Өвлийн олимпод хоёр удаа эх орноо төлөөлөн оролцсон, Монголын шилдэг цаначдын нэг олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэнтэй ярилцлаа.
–Монголд цанын спортоор хичээллэх улирал дөнгөж эхэлж байна. Таны хувьд одоо залуу тамирчидтай ажиллаж байгаа гэж сонссон. Шавь нар аа бэлтгэж байна уу. Та Монголын цанын холбооны ажлаа өгснөөс хойш юу хийж байна вэ. Эндээс ярилцлагаа эхлүүлэх үү?
-Энэ жил цас сайхан орж байна. Хүмүүс хөл хорионд байсаар байгаад цэвэр агаарын дутагдалд орж байх шиг. Уг нь боломжтой бол хүн бүр цанатай биш юмаа гэхэд ядаж явган ч хамаагүй өвлийн цэнгэг агаарт гарч байх ёстой. Яагаад гэвэл хавар, намар, зуны улиралд бороо орсны дараа л агаар цэвэршдэг. Харин өвлийн улирал эхлэхдээ нэг удаа цас орсон бол агаар нь хүйтэн ч маш тунгалаг байдаг. Тиймээс цэвэр агаар юутай ч зүйрлэшгүй хүнд хэрэгтэй зүйлийн нэг. Миний хувьд энэ жил зөвхөн Төв аймгийн өсвөрийн тамирчид болон тэдний дасгалжуулагчдад зөвлөгөө өгөх, бэлтгэл сургуулилтын суурийг зөв тавих, зуны бэлтгэлд анхаарах зэрэгт өөрийн олон жилийн туршлагаасаа хуваалцаж ажилалаа. Тэдний дунд миний хүү ч байгаа учраас хамт хичээллэдэг тамирчдад ижил мэдээлэл өгөхийг зорьсон.
Цанын холбооны ажлыг хүлээлгэж өгөөд хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Зөвхөн цана гэлтгүй УБТЗ-ын Замын II ангид данстай учраас холбооны ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг давхар гүйцэтгэж байлаа. Харин сонгуульт ажлаа өгснөөс хойш үндсэн ажилдаа гол анхаарлаа хандуулсан. Манайх бүл нэмсэн учраас өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш хүүхдээ асрахын зэрэгцээ магистраар сурч байна даа.
–Таныг Монголын цанын холбооны удирдлагын багт ажиллаж байхад цаначид өвлийн хэдэн сард маш олон тэмцээнд оролцдог байлаа. Гэтэл одоо тэмцээн цөөрсөн тухай тамирчид ярьж байна. Та ер нь холбоотойгоо хэр ойр байгаа вэ?
-Миний хувьд цанын холбоотой одоо ямар холбоо сүлбээ байхгүй ээ. Ер нь холбоо маань жинхэнэ мэргэжилтнүүдээ тойргийн гадна байлгах хүсэлтэй юм шиг санагдсан. Намайг энэ холбоонд ажиллаж байхад цаныхан завгүй л байдаг байсан даа. Би болон манай үеийн цаначдын баг 2014-2018 оны хооронд Монголын цанын холбоог хөгжүүлэх, энэ спортыг нийтийн дунд илүү өргөн хүрээнд сурталчлах зорилготой сэтгэл зүтгэл нэгдэн сайхан ажилласан. Үндэсний шигшээ багийн тамирчид хоёр сарын хугацаатай 4800 км замыг унадаг дугуй, дугуйт тэшүүр, гүйж туулсан. Энэ нь манай тамирчдад маш сайн бэлтгэл болсон. Цаначдынхаа чадвар, чансааг ахиулахын тулд долоо хоног бүр уралдуулж, төлөвлөгөөт бэлтгэл хийсний үр дүнд олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах анх удаа ДАШТ-ий “В” зэрэглэлийн уралдаанаас хүрэл медаль хүртлээ. “Чанчун-2016” олон улсын марафоны ойрын зайн уралдаанд Б.Бямбадорж шилдэг 16-д багтсан. 2015-2018 онд жил бүр өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ОХУ-ын Буриадад зохион байгуулдаг олон тэмцээнд оролцуулж, чадварыг нь ахиулж, алт, мөнгө, хүрэл медаль авч байлаа. Харамсалтай нь, одоо Монголын цанын холбоо ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байна. Мэдээж энэ бүхэн цар тахал гарсантай холбоотой байж болно. Гэхдээ хорио цээрийн дэглэмээс өмнө ч ийм л байсан. Зохион байгуулсан ганц хоёр тэмцээн нь маргаантай. Тэмцээн зохион байгуулж өгье гэхэд татгалзаад сууж байдаг холбоо байж таарах уу.
-Хүү тань мэргэжлийн тамирчин болохоор зүтгэж байгаа юм билээ. Ирээдүйг нь хэрхэн төсөөлж байна вэ?
-Миний хүү 14 настай. 2006 онд Италийн Турин хотноо болсон өвлийн олимпод ээжтэйгээ хамт оролцож явсан хүн. Нэг үгээр хэлэхэд, зөвшөөрөгдсөн “допинг” байсан. Хүү минь гэдсэнд байхаасаа л энэ спорттой холбогдсон. Хүүгээ тээж байхдаа “Яаж эргээд маш хурдан бэлтгэлдээ орох вэ” л гэж боддог байлаа. Түүнийг мэдсэн юм шиг хөлд орсон цагаасаа л цанаар гулгаж сурсан. Гэхдээ яг тамирчин болох зам 10 наснаас эхэлсэн. Үеийнх нь хүүхдүүд 8-9 насандаа улсын аварга болж байхад миний хүү цасан дээр тоглоод л явдаг байлаа. Харин Төв аймгийн БТСГ-ын ахлах дасгалжуулагч Г.Батсүх багш нэг өдөр дугуй унуулаад “Очко, хүү чинь сайн тамирчин болох юм байна” гэж хэлж байсан. Тэгээд эхлээд дугуйгаар, дараа нь цанаар хичээллэсэн. Одоо бол цанаар ч, дугуйгаар ч насандаа нэг, хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Би хүүгээ өөр шигээ туршилтын нэг хэсэг болгомооргүй байгаа юм. Тиймээс өөрийн алдаагаа хүүдээ үзүүлэхгүйн тулд өдөр тутмын бэлтгэлд нь санаа тавьж байна. Хүү бид хоёрын зорилго бол 2024 оны залуучуудын өвлийн V олимпын цанын тэмцээнд амжилттай оролцох явдал болсон.
-Өвлийн спортоор хичээллэдэг тамирчин байсан хүний хувьд ирэх онд болох олимпод санаа зовж л байгаа байх. Биатлончид боломжоо ашиглан гадаадад бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд оролцоод байдаг. Харин цаначид нам гүм байна. Бээжингийн олимпод хэрхэх бол?
-Санаа зовохгүй байхын арга алга. Гавьяат дасгалжуулагч Л.Дорж багш минь хүртэл санаа нь зовж, өдөр бүр л надаас асуудаг юм. Олон улсын цанын холбооноос коронавируст зориулсан тусгай паспорт гаргаж, тамирчин бүр шинжилгээнийхээ хариуг тэмдэглүүлж баталгаажуулаад Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнд оролцож байна. Ирэх сард л гэхэд Германы Оберстдорф хотод гүйлтийн цанын ДАШТ болох хуваарьтай. Тэмцээн уралдаан халдвар хамгааллын өндөр дэглэмийн дор зохион байгуулагдаж байгаа учраас “Бээжин-2022” хойшлогдохгүй болов уу. Манай цаначид өнөөдрийг хүртэл чансаа ахиулах, оноо цуглуулах нэг ч тэмцээнд оролцож чадаагүй байна. Яг өнөөдрийн байдлаар цаначид маш хүнд нөхцөлд орсон. Гэтэл Биатлоны холбооны удирдлагууд маш тооцоотой ажиллаж байна. Тэд тамирчдаа хилийн дээс алхуулсан нь зөв алхам болсон. Биатлончид гуравдугаар сард тэмцээнээ дуусгаад ирэх юм билээ. Олон улсын цанын холбооноос цар тахалтай холбогдуулан энэ спорт хөгжиж байгаа орнуудад ямар нэгэн боломж олгож магадгүй. Түүнийг нь одоогийн Монголын цанын холбооны удирдлагууд сайн ашиглаж, олимпыг тасалдуулахгүй эрхээ авах хэрэгтэй. Амжилт ахиулах тал дээр амлалт хэлэхэд эрт байна.
-Хөл хорионы улмаас тухтай бэлтгэл хийх боломжгүй байгаа нь тамирчдын сэтгэл зүйд хэр нөлөөлөх бол?
-Хөл хорионы үед тамирчдын бэлтгэл 100 хувь эргэсэн. Зунжингаа бэлтгэл хийсэн тамирчид өнөөдрийг хүртэл нэг ч гараа гараа хийсэнгүй. Ийм байдалтай байгаа хүмүүс ямар нэгэн том тэмцээний гараанд шууд гарах маш хүнд. Үүнд тамирчныг буруутгах аргагүй л дээ. Товчхон хэлэхэд, тамирчдын сэтгэл зүй хүнд байгаа бололтой.
-Хоёулаа таны тамирчин ахуйн дурсамжийн талаар ярилцъя. Сэтгэлд тань тод үлдсэн байгаа даа?
-Анх улсын аваргад орсон дурсамжаа хуваалцъя. Тамирчид гараанд гарахын өмнө багш “Миний охин энэ замаар гараад гүйдгээрээ л гүйнэ шүү. Чи л ганцаараа өгсүүрт явж чадна, наадуул чинь чадахгүй. Хүн байвал хажуугаар нь бушуухан л гараад гүйчих” гэсэн. Тэгээд уралдаад ирэхэд багш “Миний охин сайн явсан, “Оогоо…, миний охин болоо ш дээ, сайн ш дээ” гээд үнсээд эхэлсэн. Гайхаад багшаасаа юу болсныг асуутал мөнгөн медаль авчихсан байгаа юм. Баярлах, гайхах зэрэгцээд хэсэг зогслоо. Багагүй хугацааны дараа тайвширч, сая нэг юм баярлаж билээ. Намайг мөнгөн медаль авлаа гэнгүүт манайхан уурхай руу ярьсан юм билээ. Ээж маань сонсонгуутаа л маргааш нь хүрээд ирсэн. Ирээд надад зайрмаг, шинэ хувцас авч өгөөд л… Бөөн баяр. Би гэдэг хүн эхний өдөр нь медалиа хуучин хувцастайгаа аваад зогсож байгаа юм. “Сансрын хамгаалагч Волтрон” гээд хүүхэлдэйн киноны зурагтай хувцастай. Унасаар байтал өмдний ар тал нь цоорсон, цэнхэр майкан дээр шүдний оогоор 99, ар талд нь “Хайлааст” гэж бичсэн, хоёр салаа гэзэгтэй охин байлаа даа. Сургуулийнхан намайг улсын аваргаас мөнгөн медаль авахад маш их баярласан, ялангуяа захирал маань. Нутагтаа ирэхэд УАШТ-д оролцсон хүүхдүүдийг уурхайн удирдлага хүлээж авдаг юм байна. Багш маань өөрийнхөө медалиудыг, би өөрийнхөө хоёр мөнгөн медалиа зүүгээд л очсон. Явахаар хоорондоо сажигнаад л… Их гоё байж дээ. Уурхайгаас хүндэтгэлтэйгээр хүлээж авч, мөнгөн шагналаар урамшуулж байсныг одоо ч би тод санадаг. Амжилтынхаа үнэ цэнийг аажим аажмаар ингэж мэдэрсэн дээ. Дараа жилээс нь алтан медаль аваад эхэлсэн. Багш “За, чи одоо кархо цана унана аа. Энэ цаныг унавал чи алт авна” гэж байна. Удалгүй Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд болсон УАШТ-ээс өөрийнхөө хоёр зайд алт, багаараа мөнгөн медаль авсан даа. Миний өсвөрийн тэмцээн 2002 оноор дуусгавар болсон юм. Хамгийн сүүлд Увс аймгийн Баруунтуруун суманд очиж, өсвөрийн ахлах насанд уралдсан. Тэмцээнээс буцаж ирэхэд багш “Хотод насанд хүрэгчдийн УАШТ болно. Чамайг оролцуулна” гэлээ. Би ч үг дуугүй дагасан. Ингэж эгч нартай анх уралдсан түүхтэй. Тэр тэмцээнд би Төв аймгаас биш “Замчин” клубийн өмнөөс анх удаа насанд хүрэгчдийн УАШТ-д оролцоход манай шилдэг цаначдын нэг Н.Энхээ эгч тасархай түрүүлсэн. Солт-Лейкийн олимпод яваад ирсэн байсныг хэлэх үү, Энхээ эгчийн өмссөн зүүсэн, нүдний шил, гутал хувцас үнэхээр гоё. Хэзээ нэгэн цагт ийм гоё хувцас өмсөж уралдана гэж боддог байлаа. Би 17-тойдоо насанд хүрэгчдийн тэмцээнээс анхны хүрэл медалиа авч бөөн баяр болж билээ. Тэр бол миний амьдралын хамгийн дурсгалтай, бас их өгөөжтэй тэмцээн байсан.
-Ингэхэд шигшээ багт анх ямар тохиолдлоор данстай болж байв даа. Бас л сайхан дурсамж биз ээ?
-Анх удаа насанд хүрэгчдийн УАШТ-д оролцоход хоёр танихгүй хүн намайг халамжлаад байсан. Бариандаа иртэл нэг нь “Чи миний цэрэг шүү” гэх юм. Би ямар учиртайг нэг сиймхийгээр Л.Дорж багшаас лавлатал “Чамайг ажилд авах гэж байгаа юм” гэлээ. Дунд сургуулийн хүүхдийг ажилд авна гэхээр гайхаад л өнгөрсөн. Тэгсэн нөгөө хүн “Вокзалын баруун талд саарал байшин байгаа. Миний дүү Ням-Осор дарга гээд асуугаад ороод ирээрэй” гэв. Олон хоног тэмцээн хэсэж явсан би гэр рүүгээ яарсан ч хүн намайг ирээрэй гэсэн болохоор хайгаад очлоо. Ингэж анх Д.Ням-Осор даргатай уулзаж, төмөр замын тамирчин болсон түүхтэй. Төмөр замын тамирчин болсноор Л.Дорж багшийн шавь болсон. Түүний шавь болсноор шигшээ багт элсэж байгаа юм. Багш минь намайг дэлхий, бүр олимпын дэвжээнд хөтөлж хүргэсэн хүн дээ.
-Анхны олимпын эрхийн даваа өндөр байсан байх?
-Сорилт уралдаан, цомын тэмцээнд орж эгч нарыг гүйцэж түрүүлээд гадагшаа явах эрхээ олж авч байлаа. Тэгээд олимпын эрх авах дэлхийн аварга, олон улсын тэмцээн уралдаанд оролцож явсаар 2006 оны олимпын эрхийг сайн мэдэхгүй явж байгаад л авсан. Анх ДАШТ-д орохын тулд багш, Х.Хаш-Эрдэнэ бид гурав Австриар хоёр cap явж, олон тэмцээнд оролцсон.
Хамгийн сүүлд ДАШТ-д өрсөлдөхөд миний анхны тэмцээн учраас их сүрдмээр санагдаж билээ. Дэлхийн аваргад орсны дараа Л.Дорж багш “Миний хоёр хүүхэд олимпын эрх авлаа” гээд бидний өмнөөс баярлаад л… Харин Хашаа бид хоёр гайхаад л өнгөрсөн. Гэтэл багшийн зорилго нь бид хоёрыг олимпод оруулах байсан юм билээ.
-Анх удаа олимпод оролцсон үеийн сэтгэгдэл ч мартахын аргагүй биз дээ?
-Олимп эхлэхээс гурван сарын өмнөөс л биднийг улсаас цалинжуулсан. Зуны турш Дархан, Эрдэнэтийн замд гурван “хар юм” бэлтгэл хийсэн дээ. Олимпод явахад Замын хоёрдугаар анги нэг сарын цалингаар шагнаж байлаа. Олимпод явсны дараа миний сурч байсан “Мөнх-Ану” гадаад хэлний дээд сургууль дээр ТВ5 телевизийнхэн очоод “Танай оюутан олимпод явсан” гээд сурвалжлага хийхэд манай сургуулийн захирал миний гуравдугаар курсийн төлбөрийг 100 хувь хөнгөлсөн. Бас ээжийг гэрээс нь авчраад шууд ярилцлагад оруулсан байж билээ. Энд тэгж бужигнаж байхад би тэнд юу ч мэдэхгүй л явж байлаа. 2006 оны олимпоор төрийн далбаагаа Х.Хаш-Эрдэнэ маань барьсан. Олимпын нээлт дээр “Монгол” гэж зарлуулан ороход өөрийн эрхгүй сэтгэл огшдог юм билээ.
-2010 оны Ванкуверийн олимпоор та тугаа мандуулж, цэнгэлдэхэд орж ирсэн. Дээлтэй бүсгүй үнэхээр содон, сэтгэл хөдлөм харагдсан шүү, тэр үед…
-Тэгсэн. Гэхдээ Ванкуверийн олимпийн эрх надад маш их үнээр олдсон шүү. Сэтгэлд ч их тодоор үлдсэн. Тэр дээлийг эгч минь оёж өгч байлаа. Төрийн далбаагаа бариад алхаж явахад сэтгэл хөөрөөд, цэнгэлдэх хүрээлэнгийн дөрвөн талд нь байрлуулсан том дэлгэцээр өөрийгөө хараад алхаж байсан. 5-6 секунд ч гэсэн дэлхий даяар зөвхөн би гарч байгаа гэж бодохоор бахархах, баярлах сэтгэл эрхгүй төрж, тугаа улам дээш нь өргөөд л… Сэтгэл огшсон мартамгүй үе байсан даа.
-Та дээр олимпын эрх их үнээр олдсон гэж цухас дурдлаа. Дэлгэрүүлж болох уу?
-2009 оны ДАШТ-д орж байж, олимпын эрх авах байлаа. ДАШТ болохоос 20 гаруй хоногийн өмнө Хандгайтад бэлтгэл хийж байгаад хөлөө хугалчихдаг юм байна. Хөлийнхөө шилбэний савхан ясыг хугалж, шагайгаа мултлаад, хөлөө эргүүлчихсэн учраас шөрмөс нь бондойгоод гараад ирэхгүй юу. Тэгээд намайг “Пара”-гийн тамирчин явуулахгүй” гээд бөөн юм болсон. Би болохоор үр хүүхэд, гэр бүлээ орхиод олимпод орохын төлөө гурван жил бэлдэж, ДАШТ-д заавал явна гэж зүтгэсэн. Бүхэл бүтэн гурван жилийн хөдөлмөр зүтгэл минь унаад босоод ирэх төдийд л салхинд хийсчих шиг санагдсан шүү. Би ингээд л хөлгүй болчихлоо гэж бодохоор гол харлаад… Хүмүүс над руу утсаар ярихгүй, би ерөөсөө гээгдээд байгаа шиг санагдаад маш хэцүү. Уйлаад л… Хөл боолттой гишгэж, босч чаддаггүй. Тэгээд тэмцээнд явна гэхээр солиотой юмуу, тэнэг үү, чи гээд хүн бүрд загнуулна. Хажуугаар нь Л.Дорж багшийг минь “Ийм хөлтэй хүн тэмцээнд авч явах гэлээ” гээд загнана. Олимпын хорооны эмч намайг “Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүл, манайхан гэрээтэй” гээд явууллаа. Тэгээд эмчилгээ хариуцсан захирал Мөнхбат гэдэг хүн дээр очсон. Намайг шууд хагалгаанд оруулна гэв. Хэрвээ хагалгаанд орчихвол би бүр хөл дээрээ босохгүй гэдгээ мэдэж байсан учраас “Би хагалгаанд орохгүй, таныг ямар нэгэн асуудалд оруулахгүй, өөрийгөө хариуцна. Та намайг явуулчих” гэж гуйлаа. Тэгсэн нөгөө эмч “Спортоор явсаар байгаад тэнэг болчихсон юмуу. Ийм хөлтэй байж цанаар гулгана, зүгээр ч үгүй дэлхийн аваргад орно гэх юм” гэснээ “Миний дүү одоо сэтгэл санаагаа зас” гэлээ. Би бүр уйлаад гуйлаа. Ингэж нэлээд юм болж байж нөгөө эмч “За яах вэ, чи өөрөө болно гэж байгаа бол би чамд авдаг шохой хийж өгье” гээд урдуураа задгай шохой тавьж өгсөн. Өдөр нь авч, шөнө нь хийдэг. Шат өөд өгсөхөд зүгээр, тэгш зам дээр удаан ч гэсэн явж болдог. Шатны уруу бууж чадахгүй, тийм л хөлтэй явсан даа. Цанатай сонгомол биш тэших техникээр явдаг болохоор шагайгаар хөдлөхгүй болмоор санагдсан. Би ДАШТ-д амжилт гаргах нь гол биш, гараанаас гараад барианд орох юм бол олимпын эрх авах байсан болохоор үнэхээр зүтгэсэн. Бусад оноогоо цуглуулсан байв. Олимпын хороон дээр очсон чинь явуулахгүй гээд болдоггүй. Л.Дорж багшийг их ч загнасан даа. Миний өмнөөс загнуулаад л яваад байсан. Тэгээд бүр болохгүй болохоор нь Р.Раш даргад хэллээ. Тухайн үед Р.Раш гуай Монголын цанын холбооны ерөнхийлөгч байсан юм. “Чи уралдана гэж юу байх вэ. Чи очоод энэ хэддээ хэлмэрч хийгээд ир” гэсэн. Тэгээд дахиад МҮОХ дээр яваад очтол “Чи өргөдөл бич. Хэрвээ тэмцээнд яваад, гараанаас гарахгүйгээр буцаж ирэх юм бол явсан зардлаа өөрөө төлнө гэж бич” гэв. Багштайгаа хоёулаа өргөдлөө бичээд гарын үсгээ зурлаа. Бид хоёрт 5-6 сая төгрөг гэдэг их мөнгө байсан.
-Маш эрсдэлтэй алхам хийж дээ?
-Очоод хоёр зайд уралдах байсан ч нэгэнд нь л орсон. Уралдахаас өмнө замаа үзэх ёстой. Удаан алхсаар 1.4 км замыг үзээд, тэмцээнд орлоо. Допингийн шинжилгээгээр гарахгүй, найман цагийн үйлчилгээтэй өвчин намдаах эмийг арав арван минутын зайтай 5-6 ширхгийг уусан байх аа. Явж байхад өвдөөд байгаа юм шиг санагдаад л… Өвдөлтдөө зовиурлаад уначих вий гэж их айсан. Унах л юм бол хугархайгаараа салаад явчихна шүү дээ. Хөлөө янгинатал нь боож аваад, гарахаасаа өмнө 50 гр архи татчихсан. Би сандрахаараа дуу аялдаг. Тийм үед ямар ч хамаагүй дуу аманд ороод ирнэ. Тэгээд дуугаа аялаад л гараад явлаа, уналгүй явсаар барианд ч орсон доо. Барианд ороход 100 метр дутуу байхад дотроо “Би чадлаа шүү дээ” гэж бодоод л нүдний нулимс өөрийн эрхгүй урссан шүү. Сад тавина гэдэг л болсон. Тэр үед хүмүүс гайхсан байх. Түрүүлээгүй байж юундаа уйлдаг байна аа гэж. Өөрийн эрхгүй дотроо “Чадлаа” гэж чангаас чанга хашгирсан. Багш минь ч намайг хараад “Миний охин чадлаа” гээд л хашгираад бариа руу гүйж байсан тэр мөчийг би хэзээ ч мартахгүй. Тэгээд барианд орж ирэхэд 90-д орж ирсэн байсан. Хугархай хөлтэй байж ардаа долоо, найман хүнтэй л байсан даа.
-Тамирчны ялалт хямдхан олдоогүй гээд дуунд гардаг шиг л хатуу даваа давж дээ. Тийм үед яаж огшихгүй байхав дээ, тийм ээ?
-Турины олимпод ороход хүүхэдгүй байсан болохоор гайгүй байжээ. Ванкуверийн олимпын үеэр хүүхдээ таван сартайд нь орхиод л бэлтгэлд гарсан. Гадагшаа тэмцээнд явахаар гарахад хүү минь салхин цэцэг тусчихсан халуураад үлдэж билээ. Тэгээд хоёр сарын дараа хүүхдээ эрээн цоохроор төсөөлөөд ирэхэд зүв зүгээр болчихсон байсан /инээв/. Тамирчин хүний амьдрал ер нь ийм байдаг шүү дээ.
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
ванкуаврын тоглоомыг оюу толгой зохиодог юм шүү
Монгол улсын нэрийн хуудас болж улсынхаа нүүр царай болж явсан гарамгай мастер. Танд эрүүл энх аз жаргал хүсч ерөөе. Бахархал болж түүхэнд үлдэнэ.Цаашдаа хүүгээ болон үеийн тамирчдыг нь сайн бэлдээд олон амжилтын эзэд болохыг ерөөе.
Tegeed Olympia aar hamgiin suuliin bairuudad barag tsas uzeegui ornuudiin tamirchidad hojigdood bdg uchir iy bna. Ingej eh ornii neriin huudas boldog bol hetsuu l iym bna.
Өвлийн олимпоор цанаын тэмцээнийг маш сайхан тайдбарлаж байсан шүү ёстой мундаг бүсгүй дээ Цаашид МЦХолбоо энэ хүний чадалыг ашиглах ёстой. Танай холбоо тамын тогооноосоо гараачээ
IIM CAIXAN CHADALTAI TURSHLAGTAI TAMIRCHIN DASGALJUULAGCH NARAA 100% ASHIGLAJ CHADDAGGYI MALNUUD MONGOLD BAIX JUM AA