sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн анхаарлыг татаад буй зарим хэрэг, үйл явдалтай холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
 
-Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулсан хэргийн талаар мэдээлэл өгөөч?
 
-Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагаас оффшор бүсэд хөрөнгө хууль бусаар байршуулсан 130 мянган этгээдийн 2.5 сая мэдээлэл ил болгосон. Үүнээс Монгол Улсын бүртгэлтэй 45 иргэн, аж ахуйн нэгж гэсэн тоо гарч ирсэн. Үүнийг нарийвчлан, давхардлыг нь арилган харахад 29 иргэн 35 ААН-тэй холбоотой тоо гардаг юм. Ингээд нэр бүхий 29 иргэнээс төрийн албанд ажиллаж байсан, тэдгээрийн хамаарал бүхий 23  иргэн байгаа. Энэ асуудлаар мөн УЕПГ-аас эрүүгийн хэрэг үүсгээд, Цагдаагийн байгууллагатай хамтран ажлын хэсэг гарч нарийвчлан шалгаж байгаа. Нэр дурдагдсан бүх иргэдийг дуудаж тайлбар, байцаалт авч байна.
 
-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг саяхан АТГ-аас саатуулсан. Ямар үндэслэлээр саатуулсан бэ?
-Энэ хэрэг дээр ЦЕГ-ын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас хамтарсан ажлын хэсэг гарч шалгаж байгаа. Шалгалтын хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудал байна уу үгүй юу гэдгийг шалгаж байна.
 
-“60 тэрбум”-ын хэргийн шалгалтын талаар мэдээлэл өгөөч?
 
-60 тэрбумын гэгдэх хэргийг ЦЕГ, АТГ, ТЕГ-аас томилсон, хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм. Нэр дурдагдсан иргэдийн бүгдийг нь байцаах, шалгах ажиллагаа явагдаж байна. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа ажилд томилогдсон нийт 1400 төрийн албан хаагчаас байцаалт мэдүүлэг авсан. 2016 оноос хойш ШШҮХ-ээс нийт 4 удаа энэ бичлэг дуу хоолойны шинжилгээ хийсэн байдаг. Одоо эвлүүлэг эсэх асуудлыг эцэслэн дүгнэхээр нийслэлийн Прокурорын газраас дахин шинжээч томилсон байгаа. Сүүлд нэмэгдсэн бичлэгүүдийг шалгах, мөрдөн шалгах ажиллагаа бүгд Прокурорын хяналтан дор явж байна.
 
-УИХ-ын дарга М.Энхболдоос байцаалт авсан уу?
 
-Энэ хэрэгтэй холбогдуулан М.Энхболдоос тайлбар, мэдээлэл авсан.
 
-Хөгжлийн банктай холбоотой хэрэг ямар шатандаа явна вэ?
 
-Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Нийтдээ албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн, бусдад давуулсан зэрэг хэргээр шалгаж байна. Өнөөдрийн байдлаар Н.Мөнхбат, н.Шинэбаатар нарын хэргийг тусгаарлан, шүүхэд шилжүүлсэн.
 
-Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг хууль бусаар тагнаж, чангасан гэх хэрэгт тайлбар хийнэ үү?
 
-Шадар сайдыг тагнаж чагнасан гэх хэргийг шалгуулах хүсэлт Тагнуулын Ерөнхий газар болон Цагдаагийн Ерөнхий газраар дамжин наймдугаар сарын 7-нд манай хэлтэст ирсэн. Энэ хэрэгт одоогоор 9 хүнийг холбогдуулан шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаанд мөрдөн байцаагч прокурорт саналаа хүргүүлж, прокуророос шийдвэрээ гаргаж байж мөрлөн байцаалтын тодорхой ажлууд явагддаг. Өнөөдрийн байдлаар энэ хэрэгт дээр тогтоосон байдал гэвэл Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 2017 оны долдугаар сард төрсөн дүү У.Отгонбаяр өөрийн хамаатны хүмүүсээрээ дамжуулан өөрийгөө мөрдөн мөшгисөн гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ асуудал дээр нь яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлээд явагдаж байна гэв.
Энэ асуудал дээр захиалагч нь хэн бэ гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон гэдэг нь нотлон тогтоогдоогүй байна.
 
-Шалгагдаж байгаа есөн хүнийг нэрлэж болох уу?
 
-Энэ бол хувь хүний нууцтай холбоотой асуудал учир нэрлэх боломжгүй. Энэ хэрэгт холбогдсон есөн хүнээс дөрвөн хүнийг нь хууль хяналтынхан саатуулсан бол таван хүнийг гадуур байцааж байна.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг