sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн 13 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Сэкиваке Такаясү-тэй барилдаж, түүнийг тоттари мэхээр хаяж, 13 даваатай башёг тэргүүлж явна.
Маргааш Их аварга Хакүхо, Озэки Шодай-тай учраа таарсан байна. Харин Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр Озэки Шодай-тай учраа таарч, түүнийг ошидаши мэхээр давж 13 дахь даваагаа авч Их аваргын адил 13 даваатай башёг тэргүүлсээр байна. Тэрбээр маргааш Сэкиваке Такаясүтэй барилдана.
 
 
 
Нагоя башёг 13 даваатай тэргүүлж яваа Их аварга Хакүхо М.Даваажаргал, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын араас хамгийн ойр буюу 10 даваатай байгаа Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил, Котоновака /М-12/ нар 2 дугаар эгнээнд бичигдэж байна.
 
 
 
Ичиножёо /М-2/ А.Ичинноров, энэ өдөр адилхан 8 даваатай яваа Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/-тэй учраа тааран барилдаж, түүнд шитатэнаге мэхээр унаж 8 даваа, 5 унаатай болсон бол Хошёорюү 9 даваатай болов. Тэрбээр маргааш Сэкиваке Митакэүми-тэй барилдана.
Харин Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн, Комүсүби Мэйсей-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 8 даваа, 5 унаатай болов. Тэрбээр маргааш Ичиножёо /М-2/ А.Ичинноровтой хүч үзнэ.
Энэ өдөр Чёошома /М-7/ Г.Мөнхсайхан, Котоновака /М-11/-тай таарч, түүнд шитатэнаге мэхээр унаснаар 7 даваа, 6 унаатай болов.
Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил энэ өдөр Такарафүжи /М-8/-тэй барилдаж, түүнийг  ошидаши мэхээр унагаснаар 10 даваа, 3 унаатай болоод байна. 
 
Д.Өлзийсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг