sonin.mn

Дамбийн Шижээг 1973 онд Ноосны үйлдвэрийн нэгдлийн ноос хүлээн авах пүүсийн хашаанд машин дээрээс 100- 150 кг-аар шахуургадсан ноос буулгаж байхад анх харж билээ. Х.Баянмөнх аварга ирчихсэн, хажууд нь баахан хүн шаваад, зуны дүүгэм халууныг хэлэх үү, зунгагтай тоосны илчийг яана.

 

Хоёр гартаа нэг нэг соёо дэгээ гялалзуулсан, хүдэр бор залуу өмнөх боодолтой ноосыг биедээ ч хүргэхгүй, хяналтын албаны хүний дэргэд түүдэг мэт өргөн тавих нь хүүхэд надад их л сонин санагдаж байлаа. Тэрбээр Архангай аймгийн Өгийнуур сумын Хутаг-Уул гэдэг газар төрсөн морь жилтэй. Гурван охин, хоёр хүүтэй.

 

Эцэг Дамбий нь метр 90 см өндөртэй, 100 гаруй кг жинтэй, монхордуу хамартай өргөн хавтгай нүүртэй, тэнхлүүн өвгөн байжээ. Түүнийг идэр залууд үеийнх нь нөхөд шахаж шаардсаар барилдуулсанд үзүүр түрүүнд үлдээд, үдэш болтол хаялцаагүй учир маргааш өглөө барилдуулах болсонд шөнө оргоод харьчихсан гэдэг. Ер нь барилдах тун дургүй. Аян жин тээж явахдаа ачаагаа ганцаараа тэгнээд аччихдаг, Үндэсний сур сайхан харвадаг, цээжний тэнхээ сайтай хүн байж.

 

Тийм бүдүүн хадуун хүн үү гэтэл бас ч тиймгүй аж. Уран Шарав, түүний төрсөн дүү, Төрийн шагналт уран барималч Чоймбол нартай хамтарч Хархорин дахь Эрдэнэзуугийн гол цогчин дуган, Дунд Гүдэн сүмийг сэргээн засварлахад идэвхийлэн оролцсон төдийгүй, монгол гутлын улыг шөрмөс мяндсаар товшиж шаглах, саарь хээг алтан хоргонд суулгах, гурван cap хавчихдаа гарамгай нэгэн байжээ.

 

Хөвгүүдээсээ Пагваагаа барилдахыг харавч “Уг нь Шижээ нь таташтай юм” хэмээн горьдоно. Шижээгээ цэрэгт яваад, улмаар ажилчин болсныг сонсоод барилдах нь өнгөрсөн гэж бодож байтал нэг өдөр “Залуу бөх Шижээ хоёр давлаа” гэж радиогоор зарлахыг сонсоод ихэд баярласан боловч ижил нэртэй хүн биз гэж бодоод өнгөрсөн гэдэг.

 

Аав нь ийнхүү горьдох үндэстэй байв. Шижээ цэрэгт явахаасаа өмнө “Туяа" нэгдлийн 500 гаруй адуу маллаж, моринд хорхойсч эмнэг хангалтай ноцолдон эр бяр чангарчээ. 1963 онд зохиолч Дондогийн Цэвэгмид гуай Ардын их хурлын депутатаар сонгогдоод Өгий багт ирж уулзалт зохион байгуулан, өдөрлөг болоход Шижээ хүү сумын заан Намхайг даван түрүүлжээ.

 

Тэгэхэд 20 настай идэрхэн залуу байж. Удалгүй тэрбээр цэрэгт мордож, Барилгын 073-р ангид алба хашив. Тэнд улсын начин Ч.Баасанхүү, цэргийн арслан Дашзэвэг, Увсын М.Мижиддорж, Булганы Д.Галдандагва нарын улсын цолд хараахан хүрч амжаагүй шижигнэсэн залуустай танилцжээ. 1969 онд “Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч Хангайн Намширын гар дээр ирлээ.

 

Тэнд очтол: -Чиний зогсолт, өрөлт арга барил чинь самбо бөхөөр хичээллэвэл тохирно гэж багш нь хэлэв. Багшийнхаа үгнээс гарна гэж юу байх вэ. Ингээд самбо бөхийн барилдаанаар хичээллэж багагүй хөлс хүч, хөдөлмөрөө зориулан байж өөрийн гэсэн унаган мэх болох элэг бүснээс дагуулж хавирах, давуулж гуядах, суун тусангуут тосгуулж гуядахын зэрэгцээ, тухайн барилдааны тактик мэдрэмжнээс шалтгаалан янз бүрийн мэхний хувилбартай боллоо.

 

Шижээ үнэмлэхүй жин болох 90-100 кг-ийн нэмэх, хасах гэсэн гурван жинд ихэвчлэн барилдаж, УАШТ, спартакиад, телевизийн нэрэмжит тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль есийг хүртсэн юм билээ. Тухайн үедээ ид сайн бөхчүүд болох Д.Хадбаатар, Д.Найдан, Г.Жалаа, Д.Лхагвасүрэн, Д.Цэнд- Аюуш нар түүний жинд байх. Хадаа аваргын бэлтгэл хангагч хийж, нэлээд “ноолуулж” байж юм сурсан гэж Шижээ начин маань нутгийн  сэтгүүлч Г.Даваанямд ам алдсан удаатай.

 

1973 онд гэхэд Шижээгийн эр бие жигдэрч, бяр хүч амтагдсан сайхан үе байлаа. Төв аймгийн 50 жилийн ойн их баяр наадам эхлэв. Ж.Мөнхбат аварга “Хан уулын ард ч түрүүлнэ, өвөрт ч түрүүлнэ" гээд хамраа “зангидаж” явсан цаг. Цэнхэр суунаг татсан Хан уулын өвөрт, сэрүүн дагшин Өгий нуурын хүү, залуу бөх Шижээ ч торгоны зодогны захан дээрээс товхийтэл атгаад авах нь тэр ээ.

 

Төв аймгийн наадам төрийн их баяраас төдийлэн дутахааргүй сүрлэг сайхан, өргөн дэлгэр болдог хойно доо. Залуу бөх Шижээ энэ наадамд “орос" хэмээх аймгийн арслан Болд, улсын начин Дагвасүрэнгийн Хадбаатар, даян аварга Цэрэн нарыг голдуу самбо бөхийн мэхээр өвдөг шороодуулж анх удаа аймгийн заан цол хүртэн шөвгийн наймд үлджээ. Аймгийн зааны улаан үнэмлэхээ алдах юм шиг өврөө дарж үзсэн гэдэг онигоо ч гарчээ.

 

“Хадбаатар ид сайжирч байсан ч надтай бэлтгэл хийсээр байгаад мэхийг нь гадарладаг болчихсон. Тэгээд л “дассан нохой бард хуцна” гэгч болчихсон юм” гэж Шижээ начин нэгэн ярилцлагадаа даруухан өгүүлсэн байна лээ. Төв аймгийн наадамд аймгийн заан цол хүртсэн Шижээ 1974 он буюу Ардын хувьсгалын 63 жилийн ойн баяр наадмаар хоёрын даваанд улсын начин Д.Дашжамц, гурвын даваанд Архангайн “мөнгөн” Балдирын хүү аймгийн арслан Сүхбаатар, дөрөвт улсын заан Ундрахын Пүрэв, тавд улсын арслан Жамбалын Хайдавт амлуулан түүнийг орхиод төрийнхөө наадмын соёмботой тугийг тойрч явахдаа “Өгий ээж минь өршөөн соёрхлоо” гэж амандаа шивнэсэн гэдэг.

 

Ингэж Архангайн хөх сувд Өгийнуур баярлуулж, бидэр татуулсан хүн бол Шиж Тэрбээр сайхан эр, сайн бөх төдий! өрх гэрийн халамжит хань, түшиг болох нурших юун. Түүний гэргий Дондогийн Цэнд-Аюуш савхин эдлэлийн үйлдвэрт нормчноор ажиллаж VI таван жилд 11- 14 жилийн ажлыг ажлын найман цагт 3-4 хүний ажил хийсэн амжилтаараа 1978 онд цэл Залуухан насанд; Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм алдар хүртсэн юм.

 

Улсын начин Дамбийн Шижээ маань залуу насны ид хаваа дурсан, хурдан хүлэг тааралдвал түрийвчээ нимгэлэхээс татгалзахгүй, мөнгөн сор суусан тэргүүнээ хурцалж амьдрал жаргал тэгш өргөөний хойморт ханхайн суух бөлгөө.

 

Бөх судлаач Ш.Галсанбаатар

Эх сурвалж: “Бөх”