sonin.mn
Нар хур тэгширдэг найман сарын хорьд гэдэг.  Сэлэнгэ мөрний сав нутгаар “Намрын сар найм юм шиг санагдахаар” байдаг билээ. Энэ жилийн хувьд зундаа жаахан гандуу орсон хэдий ч Шивэр тайгын их хевчөөр нарс, хус хоёр нарны цацраг булаалдан, жимс боловсорч, өөр өөрийн өнгөө хэдийнэ олжээ. Харамсалтай нь түймрийн утаа тэнгэр бүрхэж нар хүртэл улайссан зоос мэт час улаан юм.
 
Алтанбулагаас Улаан- Үдийн замд мөн л манайхтай адил гандуухан. “Будда тур” аяллын багт багтаж Буриадын алдарт хийд Иволгийн дацанг зорьж, бурханы шашны нэгэн гайхамшгийг өнөөгийн бидэнд үзүүлж, Итгэлт хамбад бараалхаж итгэл сэтгэлээ нээж, хүсэл мөрөөдлөө шивнэн “Аз жаргалын эрэлд” гарсан бидний хэсэг нөхөд Сэлэнгэ мөрнөө хөтлөн умар зүг довтолж яваа нь энэ. Сэлэнгэ мөрнийг нэгэн гүүрээр гаталж Галуут нуураас урагшхан түр амсхийж биеэ хөнгөлж аваад хөдөллөө. 
 
Төв Азийн өндөрлөгт орших Монгол нутгаас хойшоо гараад явахад газар улам намссаар байх агаад Галуут нуур орчим очиход далайн түвшнээс дээш дөнгөж 500-гаад метр болж байх жишээтэй. Галуут нуур бол 165 ам км талбайтай, хамгийн гүн газраа 28 м хүрдэг гэж манай хөтөч тайлбарлаж байна. Харин Галуут нуурын цахилгаан станцаас оросууд манайд эрчим хүч худалддаг. Эндээс нэг их хол явалгүй  умард өргөргийн 46 градус 19 минут, дорнод уртрагийн 99 градус 17 минутын орчимд далайн түвшнээс 531 м-ийн ендерт орших Өлзийт булгийн рашаан буюу менеөх Итгэлт хамбын терсен газар, амьдран сууж асан ергее, ууж асан рашаан дээр ирдэг юм байна. 
 
Энэ жижиг байшин дотор нэгэн худаг байна. Түүний усыг ходоод гэдсэнд их сайн гэлцэн хол ойроос зорин ирж уух, сав суулганд хийн зөеж аваачих хүн олон. Тэр худаг их элбэг, тунгалаг устай байсан, энэ жил бүр ховордсон ажээ. 10 л-ийн хувин дүүрэхгүй болж. Ган гачгийнх юм болов уу даа. Эндээс рашаан авахад орос монголгүй зөвхөн эрчүүд орж рашаан аваад гарч ирж ширээн дээр хувин саваа өрөөд хүлээж байгаа бүсгүйчүүлдээ үйлчилнэ. Худгийн байшингийн үүдэн дээр “Эмэгтэй хүн орохыг хориглоно" гээд биччихсэн. Эндээс л хөөрхий бүсгүй заяа гэж хэмээн өрөвдмөөр. Нөгөө талаас нь харах юм бол тэднийгээ худаг ус руу унаж бэртэх, хүнд юм өргөж ядрахаас болгоомжилж, хайрлаж байгаа ч  юм шиг. Ямар ч гэсэн энэ ёсыг орос монголгүй дагасаар авай. 
 
Энэ рашаантай хашаан дотор Итгэлт хамбын амьдарч байсан байшин, мөргөлийн сүм, суварга тэргүүтэн байрлана. Энэ суварганы ард байгаа хадаг яндар болсон харгана урьд өмнө жимстэй байсан юм гэнэ билээ. Одоо жимсгүй ч үхэж хатдаггүй мөнхөрсөн” гэж сүсэгтнүүд хүндэлдэг ажээ. Ер нь бол энэ хавийн элсэрхэг хөрсөнд бор харгана элбэг тааралддаг юм байна.Энд рашаан хүртэж, мөргөл үйлдсэн бид шууд Улаан-Үдийг зорилоо. Улаан- Үд хот бол Үд гол, Сэлэнгэ мөрөн хоёрын бэлчирт 1650-иад онд байгуулагдсан Оросын эртний хот агаад хуучин Дээд үд нэртэй байсан гэдэг. Доод үд гэж бас нэг гол байдаг бололтой. Тэгээд л Оросын их зохиолч Анатон Павлович Чехов энэ хотод ирээд “Дээд үд дэгжин хөөрхөн хот” гэж үнэлснийг одоо болтол хүндэтгэн, бахархаж түүний баримлыг Арбатын гудамд сандал дээр суулган бүтээж, хэлсэн үгийг нь байшингийн хананд дурсгал болгон мөнхөлжээ. Дээд үдийг мэдээж Октябрийн хувьсгалын дараа “Улаан- Үд” болгоо л доо. 
 
Оросын холбооны улсын Буриад улсын нийслэл Улаан-Үд хот өнөөдөр 430-аад мянган хүнтэй Сибирийн томоохон хот болон хөгжсөөр авай. Хөгжсөөр гэснээс Улаан-Үд, Улаанбаатар хоёрт өнгөн талаас нь харвал хөгжлийн их ялгаа байна аа. Улаанбаатарт байгаа арав хорин давхар барилгууд Улаан-Үдэд “очоогүй” л байна. Хятадын худалдааны төв л тэр хавьдаа орчин үеийн загвар хийцтэй юм шиг санагдсан. Төв гудмынхаа хоёр талын орон сууцны нэгдүгээр давхрыг Улаан-Үдийнхэн гадагш нь сунгаж дэлгүүр хийгээгүй байна. Англи хэл дээр алдаатай алдаагүй бичсэн эрээн мяраан хаяг энд тэндгүй наагаагүй байна. Энэ талаас нь харвал бид түрүүлж яваа юм шиг.
 
Улаан-Үд хот руу орж ирүүт л янз бүрийн загварын модон байшин, манайхаар бол гэр хороолол угтана. Модоор ч үнэхээр “зодож” байна аа. Түүнээс гадна хамгийн сайхан нь модоор урлал бүтээх эртний соёл тэр хэвээрээ. Орчин үеийн дэгжин загварын Байшингийн хаалга цонхыг модон угалз хээгээр чимчихлээр манай “Уянгын эрээн гэр" л гэсэн үг. Хотын баруун урдаас орж төв рүү дөхөхөд Үд голын гүүр гарна. Гүүрэн дээр хурдалж яваа зүр гур хоёрын хачин гоё баримал харагдаад енгөрнө. Цааш давхисаар Сэлэнгэ мөрнийхөө гүүрээр гарахад нэгтом барын баримал харагдана. Энэ бол Үд, Сэлэнгийн бэлчирт элбэг байсан амьтдын төлөөлөл байх. Улаан-Үд хотын төв мөн л хуучнаараа. 
 
Лениний одонт дуурь бүжгийн театр, 45 тн зэсээр цутгасан дэлхийд хамгийн том нь болох Лениний толгой, хөгжмийн аяар ус нь хөгждөг оргилуур гээд аялагчдад үзүүлэх юм зөндөө. Мөн “Арбат” гэж гудамж байдаг юм. Тэр гудамжаар машин явахгүй. Нам гүмхэн. Түүх дурсгалын олон зүйл үзэж сонирхож болно.
Энэ гудамжнаас зүүн тийш нэлээд зайтай П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжим бүжгийн сургууль, Худалдаа эдийн засгийн коллеж гээд хуучны том том улаан барилгууд сүртэй харагдана. Тэр сургуулийн баруун талд Гэсэр хааны морьтой хөшөө байх юм. Гэсэр хааны хөшөөний баруун дор шөнийн цэнгээний жижигхэн газрын үүдэнд Оросын эртний баллайк хөгжим, бүжгийн уламжлалыг харуулсан фото зургийн үйлчилгээ байна. 
 
Бид “Золотаяа питичка” буюу “Алтан шувуухай” гэдэг зоогийн газар хоёр удаа очсон юм. Ер нь Улаан-Үдэд “Золотой драгон” /Алтан луу/, “Золотая рыба" /Алтан загас/ гээд “алтан“ гэсэн тодотголтой үйлчилгээний газар олон тааралдсан нь сонирхол татсан шүү. Итгэлт хамбад мөргөж хүсэл мөрөөдлөө даатгахаар явахад өөрийн унаагаар давхиад очиж болох л юм байна. Гэвч нэгд Орос- Монголын хилээр визгүй зорчих болсноос хил дээр авто машины бөөгнөрөл их болжээ. Тэд өглөөнөөс орой болтол хэдэн цагаар дараалал хүлээн зогсдог бололтой. Харин “Будда тур”-аар явсан бидэнд тийм саад бэрхшээл тохиолдсонгүй. Ёстой л “ногоон гэрлээр” яваад ирлээ. Бас яг Иволгийн дацанд очоод Итгэлт хамбадаа мөргөхөд ч аяллын хөтөч урьд нь төлөвлөж, цаг хугацаагаа тохирчихсон болохоор ямар ч хүлээлт саадгүй, санасан хэрэг ёсоор бүтэх нь нэн таатай. 
 
Ер нь заавал “Будда тур” гэлтгүй аялал зохион байгуулах эрх бүхий компанитай гэрээ хийгээд явах нь биед амар юм. Манайхан Улаан-Үд зорихын гол зорилго нь Итгэлт хамбад мөргөх боловч бас хоёр дахь зорилго нь “дэлгүүрдэх" явдал. “Будда тур”-ынхан ч энэ зорилгоо биелүүлэх нөхцөлийг хангалттай олгох юм аа. Түүгээр ч барахгүй хүссэн хүн урьдчилж зохих зардлаа төлөөд Байгаль нуурт очиж амарч болж байна. Сибирь даанч их шатаж байна. Тэр л харамсалтай. Улаан-Үд, Байгаль нуур хоёрын дунд орших хамгийн өндөр даваа бол “Пыхт” (Мацахын гэж орчуулмаар санагдсан)-ийн даваа. Умард өргөргийн 52 градус, дорнод уртрагийн 107 градус 74 минутад далайн түвшнээс дээш 1207 м-т орших энэ давааг даваад л байнга уруудсаар Сэлэнгэ мөрөнтэйгөө цуг Байгаль нуурт хүрдэг юм. 
 
Энэ удаад бид Оросын Холбооны Буриад улсын “Прибайкальский район” (Байгал орчмын дүүрэг)-ы “Грөмячинский” тосгоны “У озера” (Нуурын хөвөө) гэдэг буудалд ирлээ. Очих замд аяллын хөтөч маань “Ядуухан газар очно шүү, сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай” гэж сануулсан тулдаа л хоёр хоногийг хэл ам багатай өнгөрүүлсэн дээ. Үнэхээр ядуухан юм билээ. Харин бид умард өргөргийн 52 градус 98 минут, дорнод уртрагийн 108 градус 30 минутад Байгаль нуурын зүүн эрэгт байрлах
“Горячинск” гэдэг халуун рашаан, сувиллын газраар очлоо. Манай Шаргалжуут, Хужирт шиг л юм. 90 хэмийн халуун рашааны ундарга дээр цорго суулгачихсан гожгодуулж байна. Төрөл бүрийн эмчилгээ сувилгаа хийдэг юм байна. Түүгээр явж байхад модны мөчир, ур, үндсийг ашиглан хөөрхөн сандал ширээ хийчихсэн байх нь сонирхол татна. Хотод нь ч тосгонд нь ч эх орны дайнд амь үрэгдэгсдийг дурссан хөшөө дурсгал, булш бунхан элбэг. Арга ч үгүй юм. Дэлхийн II дайнд өртөж өнчирч үлдээгүй нэг ч гэр бүл байхгүй юм чинь. Энэ тосгоны нэг байшингийн булан дээр “Энэ байшинд дэлхийн II дайнд амь эрсэдсэн нэг эхийн дөрвөн хүү амьдарч байлаа” гэж овог нэртэй нь сийлсэн байна. Үнэхээр сэтгэл шимширмээр шүү. Манайд ч ялгаагүй. 
 
