sonin.mn

Нүүдлийн уламжлалтай, өвөрмөц хэл соёлтой Монгол Улс Ази тив дотроо газарзүйн хувьд олон соёлын уулзварт оршдог. Тогтож хэвшсэн уламжлал гэвэл Төв Ази, Зүүн Хойд Ази, Өвөр Азийн бүс нутаг гэхчилэн ялгадаг, ойролцоо төстэй чанараараа Монгол аль алинд нь багтаж болох боловч орчин үеийн Монголынд аль нь ч бүрэн илэрхийлж чаддаггүй. Аль нь ч манай газарзүйн байрлалыг яг таг тодорхойлдоггүй. Монгол бүс нутаг гэдэг ойлголтыг газарзүйн өндөрлөг, соёлын өвөрмөц ялгааг нь харгалзан Өндөр Ази гэж нэрлэвэл илүү тохиромжтой мэт. Тэгвэл өндөрлөг газар, түүхэн үйл явцын ач холбогдлыг илэрхийлэхийн зэрэгцээ Инглхарт Вэльцэлийн Дэлхийн соёлын газрын зурагт тусгагдсан өвөрмөц байрлалыг тодотгох юм. Өндөр Ази нь Төв Ази, Зүүн Хойд Ази, Өвөр Азиас ямар ялгаатай вэ?


Төв Ази


Төв Ази гэж Казахстан, Киргизстан, Тажикстан, Түркмэнстан, Үзбэкстан улс багтдаг далайд гарцгүй бүс нутгийг нэрлэдэг. Тажикстанаас бусад нь түргүүд, тажикууд нь пэрс, бүгд торгоны замтай түүхээрээ холбогддог, лалын шашинтай. Монгол харин түрэг, пэрсийн нөлөө багатай, буддын шашинтай, нүүдлийн соёлтой, бараг дан монголчуудаас бүрдсэн улс. Төв Ази нэгэн хэвийн талархаг, цөлөрхөг нутагтай бол Монгол өргөн уудам талын бэлчээртэй, уулархаг болон говийн бүстэй тул экологи, соёл, газрын төрх байдал нь хамаагүй олон янз байдаг.


Зүүн Хойд Ази


Зүүн Хойд Азид Хятад, Япон, Солонгос зэрэг хүн амын нягшил ихтэй, өндөр хөгжсөн эдийн засагтай, күнзийн суртлын нөлөөнд автсан нийгэмтэй улсууд багтдаг. Эдгээр улстай монголчууд түүхэн хэлхээ холбоотой, улс төр, эдийн засаг, соёлын харилцаатай боловч аж үйлдвэржсэн, суурин иргэншлээс нүүдлийн уламжлал эрс ялгаатай. Күнзийн сурталтай нийгмийн бүтэц шатлан захирах ёс, хамтын зарчимд тулгуурладаг бол монгол соёлын үнэт зүйлсэд хувь хүний эрх чөлөө, дасан зохицох чадвар болон нүүдлийн өвтэй холбоотой юм бүхэн орно.


Өвөр Ази


Өвөр Ази гэж Монгол, Түвд, Төв Азийн болон Хятадын зарим хэсгийг нэг бүс нутаг болгон үздэг байсантай холбоотой түүхэн нэршил. Одоо бараг хэрэглэгдэхээ больсон. Энэ нэршил бүс нутаг дахь Монголын түүхэн үүрэг, хөрш зэргэлдээ орнуудынх нь харилцааг тусгадаг боловч орчинд үеийн бодит байдлыг тодорхой илэрхийлж чаддаггүй. Одоо Өвөр Ази гэвэл Азийн томоохон иргэншлүүдийн зах хязгаар гэсэн ойлголт төрүүлэхээс цаашгүй.


Өндөр Ази хэмээх ойлголт


Өндөр Ази гэдэг нэршил монгол орны газарзүйн өндөрлөг байршил, уламжлалт соёлын өв, түүхэн ач холбогдлыг өвөрмөц байдлаар илэрхийлж чадна. Газарзүйн хувьд Монгол Улс далайн түвшингээс 1,500 мэтр дээш тэгш өндөрлөгт оршдог. Энэ өндөр байршил манай байгаль цаг уур, экосистэм, хүмүүсийнх нь тэсвэр хатуужил, ширүүн дориун занг тодорхойлно. Соёлын хувьд Монгол Улс Хятадын суурин иргэншил, талын нүүдэлчин соёл хоёрыг холбосон гүүр болж яг Төв Азийн ч биш, бас Зүүн Хойд Азийн ч биш өвөрмөц хэн чанарыг бүрдүүлдэг тул Өндөр Ази гэдэг ойлголт бүс нутгийн динамик хөдөлгөөн, соёлын харилцааг монгол төвийн үзлээр тодорхойлох хэрэгсэл болно.


Инглхарт Вэльцэлийн дэлхийн соёлын газрын зураг дахь Өндөр Ази


Инглхарт Вэльцэлийн соёлын газрын зураг дэлхийн соёлын үнэт зүйлсийг “уламжлалт болон иргэний үнэт зүйлс”, “амьдрах чадвар болон өөрийгөө илэрхийлэх үнэт зүйлс” гэсэн хоёр хэмжээст ойлголтын хүрээнд тайлбарладаг. Монгол Улс энд хөршүүдээсээ нилээд ялгаатай оронзайд, уламжлалт болон амьдрах чадварын баримжаатай үнэт зүйлд ойр байршилтай байна.


Уламжлалт болон иргэний үнэт зүйлс


Монгол Улс буддын шашинтай, байгаль дэлхийг хайрладаг ёс заншилтай тул уламжлалт үнэт зүйлсэд нилээд ойрхон байгаа. Аж үйлдвэржсэн Зүүн Хойд Азийн иргэний үнэт зүйлсээс ялгаатай нь монголчууд нүүдлийн соёлтой учраас байгаль орчинтойгоо зохирон амьдрах оюун соёлын уламжлалаа хадгалж үлдсэн.


Амьдрах чадвар болон өөрийгөө илэрхийлэх үнэт зүйлс


Монгол Улс амьдрах чадварын хамрах хүрээнд ойр байгаа нь эрс тэс уур амьсгал, хүрээлэн орчны хатуу ширүүн нөхцөлтэй холбоотой. Гэсэн хэдий ч улс үндэстэн орчин үежихийн хэрээр өөрийгөө илэрхийлэх үнэт зүйлсэд илүү ойртож байгаа нь нийгмийн сүлжээ, уран зураг, дуу хөгжим, орчин үеийн урлагт илэрхий тусгалаа олсон. Энэ хоёрдмол шинж чанар нь монгол орныг соёлын газрын зурагт өвөрмөц байршилтай болгож Төв Ази болон Зүүн Хойд Азиас ялгаж өгчээ.


Олон улсын хамтын ажиллагаа


Сүүлийн 3-4 жил Монгол Улсын гадаад харилцаа эрс идэвхжиж гадаадын томоохон удирдагчдийг эх орондоо өндөр дээд хэмжээнд айлчлуулдаг болсон. Энэ бүх айлчлал олон улсын тавцанд манай улсын байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ Өндөр Ази гэдэг өвөрмөц байршлыг бататгах нөхцөл байж болох юм. Зөвхөн хоёр айлчлалыг дурдахад, түүхэн эх сурвалжид Ромын Абаа гэж бичдэг байсан Ромын Пап Франциск манайд айлчилж Монгол Улс шашин хоорондын яриа хэлэлцээ, хүрээлэн орчны хамтын ажиллагаа, соёлын солилцооны зангилаа байж болно гэдгийг харуулсан. Мөн Францын Ерөнхийлөгч Макрон айлчилж ураны хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсанаар Монгол Улс дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын гол тоглогчдын нэг байж болно гэдгийг сануулсан. Одоо 2025 онд хэрэгжүүлэх өндөр, дээд хэмжээний олон айлчлал өрнө, дорныг холбосон Монгол Улсын стратэгийн ач холбогдлыг улам тод томруун илэрхийлэх байх.


Соёлын ялгаа


Монгол соёлын ялгаа цагаан сарын цаг хугацаа болон ёс заншилд илэрхий тусгалаа олсон, зөвхөн өдөр зөрөх төдийгүй золгох ёс, идээ зоог нь хүртэл ялгаатай, өвөрмөц зан заншил, өнгө төрхтэй. Дээр нь кирилжин үсгийн хажуугаар монгол бичгээ сэргээж байгаа нь орчин үеийн нөхцөлд зохицуулан үндэсний шинж чанараа хадгалах эрмэлзэлтэй холбоотой. Монгол бичиг монголчуудын хэн чанарын дээд илэрхийлэл, Өндөр Азийн бэлгэдэл болох юм.


Төгсгөл


Монголжин бүс нутгийг Өндөр Ази хэмээн нэрлэснээр бид газарзүйн өндөрлөг, соёлын өвөрмөц чанар, түүхэн уламжлалаа тодотгож байгаа хэрэг. Ази тивдээ илүү өргөн хүрээг хамарсан, Монголыг арай дутуу илэрхийлсэн Төв Ази, Зүүн Өмнөд Ази, эсвэл Өвөр Ази гэдэг нэршлийн оронд Өндөр Ази гэдэг нэртомъёо хэрэглэж дэлхийн улс төр болон эрдмийн хүрээнд эргэлтэнд оруулж чадвал Монгол Улсын өвөрмөц хэн чанар, бүс нутгийн болон дэлхийн соёлын динамик хөдөлгөөнд гүйцэтгэх үүргийг нь илүү тод томруун харуулж чадна. Инглхарт Вэльцэлийн соёлын газрын зурагт монголчуудыг хэдэн зууны турш тодорхойлж ирсэн тэсвэр хатуужил, дасан зохицох чадвар тусгалаа олсон байгаа. Монголд хэрэгжих өндөр дээд хэмжээний айлчлалууд, цагаан сар, наадам зэрэг уламжлалт соёл, монгол бичгийн сэргэлт зэрэг нь олон улсын тавцанд манай байр суурийг бататгаж Өндөр Ази гэдэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх урьдчилсан нөхцөл болно гэж бодож байна.

 

 

Бугат Л. Алтангэрэл