sonin.mn
Иргэний Зориг Ногоон Намын дарга Цэрэндоржийн ГАНХУЯГ-тай хийсэн ярилцлага
 
-Таны төрсөн нутаг ус, аав ээжийн сэдвээр хоёулаа ярилцлагаа эхлэх үү?
 
-Завхан аймгийн Завханмандал суманд төрж тэндээ 7-р анги хүртэл суралцан, хөдөөний хүүхэд багачуудын адил хурдны морь унаж, хавар нь ямаа самнах, өвөл нь сургуулийн түлээ түлш бэлтгэх аянд оролцдог ийм л хүүхэд байж. Манай нутгийг Хүнгий гол, Их Монгол элсээр нь монголчууд сайн мэднэ.
 
Говь, тал хээр хосолсон, дошгин сүрлэг хайрхадтай, өвөл цаг хүндэрсэн үед тэр хавийн сумдын малчид нутагладаг Буурал хэмээх өнтэй сайхан нутагтай ийм л газар өсч хүмүүжсэн дээ. Аав, ээж маань насаараа сум орон нутагтаа малчнаас авахуулаад сумын нэгдэл, захиргаа, эмийн санд ажилласан.
 
Аавыг минь жолооч, ээжийг минь хүн эмнэлгийн эмийн санд олон жил ажилласнаар нь миний үеийнхэн сайн мэднэ. Олон хүүхдээ мөр бүтэн, гэдэс цатгалан байлгах гэж тэд маань борви бохисхийлгүй зүтгэдэг байж.
 
Аав маань жолоочийнхоо ажлын зэрэгцээ бага сага наймаа үсэргэнэ, ээж үндсэн ажлаасаа гадна гэрээрээ оёдол хийдэг, би ахтайгаа хамт гэрийн шал хийж зарж, дүү нар давс шүүж борлуулах гээд бүгд л эрвийх дэрвийхээрээ хөдөлж, хөл нь дөрөөнд гар нь ганзганд хүрсэн.
 
Ачтай буянтай аав ээжийнхээ зөв, шударга байх, чиглсэн зорилгодоо туйлбартай үнэнч зүтгэх чанарууд бидэнд өвлөн үлдсэн.
 
-Анх улстөрч болох зам хэрхэн нээгдэж байв?
 
-Багаасаа л нийгмийн идэвхтэй хүүхэд байж. Орост сурч байх үед өөрчлөн байгуулалтын сэдэв рүү гүнзгий орсон гэж хэлж болно. Горбачёв, Ельцин нарын дебат, олон намын тогтолцооны тухай маргаан мэтгэлцээн их нөлөөлсөн. Тэр үед оройгоор улс төрийн дээд сургуульд суралцдаг иймэрхүү маргаан мэтгэлцээн дунд умбаж байлаа.
 
Багшийн их сургуульд сурч байсан учраас боловсролын шинэчлэлд түлхүү анхаарч, төгсч ирээд 1989 онд Гэрийн багшийн системийг хөгжүүлэх тухай /одоогоор хувийн сургуулийн дэг жаягийн тухай гэсэн үг/ өгүүлэл бичиж, энэ санаагаа хөгжүүлсээр Монголын боловсролын шинэчлэлийн саналаа боловсруулж тухайн үед Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэнд гардуулж байлаа. 25 настайдаа гэсэн үг.
 
За тэгээд малыг малчдад хөдөлгөөн өрнүүлж, 1991 онд Ардын аж ахуйтны холбоог одоогийн Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржтой хамт үүсгэн байгуулж Монголынхоо бараг бүх аймагт энэ л ажлаар очсон.
 
Монголын Ардчилсан холбоог С. Зориг удирдаж байхад холбооны Тэргүүлэгчдийн Танхим /одоогоор Удирдах зөвлөл/-д боловсрол, хөдөөгийн бодлогын асуудал хариуцдаг, Ардчилал сонины сурвалжлагч гэсэн алба хашдаг ийм л товарищ байж дээ. Ингэж л их улс төрд хөл тавих эхлэл бүрдсэн. Дараа нь УИХ-ын гишүүн, дэд сайд, сайд, Элчин сайд гээд олон алба хашиж.
 
-Монголын ирээдүйн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж олон жил удирдах ажил хийсэн хүний хувьд өнөөгийн шинэ залуу удирдах албан тушаалтныг  хэрхэн дүгнэж байна вэ?
 
-Би ид залуу хорь гаран насандаа том зорилт өөртөө тавьж, амар хялбар замыг хайлгүй, зорилгынхоо төлөө багаас их рүү зарчмаар тууштай ажилласны үр дүнд зорилтууд биелэж, их улс төрд өөрийн гэсэн дуу хоолойг бий болгосон. Одоогийн зарим залуусыг хараад байхад амжилтад хурдан, хялбар аргаар хүрэх гэдэг болсон мэт.
 
Бэрхшээл үзэхгүйгээр, ялангуяа нийгэмд өөрийгөө дэнслүүлэн, муу сайн үг сонсож, хатаагдаж байж л их улс төрд амжилт олдог гэдгийг ойлгоогүй санагддаг. Магадгүй залуу үеийг ийм байдалд хүргэхэд улс төрийн намууд, тэдний удирдагчдын талцал, хуйвалдаан, бүлэглэлийн орчин их нөлөөлсөн байж магадгүй.
 
Уг нь улс төр нь эрүүл саруул өрсөлдөөнийг бий болгосон талбар байсан бол залуус өөрөөр явах байсан байж мэднэ. Нийгэмд тогтоосон энэ ёс бус системийг халахгүй бол цаашаа улам хэцүү болох нь. Төрийн ажлыг хувийн ашиг хонжооны хэрэгсэл шиг ойлгон, нийгмийг талцуулсан бодлого улам мухардалд орох нь. Авилгачдыг өршөөдөг анхны улс болж байгаагаараа Монгол Улс маань шившиг болж гүйцлээ.
 
Залууст маань уг нь энэ байдлыг өөрчлөхөд сэтгэл зүтгэлээ зориулах цаг ирсэн гэж бодогдох боллоо. Манай нийгэмд томоохон шинэчлэл хувь заяаны эрхээр хийгдэх болсоныг анзаарах хэрэгтэй байна.
 
-Өнөөгийн нийгэмд болохгүй байгаа гэж дүгнэгдэж буй зүйлсийг засаж залруулахад хэр их хугацаа орох уу?
 
-Цаг хугацаа орох нь дамжиггүй. Эцсийн эцэст хувь хүн, түүний суурь хүмүүжил, ёс зүйгээс олон олон шийдвэр хамаарч байгааг харж болно. Гэхдээ аливаа шийдвэр гаргахад бид шударга ёсны зарчмыг иш үндэс болгохгүй хэрэгтэй. Шударга ёсонд суурилсан цагт бид хүндрэлээс гарах цаг хугацааг наашлуулж болно.
 
1990 оны хүндрэлээс улбаатай гадны хүчийг шүтэх үзлээс бид тодорхой хэмжээгээр татгалзан өөртөө итгэх үзлийг, өөрсдийнхөө монголчуудын хүч чадал, эрдэм мэдлэгт итгэж чадвал амжилт ойрхон. Мөнгөний бодлогыг нь УИХ биш, Дэлхийн банк зэрэг гуравдагч этгээдүүд тодорхойлдог, долларт уясан валютын бодлоготой удаан явах аргагүй юм.
 
Айлаас эрэхээр авдраа уудлах цаг ирсэн. Монголын бат нот хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралын мөн чанар ийм л бодлого явуулснаар бүрдэнэ. Тэгэхлээр өөрсдөдөө итгэе, тэгвэл Монголоо босгох цаг ойрхон байна гэж уриалъя.
 
-Засгийн газраас МАН-ыг гаргасан нь зөв үү?
 
-Гаргах байсан бол яах гэж Засагт оруулсан бэ гэж сөргүүлж асуумаар байна. Намууд хамтран ажиллах гэрээ гэгчид, улс төр, эдийн засгийн томоохон өөрчлөлтийг эхлүүлэх гол зорилго тусгасан ч эдгээр нь хэрэгжсэнгүй. Тэгэхлээр аль аль талдаа асуудал байгаа, гээндээ ч гоондоо ч бий гэдэгсэн. Гэхдээ олон суудалтайн хувьд АН илүү хариуцлага хүлээх нь нэн тодорхой шүү дээ.
 
-Шинэ сайдын томилгоонд таны нэр явж байгаа.Та сайд болох уу? 
 
-Хэвлэл мэдээллээр тийм таамаглал явж байгааг харсан. Сайдаар томилогдоно гэдэг нь улс төрийн томоохон хариуцлага юм. Түүнээс биш зөөлөн суудалд залран хувийн хүсэл зорилгоо хэрэгжүүлэх хэрэг биш. Сайдаар очлоо гэхэд ялангуяа ийм богино хугацаанд дорвитой олон ажил хийж чадахгүй.
 
Сайд болохдоо гол нь бус юу хийх, ямар үр дүн гаргасан байх вэ гэдэг нь чухал. Манай намд сайд хийчихээр туршлага, мэдлэг хуримтлуулсан олон хүн бий. Намын дүрмээр ийм зиндааны албан тушаалын асуудлыг Улс төрийн зөвлөлийн нууц санал хураалтаар шийдвэрлэдэг.
 
ИЗНН-ыг төлөөлөн Засгийн газрын танхимд ажиллах нь энэ намын ажил хэрэгч чадвар, зөв шударга байр суурийг харуулах томоохон сорилт юм. Энэ өнцгөөс харж сонголтоо хийх нь зөв.
 
Бодит байдал гэвэл, улс орны эдийн засаг ийм хүнд болчихсон, цалин тэтгэврээ чүү ай тавьж байгаа, олон улсын санхүүгийн байгууллагын гаргасан судалгаагаар гадаад өрийн хямралд гүнзгий автсан улс болчихсон, нам бүлэглэлийн талцал хэрээс хэтэрсэн нөхцөлд төрийн сайд хийх нь тийм ч дурлаад байх хэрэг биш болов уу.
 
-Улстөрийн гацааг яаж арилгах вэ?
 
Юуны өмнө засаглалын хямралыг давахын тулд Үндсэн хуулийнд өөрчлөлт оруулж, заримдаг засаглалаа нэг мөр ойлгомжтой болгох нь чухал. Монголд ухаалаг гэхээсээ өндөр чадамжтай, шударга зарчимд суурилсан, хүчирхэг төрийг бүрдүүлэхээс эхэлнэ гэж ойлгодог.
 
Нөгөө талдаа сонгогч зөв сонголтоо хийх орчин бүрдүүлэхэд анхааръя. Ингэж чадахгүй бол асуудал стандарт бус аргаар шийдэгдэж магадгүй. Үүнийг л улс төрийн намууд ойлгож, явцуу үзлээсээ татгалзан нэг ширээний ард суун шийдлүүдээ гаргавал хурц байдал руу орохоос зайлсхийж болох юм.
 
Нийгэмд өөр бодлого, өөрчлөлтийг хэрэгжүүлэх уур амьсгал 90 он шиг бүрдэж эхэлсэн гэдгийг том дарга нар харж чадвал энэ гацаанаас гарах нь түргэн болно. Хөлөө жийлцээд, дарга сайдын сандал сэнтий рүү шүлсээ үсэргэн дайралцаад байвал ард түмэн нэг л өдөр зангарагаа харуулах нь холгүй болсон байна.
 
-Сүүлийн хэдэн өдөр буудайны тухай хэрүүл тасарсангүй. Ямар ч байсан энэ жил  тодорхой хэмжээгээр ургац алдах нь ойлгомжтой болчихлоо. Импортоор буудай авна, авахгүй гэж байтал гурилын үнэ нэмэгдчихлээ. Энэ салбарыг та сайн мэднэ. Тэгэхээр одоо яавал дээр гэж бодож байна?
 
Атрын гуравдугаар аянаар уналтад орсон салбараа бид босгож чадсан. Ингэхдээ тариаланчдадаа, иргэддээ төр итгэн тэднийг дэмжсэн. Анх энэ аян эхлэх үед хэрэгцээнийхээ 25 хувийг л хангаж чаддаг бусдыг нь тусламжаар гаднаас авдаг улс байсныг өөрчилсөн. Энэ аян эхлэх үед газар нь атаршсан, дэлхий даяар хүнсний хямрал нүүрлэсэн, улсын мөнгө санхүү тийм ч сайн биш байсан.
 
Тэр үед монголчуудын аюулгүй байдлыг хүнсний аюулгүй байдалтай холбон шийдвэртэй байж чадсаны үндсэн дээр газар тариалан хөгжих зөв сигналыг өгч чадсан. Одоо хараад байхад цаг уурт л бурууг өгөх чигтэй байх шиг. Буруутан бол цаг үргэлж төр л байдаг. Төр засаг тариаланчидтайгаа тэрсэлдэх бус зөвшилцөн, нүүр нүүрээ харан асуудлаа ярилцвал эрүүл саруул шийдвэрүүд гарна, гарц олдоно.
 
Бид хариуцлагыг байгаль дэлхийгээс биш өөрсдөөсөө хайх нь зөв шүү. Хариуцлагагүйн зуд нүүрлэчихэж. Тариа тарих нь манай улсын хувьд амаргүй ч гадны агуулахад шавьжны хор цацсан будааг хямд үнээр авч иргэдийнхээ эрүүл мэндийг хордуулахыг бид яагаад ч дэмжиж болохгүй юм.
 
-Улстөрийн намууд эв зүйгээ олохгүй, улс орны ажлыг гацаасан цөөнгүй тохиолдолд ИЗНН  улс орон, ард түмнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавихыг сануулж, мэдэгдэл, уриалга гаргаж байсныг санаж байна. Танай нам ямар нэгэн  алхам хийх үү?
 
Бид яг энэ асуудлаар ярилцаж байна. Ялангуяа Өршөөлийн тухай хууль батлагдсан нөхцөл байдал Монголд өөрчлөлт хэрэгтэйг харуулсан, улс төрийн орчин ямар аймшигтай бохир заваан болсоны илэрхийлэл боллоо. Төрөө эрхэмлэн дээдэлдэг, төрдөө хамаг итгэлээ даатгадаг өвөрмөц уламжлалтай ард түмэн маань эгдүүцсэн байдалтай байна.
 
Гадна талаас нь харж байхад Өршөөлийн тухай хуулийг зарим нь ял өршөөх, хэлмэгдүүлэлтийг цагаатгах зэрэгтэй хольж хутган тайлбарлацгааж байна. Хэлмэгдүүлсэн бол Цагаатгалын хуулиар явах ёстой. Хууль нь нууц байдалд хэлэлцэгдэн батлагдсан болохоор халуун гал тогоон дотор нь юу болоод өнгөрснийг хэлэхэд хэцүү юм.
 
Гэхдээ л аль ч тохиолдолд авилгалыг өршөөж болохгүй гэдэг тал дээр бид хатуу байр суурь баримталдаг. Авилгын эсрэг хууль батлуулах гэж хэрхэн тэмцэж байснаа эргэн санахад ч хүргэж байна.
 
Удахгүй манай байр суурь тодорхой болох биз ээ.
 
В.Нэргүй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин