sonin.mn

Нүүрсний үнэ өндөр байх үед дураараа жаалж байсан алтан үе хэдийн ард хоцорчээ.  Үнэ өндөр үед автомашинаар тээвэрлэхэд ашигтай ажилладаг байв. 2008 онд Засгийн газраас санаачлага гарган үнийн өндөр өсөлттэй үеийг ашиглаж олон улсын хөрөнгө оруулагчдыг Тавантолгойн нүүрсний орд газарт хөрөнгө оруулагчаар оруулж төмөр зам, бусад шаардлагатай дэд бүтцийг бариулж, улмаар Хятадын зах зээлд голлох тоглогч болох боломж бүрэн бүрдсэн байлаа. Яг энэ үетэй зэрэгцээд  тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “Төрөөс баримтлах төмөр замын бодлого” гэгчийг УИХ-аар батлуулж дөнгөв.  Бодлогийн үндсэн санаа нь уурхайгаас гарах нүүрсийг 1800 км төмөр замаар тээвэрлэж Хятадаас хараат бус гадаад зах зээлд хүргэх байв. Бодлогийн хүрээнд “Монгол Төмөр зам” ТӨХК-ийг байгуулж төмөр замын хэргийг хэрэгжүүлэх болов.  Хэдийгээр төмөр замын асуудал боловч уг чанартаа тавантолгойн нүүрсний ордын хувь заяа тэнд хөндөгдөж байсан юм. “Шинэ төмөр зам” нэртэй энэ төслийг олон улсын хөрөнгө оруулагчид ойлгож цөхөөгүй бөгөөд хэзээ мөдгүй хөрөнгөө гаргах гэж байсан хөрөнгөтэй компаниуд нэг нэгээрээ гарцгаасан юм. 

 

Энэ бол 2008 он. Төмөр зам хөрөнгө оруулагчгүй, уурхай төмөр замгүй, Х.Баттулга сайд эх оронч болж үлдсэн юм.

 

2012 онд Засгийн газраас “Шинэ төмөр зам” төсөлд 250 гаруй сая ам.доллар гаргаж өгсөн бөгөөд уурхайн нүүрсийг зөөх энэхүү төмөр замд хөрөнгө оруулагч олох, төмөр зам барьж дуусгах болзолыг Зам тээврийн яам, Монголын Төмөр Зам ТӨХК-т өгсөн юм. Тухайн үеийн Зам тээврийн сайд А.Гансүх хөрөнгө оруулагчийг 2013 онд багтаж шалгаруулж, 2015 оны 10 дугаар сард улсад хүлээлгэн өгнө хэмээн мэдэгдэж байв.

 

Энэ бол 2012 он. Төмөр зам хөрөнгө оруулагчгүй, уурхай төмөр замгүй, Х.Баттулга сайд эх оронч хэвээр л байв.

 

Цагтаа тонн тутам нь 100 ам.доллар байсан нүүрс өнөөдөр 20 орчим ам.доллар болж унаад байна. Тонн нүүрсийг олборлох зардал нь зарагдах үнэтэйгээ ойролцоо байхад ашигтай ажиллах, зах зээлд тэсч үлдэх хамгийн эцсийн зам нь төмөр зам барьж хямд зардлаар тээвэрлэхэд оршиж байв. Энэ  ч утгаар 2015 онд Засгийн газар санаачлага гарган  Монголын Энержи Ресурс ХК, Хятадын  төрийн өмчит Шенхау, Японы Сумитомо  компанийг хөрөнгө оруулагчаар шалгаруулж уурхайн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж зах зээлээ хамгаалж үлдэх тэргүүний зорилт тавиад байв.  Уул уурхайн эдийн засагчдын хувьд энэ хослол хамгийн тэнцвэртэй,  боломжит гарц гэж харж байсан юм. Гэнэтхэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын дарга З.Энхболд нар Тавантолгойн хэлэлцээрийг буруутгаж, төмөр замыг төр мэдэлдээ авах шаардлагыг тавьж хэлэлцээрийг зогсоов.

Энэ бол 2015 он. Төмөр зам хөрөнгө оруулагчгүй, уурхай төмөр замгүй, Х.Баттулга, З.Энхболд нар эх оронч болж үлдэв.

 

Төмөр замд зарцуулсан 250 сая ам.долларын тайлангийн мөрөөр цагдаа гүехэн орсон бололтой. Баримт нотолгоо нь ч байгаа болохоор цагдаа итгэлтэй байна.  Х.Баттулга, З.Энхболд тэргүүтэй баг хамт олон энэ асуудлыг хав дарах эцсийн арга нь ЭХ ОРОНЧ ХЭВЭЭР ҮЛДЭХ явдал гэж үзсэн бололтой.

Үнийн уналтаас хамаарч дэлхий даяарх нүүрсний уурхайнууд зогсч, төлбөрийн чадамжгүй болсоноо  шил дараалан зарлаж байна. Түүний нэг нь манай MMC буюу Энержи Ресурс ХК саяхан төлбөрийн чадамжгүй болсоноо зарлав. Хэрэв төмөр зам барьсан бол хямд зардлаар нүүрс тээвэрлэж, үнийн уналтыг тэсч гарах боломж Монголын бүх нүүрсний уурхайд олдох байв.

 

Одоо. Төмөр зам хөрөнгө оруулагчгүй, уурхай төмөр замгүй, уурхайчид ажилгүй, иргэд орлоггүй, улс мөнгөгүй, Х.Баттулга, З.Энхболд нар өөрсдийгөө эх орончоор зарлав.

 

Уул уурхайн инженер, эх оронч биш Г.Болд-Эрдэнэ

2016.03.25