техникумын оюутнууд голдуу 20 орчим хүнтэй чөлөөт бөхийн анхны секцийг байгуулж, төмөр замын Соёлын ордонд хичээллэж эхэлжээ. Улмаар, энэхүү секц нь богино хугацаанд өргөжиж, 1963 онд Спортын төв ордонд 30 шахам хүнтэй секц байгуулагдсан төдийгүй улсын шигшээ багийг 16 хүнтэй байгуулсан ажээ.
 
 
 
Төдөлгүй ЗХУ-аас (хуучнаар) Ю.И.Гостинчиков гэдэг хүн ирснээр анхны албан ёсны секц Спортын төв ордонд байгуулагдлаа. Гэхдээ жинхэнэ орчин үеийн бөхийг хөгжүүлэх аргачлалыг Болгарын бөхчүүд боловсруулж өгчээ. 1961онд Болгарын гавьяат дасгалжуулагч доктор, профессор Райка Петров Монголд ирж барилдааны ур чадварт суралцах ухааны эхлэлийг тавьж өгсөн байна. Түүгээр ч барахгүй манай улсын найман бөх зургаан сарын сургалтад хамрагдахаар Болгарт уригджээ. Энэ бүрэлдэхүүнд Ч.Бээжин, Ж.Мөнхбат, Т.Зундуй, Б.Сүхбаатар, Б.Цэрэн, Ч.Санжаа, О.Цэрэндагва нар багтсан байна. Харин тэднийг нутагтаа буцахад анхны мэргэжлийн дасгалжуулагч бэлтгэж өгөх зорилготойгоор О.Цэрэндагвыг Болгарт үлдээжээ. Ийнхүү манай анхны шигшээ баг байгуулагдлаа. Улмаар, 1961 оноос Улаанбаатар хотын аварга, 1963 оноос эхлэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах болжээ. Монгол Улсад чөлөөт бөхийн барилдааны хамгийн анхны томоохон тэмцээн 1963 онд зохион байгуулагдсан МБАТ-ний II спартикиадад анхны секцийн багаараа улсын аварга болж, Б.Сүхбаатар, Н.Улаан нар алт, Д.Хашбат мөнгө, О.Цэрэндагва хүрэл медаль авчээ.
 
Энэ клубын анхны тамирчид гэвэл Д.Хашбат, Н.Улаан, Д.Сийлэгбазар, С.Саранням, Б.Сүхбаатар, О.Цэрэндагва нар юм. Монголд чөлөөт бөхийн спортын голомт болох “Замчин” спорт клубээс спортын гавьяат мастер Ө.Эрдэнэ-Очир, спортын гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва, спортын мастер Б.Сүхбаатар, Б.Намжил, Б.Батчулуун, Д.Хашбат, Д.Лодой, Б.Ганбат нарын олон спортын зэрэгтэй тамирчид төрөн гарчээ.
Төмөр замчид чөлөөт бөхийн барилдааныг улам хөгжүүлэх, бөхчүүдийн ур чадварыг ахиулах, залгамж бөхчүүдийг тодруулах зорилгоор 1970 оноос “Найрамдлын зам” сонины нэрэмжит тэмцээнийг жил бүр зохион байгуулж байв. Өдгөө тус тэмцээн Монгол Улсын хэмжээнд өргөжин жил бүр улсын аваргын тэмцээн зохион байгуулагдах болсон билээ. Мөн 2000 оноос УБТЗ-ын нэрэмжит болон зохиогдож байна.
Түүнчлэн, “Замчин” спорт клуб чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болгожээ.
 
 
Эх сурвалж: "Ган зам" сонин