sonin.mn

Маршал Чойбалсангийн бие 1951 оны 11 дүгээр сарын сүүлчээс эрс муудаж, ажил албандаа явж чадахгүй гэртээ хэвтэж эмчлүүлэх болжээ. Эхний үед түүний биеийг Эрүүлийг хамгаалах яамны сайд Дугар, Монголд уригдан ажиллаж байсан зөвлөлтийн эмч нар үзэж байжээ. Удалгүй Монголын Засгийн газрын хүсэлтээр профессор Вишеневский нарын бүрэлдэхүүнтэй эмч нарын бүлэг Москвагаас ирж Чойбалсангийн биеийг үзэж урьдчилан шинжилгээ хийгээд бөөрний тус газарт хавдар үүссэн тул мэс засал яаралтай хийлгэх шаардлагатай хэмээн дүгнэлт гаргажээ.

 

Маршал мэс заслыг эх орондоо хийлгэхийг хүссэн боловч "Танай эндэхийн хагалах группын газруудыг шалган үзэхэд багаж хэрэгсэл тохирохгүй тул хойш авч явахаас өөр аргагүй" гэж тайлбарласан байна. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо эмч нарын дүгнэлт зөвлөгөөг үндэс болгон 1952 оны нэгдүгээр сарын эхээр түүний биеийг Москвад эмчлүүлэх шийдвэр гаргасан байна.

 

Чойбалсангийн референт Д.Шаравын дурсамжинд өгүүлснээр "Маршал явахынхаа өмнө Ю.Цэдэнбал бид хоёрыг дуудаад өрөөндөө байсан тусгай сейфүүдийн материалыг бүртгэснээр нь бидэнд шилжүүлж, түлхүүрийг Ю.Цэдэнбалд өгсөн юм. Мөн гэртээ байсан бүх юмаа янзлаад түлхүүрээ Гүндэгмаа гуайд үлдээсэн. Одоо бодоходХ.Чойбалсан эргэж ирэхгүйгээ мэдсэн бололтой" гэжээ. Хожим 1959 онд болсон МАХН-ын Төв хорооны III бүгд хурал дээр Цэдэнбал хэлсэн үгэндээ "Чойбалсан нас барахынхаа урьд хэдэн хүний зан байдлыг хэлсэн. Өөрөө нас барах магадгүй юм гэдгээ мэдээд байсан юм" гэжээ.



Аркадий Стольпин юу хэлэв?

Москвад очсоны дараа Кремлийн больницын дарга профессор Егоров "Операци хийхийн өмнө Сталинд мэдэгдэх болно. Мөн операци хийлгэхийг хэнд даалгахыг бид тэр хүнд мэдэгдэх юм. Үүний дараа жинхэнэ операци хийх ажилд орно" гэж хэлж байсан хэмээн Д.Шарав "Маршал Чойбалсан нас барсан тухай зарим тэмдэглэл"-дээ бичжээ.

 

1952 оны нэгдүгээр сарын эцсээр Маршал Чойбалсан өөд болж түүний цогцсыг Москва дахь Үйлдвэрчний ордны Баганат танхимд байрлуулан салах ёс гүйцэтгэхэд Сталин тэнд байсангүй. Гадаад, дотоодын зарим эрдэмтэн, судлаачид жирийн хүмүүсийн дунд ч Сталин, Чойбалсангийн саналыг харгалзахгүйгээр ЗХУ-д аваачиж эмчлэх нэрийдлээр хагалгаа хийж амь насыг нь хөнөөсөн хэмээх хардалт, сэжиглэх явдал тэр үеэс бий болжээ.

 

Тухайлбал, Францын Монгол судлаач Аркадий Стольпин "Москва-Бээжингийн завсар дахь Монгол орон" номондоо "1949 оноос хойш Чойбалсан, Сталин нарын амьд сэрүүн байсан жилүүдэд тэдний харилцан ойлголцол тийм ч сайн байгаагүй бололтой. Сталинизмын ЗХУ-д дарангуйллын онцгой хэлбэр олж сэхээтнийг хэлмэгдүүлэн, хамтралын тариачдыг албан татвараар хяхах болсон үед Чойбалсан газрыг нийгэмчлэх, хувийн өмчид халдахыг эсэргүүцэж байсан нь Чойбалсангийн "Гэнэтийн үхэл Сталины тооцоотой холбоотой" гэх мэт цуу яриа тарахын шалтгаан болжээ.

 

Гомулка мэт Төв Европын коммунист удирдагчдаас либерал оролдлого өчүүхэн төдий цухалзмагц Сталин тэднийг баривчлуулах буюу хороолгодог байсан юм. Хамгийн орчин үеийн больниц Улаанбаатарт өөрийн нь мэдэлд байсаар атал Кремлийн мэс засалчдын гарт аваачихаар хөхөө өвлийн хүйтэнд олон мянган километр зам туулуулах шаардлага гарсан гэдэг гайхмаар юм" гэжээ.



"Чойбалсан хорлогдсон гэх ямар ч үндэс байхгүй"

Харин Б.Шарав дурдсан бүх сэжиг тааварт хариу болгон дурсамждаа өгүүлэхдээ "Зөвлөлтийн эмч нар Чойбалсанг эмчилж эдгэрүүлье гэж өдөр шөнөгүй зүтгэж байсан юм даа. Хорлогдсон гэж үзэх ямар ч үндэс байхгүй" гэжээ. Мөн энэ талаар түүхийн ухааны доктор Л.Бат-Очир "Хэдийгээр сэжиг төрүүлэхээр хөндлөнгийн ажиглалт байсан ч Сталин, Чойбалсан хоёрын хооронд бие биеийг үзэн ядахад хүргэсэн зарчмын тийм зарчим, хурц маргаан байгаагүй болов уу гэж бодно.

 

И.Сталин 70 насны ойгоор явуулсан баярын цахилгаанд түүнийг үгээ олохгүй дээдлэн магтаж, даян дэлхийд байгаагүй их суутан мэт өргөмжилсөн хийгээд тус ойгоор илгээсэн баярын илэрхийлэлтэд хэдэн зуун мянган хуний гарын үсэг зуруулах ажлыг санаачлан зохион байгуулсан зэргээс үзсэн ч тэдний эв түнжин хагарсан гэх шинж тэмдэг ажиглагдахгүй байна.

 

Сочид Сталинтай уулзаж, ярилцаж ирээд хоёрхон сарын дараа дахин эргэж явах нь олон нийтэд эвгүй сэтгэгдэл төрүүлэх вий гэснээс Ю.Цэдэнбалыг өөрийн өмнөөс явуулсан байж болох юм. Зарим хүмүүсийн ярьдгаар тэр ойд зөвхөн коммунист, ажилчны намуудын тэргүүн нарыг урьсан гэдэг бөгөөд тийм бол Чойбалсан эс очсон нь зүйн хэрэг" гэжээ.

 

1951 оны долоодугаар сард ардын хувьсгалын 30 жилийн ойн баярын хурал дээр Чойбалсан хэлсэн үгэндээ "...Их Сталинаас Монголын ард түмний төлөө үргэлжид тавьдаг анхаарал санаачлагагүйгээр өөрийн эрх чөлөөт, тусгаар тогтносон төрийг байгуулж хөгжүүлэх үйл хэрэг... их амжилтууд олох бололцоогүй байсан юм. Ийм учраас Монголын ард түмэн нь өнөөдөр өөрийн их баярыг тэмдэглэхдээ ах дүү зөвлөлтийн ард түмэн ба дэлхий дахины эрх чөлөөг эрхэмлэгч бүх улс түмний их жолоодогч нөхөр Сталины зүг хандаж ард нийтийн аугаа их баяр талархлынхаа үгээ дэвшүүлж байна" гэжээ.

 

Энэ бүхнээс үзэхэд Маршалын бие сүулийн жилүүдэд олонтаа чилээрхэх болж тасралтгүй эмчлүүлж сувилуулсан боловч өвчин нь илааршихгүй даамжирсаар эцсийн бүлэгт дийлдэхгүйд хүрсэн болов уу гэлтэй. Маршал Чойбалсан аргын улирлын 1952 оны нэгдүгээр сарын 26-нд Москвагийн цагаар 18 цаг 50 минутад буюу билгийн тооллын XVI жарны хар луу жилийн өвлийн адаг сарын битүүний хулгана цагт (Улаанбаатарын цагаар 23 цаг 50 минутад) 56 настайдаа таалал төгсжээ.



Чойбалсангийн өвчний онош бөөрний РАК гэж тогтоогджээ

Харин Маршалын эхнэр Б.Гүндэгмаа түүний биеийн байдлын талаар юу ярьсныг сонирхъё. Тэрээр 1952 оны хоёрдугаар сарын 29-нд ярихдаа:

1.Удаан хугацаагаар өвчилсөн хэмээх баримт сэдэв үгүй байлаа. Гагцхүү ажилдаа шөнө их сууж орой унтдаг байсан юмсан. Шөнө нойрны эм ууж унтана. Үгүй бол шөнө босоод юм уншиж байдаг болсон юм. Гол төлөв өглөөний 4-5 цагийн үед унтаж амардаг заншилтай болсон юм.


2.1947 оноос эхлэн өдөр бүрийн гурван цагт доктор биеийн нь эрүүл мэндийг тогтмол үздэг болсон. Үүнд онцын мэдэгдэх юмгүй, чих нь бага зэрэг хатуурч эхэлсэн. Бага зэрэг амьсгаатай болсон ба турж эхэлсэн билээ. Үүнд, өөрөө хэлэхдээ, "Нас дээр гарч байгаа учир ийм болох нь аргагүй" гэж хэлдэг байв.


3.1951оны намар найм хоног сууж нэгдлийн дүрмийг боловсруулж ажилласан ба ес дэх шөнө бага зэрэг халуурч эхэлсэн. Энэ бол өнгөрсөн оны (1951он) 11 дүгээр сарын 25-ны шөнө байлаа. 26-ны өглөө босоод хэлэхдээ, "Миний бөөр бага зэрэг өвчтэй байна. Бага насандаа хувьсгалын ажлаар явж байхад хоёр хоног бөөрний судас татаж намайг хазгай муруй явуулдаг байж билээ" гэж ярьж байсан юм.


4.Энэ өвчин оронд хэвтэхэд бага зэрэг өвдөхөөс биш, босох, суух, идэх, уух, явах гишгэх зэрэгт өвчингүй байсан юм. Тэр өдрөөс эхлэн эхний 14 хоногт чухам ямар өвчин болохыг таниагүй. Дараа нь зарим докторууд гэдэс гэж байсан. Зарим нь бөөрний хавьд ямар нэгэн хавдар юм уу гэж байлаа. Ингэж хүндэрч эхлэхийн хамт нэгэн хагас сайн өдөр Цэдэнбал дарга орж ирээд "Эд нар сайн танихгүй байсаар удаашруулж магадгүй болно.

 

Иймд Зөвлөлт улсаас тусгай докторуудыг ирүүлж үзүүлбэл ямар вэ" хэмээн илтгэж, хагас сайн өдөр хойш мэдэгдэж, бүтэн сайн өдөр хариу ирж, нэгдэх өдөр гурван доктор ирж арав шахам хоног шинжилгээнүүдийг явуулж маршалын төрөл садан хүмүүсээс ямар нэгэн рак өвчнөөр өвчилж явсан эсэхийг судалж үзээд, "Одоогийн маршал Чойбалсангийн өвчин бол бөөрний рак болж магадгүй байна.

 

Одоохон операци хийх хэрэгтэй байна" гэсэнд, маршалаас тэгвэл эндээ хийлгэхийг хүссэнд "Танай эндхийн хагалах группын газруудыг шалгаж үзэхэд багаж хэрэгсэл тохирохгүй тул хойш нь авч явахаас өөр аргагүй" гэсэнд зөвшөөрөв. Тэрээр орлогч нарыг цугларуулан ирүүлж албан ажлын талаар үүрэг өгч явах үед докторууд онгоцоор явахад түргэн ирэх (хүрэх) боловч замдаа ядрах байх гэсэнд "Би онгоцоор явахад хөөрдөг болсон юм.

 

Одоо иймд вагоноор явъя" хэмээн хэлж, "Ямар нэгэн баяр ёслолын ажил хэргээр явах гэж байгаа биш нэг их хөл зардал болсны хэрэггүй, вагон дээр очиход над нэг ЗИМ машин, Гүндэгмаа эд нарт ЭМ машинаар явбал болно" гэж байсан байна. Явах үед носилкаар дамжилж машинд оруулах хэмээхэд өөрөө "Үгүй би хувцаслаад гарч чадна" гэж хэлээд хувцаслаад гарч машинд сууж бид нар хоёр талаас нь тушиж вагоны буудал дээр шөнө очиж явахад, "Би ганц хүүтэй юмсан, түүнийгээ авч явах гэтэл сургууль хичээл нь тасрах юм болов уу даа" гэж байжээ.



Mаршал нэг цэг 30 минутын дараа ухаан оржээ

Тэгээд хойно очоод шинжилж үзэхэд бөөрний рак лавтай болж таараад хагалах шийдвэрийг хоёр хоногийн өмнө докторуудаас маршалд таниулж хэлэхдээ “Та бол удаан жилийн дотор хүнд ажил хийж явсан тул мэдрэлийн ажиллагаанаас болж тариа хийж хагалж болохгүй учир, түр ухаан алдуулж 30 минутын дотор операци хийж дуусгах ба түүний дараа нэг цаг 30 минут болж ухаан орох болно" хэмээн хэлсэн ба яг дурдсан минутдаа багтсан билээ.

 

Маршал ухаан орж уух юм хүссэнд докторууд гурван цагаас нааш юм ууж болохгүй хэмээсэн. Тэгвэл миний уруул хэл дээр нойтон юм хүргэж байхыг гуйсан. Би ёсоор нь модонд хөвөн ороож нойтон юм аманд нь хүргэж өгсөн билээ. Чингээд гурван цагийн дараа уух юм өгсөнд бүх бие нь хөдөлж болохгүй учир зөвхөн толгойг бага өндийлгөж маршал өөрийн биеийг хүчлэн уусан билээ.

 

Чингээд бүх бие нь амарч сайхан болоод дараа нь докторуудад баяр хүргэж гар баринад "Аюулт өвчнөөс хагацаасанд баярлалаа, нөхөд минь" гээд "За хэдий хэр том юм авав" гэсэнд докторууд "10 гарун сантиметр юм авлаа" гэжээ. Үүнд маршал өөрөө хэлэхдээ "Урт нь 20 сантметр орчим, өргөн нь 10 сантиметр байх ёстой юм" гэж хэлсэн юм" Тэгэхээр тэр докторууд "бөөрийг нарийвчлан үзэхэд бараг тэр хэмжээнд тохирч байсан тул өөрөө өвчнөө сайн мэдэж байж" гэж гайхсан гэдэг.


Маршал тэр шөнөдөө сайхан амарч унтаад маргааш өглөө сэрж эхлэхийн хамт их ёолж эхэлсэн ба зүрхний ажиллагаа муудсан учир докторууд их л үймж “Таны биед нэлээд тариа хийж эхлэх нь байна шүү" гэхэд маршал "Зүгээр, зүгээр ямар эмчилгээ хийх аваас тэрнийг хийх хэрэгтэй" гэж байсан байна. Гэвч хэчнээн тариа хийсэн ч зүрх нь ажиллахгүй байсаар 18 цаг 50 минут хүртэл барьж байгаад чадалгүй алдсан байна.

 


Тэрээр хувьсгалын түүхээ бичиж чадсангүй өөд болов

Үүнд, нэг эмэгтэй доктороос ярьсан нь "Нэгэнт рак өвчинд ямар ч эмчилгээгүй. Миний нэг нөхөр доктор хүн байсан. Анханда нагац хурууны үзүүр өвдөж эхлэхийн хамт сарвуугаар нь огтолж авах гэхэд өөрөө хурууны дунд үеэр авахаар ярилцаж авсны дараа гурван сарын хойно бугуй дээр тэмдэг гарсанд мөрөөр нь огтолж авсан. Түүний дараа гурван сарын хойно зүрхэнд нь шууд орж нас баруулсан тул ямар ч горьдлогогүй" гэжээ.

 

Маршал эхнэр Гүндэгмаад, "Би ерөөс удаан хугацаагаар амарч яваагүй тул, 52 оны тавдугаар сарын нэгнээс эхлэн 10 дугаар сарын нэгнийг хүртэл амарч ирээд Монголын хувьсгалын түүх, зохиолыг бичнэ. Үүнийг бичихэд нэгэн жилийн чөлөө хэрэгтэй. Их ажил орно. Гүндэгмаа чи хоршооноос баахан дэвтэр авчрах хэрэгтэй. Ноорог хийж авна. Хойшоо явахдаа жинхэнэ бичих цэвэр цаас олж ирнэ. Чингээд ус модтой. сайхан агаартай газар сайн цагуудаар сэтгэл дураар явж, хөгшнөөрөө сайхан цай чануулж байгаад бичнэ" гэж хэлж байжээ.

 

Ш.Батцогт

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”