Их найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн шүлэглэсэнчлэн “хар дайн харагдахгүй мөртлөө харандаа үзэг гараас булааж, ширээн дээрээс дэвтэр хурааж, шилэн савтай бэх хуурайлж” байсан тэр хүнд үеийг мартчихгүй юмсан. Өнөөдөр бид тэр “Асар их үнээр олдсон аз жаргалаа хайрлаж явах” үүргээ мартчихаагүй байгаа?
Ер нь Орос, Буриадын тосгоны амьдрал тун амгалан. Архи уусан, гуйвж дайвсан, хашгирч гуугалсан орос, буриад харагдсангүй. Тэд хашаандаа худагтай, саалийн үнээтэй, жимсний модтой, төмсний талбайтай... Сибирьт намар болж тосгоныхон өвлийн бэлтгэлээ базааж байна. Тэд ногоогоо хурааж, тариагаа хадаж, өвс тэжээлээ бэлтгэж байна. Бас шинэ ургацын ногоогоо аль хэдийнэ лангуун дээрээ гаргажээ. Нам гүмхэн амьдарцгааж л байна. Хэдэн нам яаж хэрэлдэх, хэн хэн сайдын суудал руу өнгөлзөх нь тосгоныхонд нэг их хамааралтай биш бололтой.
 
Бид бас Байгаль нуурын хөвөөнд орших манайхан “Мэлхий хад” гээд нэрлэчихсэн нэгэн том хадыг үзлээ. Бас манай Тайхар шиг орчин үеийн аялагчид нэр хаягаа эрээлчихжээ. Уул нь энэ бол байгалцйн нэгэн өвөрмөц тогтцоороо сонирхол татах газар юм. Энэ том хадан дээр мод ургачихсан байх нь сонин. Тэр хавийн байгаль тун сайхан. Далайн эрэг рүү түрж орсон хадан хясаан дээр загас гохдохоор суусан аялагчид ч харагдана. Эргээ дагаад урагш явж байтал нэгэн том боомт тааралдлаа. 
 
Аялал жуулчлал эрхэлдэг бололтой. “Будда тур”-ын буянаар сайхан юм үзэж сайхан сэтгэгдэлтэй буцаж байгаа аялагчид нутагтаа очоод ярих хөөрөх хууч ихтэй. Сэтгүүлч миний хувьд хөдөөгийнхөн минь, малчид минь ноолуурын хэдэн төгрөгтэй болчихоод ирэх зун Итгэлт хамбад мөргөж, буян хурааж, Байгаль нуураар аялан,юм үзэж нүд тайлаасай. Хүсвэл би туслах юмсан гэсэн бодол тээсээр ирлээ. Ирэх замдаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт байдаг “Ээж мод” хэмээх өвгөн нарсаар ордог юм. Би энд олон удаа ирсэн боловч аяллын багт багтаж яваа болохоор дахиад л очлоо. Ноднин, уржнан энэ хавь тэр чигээрээ хогийн овоолго, ялаа батгана буцалсан, нохой шувуу бужигнасан... юун сүжиглэхтэй манатай сэжиг төрж бөөлжис цутгамаар орчин байсан юм. Тэгтэл харин энэ жил арай дээр болжээ. Гайгүй сайхан эмхэлж цэгцэлчихсэн байна. Сүсэгтэн олны ярилцах нь зайран Бямбадоржэнэ хавийг цэгцлэх ажлыг санаачлан гүйцэтгэсэн бололтой.
 
Шүтэж бишрэхийн учир утга юусан билээ. Бид байгаль дэлхийдээ хэрхэн хандаж байгаа билээ гэдгийг бодмоор байна. Тэр өвгөрсөн нарс үнэхээр бидний хүслийг биелүүлэгч ээж минь юм бол бид ээжийгээ ингэж доромжилж болно гэж үү? Одоо тэр идээ цагаа өргөдгийг арай өөрөөр хиймээр байна. Миний аяны тэмдэглэл ингээд дуусч байна. Сибирь даанч их шатаж байна. Тэр л харамсалтай.
 
Сэтгэл минь их өмөрч байна. Тэр ч бас харамсалтай. Байгаа нь байхгүй ч юм шиг, байхгүй нь бий болоод байгаа ч юм шиг. Цааш жаахан явах юмсан.
 
Дамбын Шагдарсүрэн