Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг М.Энхсайхан орлоно гэж Ардчилсан намыг аргадаж байгаа ч шинэ Засгийн газрын гэрлэлт бүтэлгүйтэв бололтой. Ч.Улаан, Д.Тэрбишдагва тэргүүтэй эрхмүүд намын даргаа аварч үлдэх гэрээтэйгээр хамтарсан Засгийн газар байгуулах гэрээнд гарын үсгээ мутарласан. Тэр ч бүү хэл, баярын бялуунд шуналтаж, сайдын сэнтийг чамлахгүй гэх тангараг өргөсөн ч гэх. Энэ дагуу АН будаг нь ханхалсан шинэхэн Засгийн газрынхаа зургийг гаргаж, бялуугаа ч хуваарилсан байлаа. Харамсалтай нь, Н.Алтанхуягийг Н.Энхбаярт хадаг тавьж, бэр гуйхыг хамгийн ихээр эсэргүүцэж байсан Төрийн тэргүүн дээрх зургийг ганц далайлтаар баллуурдаж орхилоо. “Шударга л байцгаая” хэмээх уриатай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Н.Алтанхуягийн үйлдэл ацан шалаанд оруулж, урагшлах биш ухрахад хүргэж байсан билээ. Эксийн намтай эвсэх санаа Н.Энхбаярыг яллах боломжгүй болсонтой агаар нэг сонсогдож байсан. Үнэндээ ч эвслийн гэрээний хавсралт маягтай хөшигний цаана АН, МАХН хоёр ханцуйн дотроо сэм наймаалцсан гэх. Гэвч энэ наймааг Ц.Элбэгдорж баллачихлаа.
Хуульд зааснаар Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргахаар тусгасан байдаг. Энэ хугацаа дуусахад ердөө 10 гаруйхан хоног үлдээд буй. Хугацаа давчуу байхад “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргаж, “Засгийн газар байгуулахад болон түүний үйл ажиллагаа явж байх хугацаанд төр засгийн аливаа институцийн зүгээс улс төрийн хэлмэгдүүлэлтийг гаргах аваас МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл нь хамтарсан Засгийн газар байгуулах талаар явагдаж буй хэлэлцээг зогсоох бөгөөд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихгүй байх, түүнээс гарах болно” гэдгээ мэдэгдэх нь тэр. Хэдийгээр Н.Энхбаярт давж заалдах боломж бий ч шинэ Засгийн газар байгуулагдах хугацаанд амжихгүй нь тодорхой боллоо. Иймээс АН амьдралаа бодож, дараагийн алхмаа хийхгүй бол парламент тарж ч мэдэх эрсдэл нүүрлэх нь энэ. МАХН-ын гишүүдийн тайлбарлаж буйгаар улс төрийн хэлмэгдүүлэлт болж, Н.Энхбаярыг ялласан. Тэгэхээр эл намынхан дээрх мэдэгдлийнхээ дагуу Засгийн газраас гарах бололтой. Харин МҮАН-ын мэдэгдлээр бол М.Энхсайхан Засгийн газраас гарахгүй, баярын бялуунаас хүртэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Иймээс Шударга ёс эвсэл бутарч, АН-ын зурсан зураг ч өөрчлөгдөх нь. Гэхдээ энэ удаад МАХН-ыг буюу эксийн нөхдүүдийг гаргаад урагшлах боломжтой. Энэ тухай М.Энхсайханы хийсэн мэдэгдэлд шууд бус утгаараа туссан байна билээ. Мэдэгдэлд “Хэдийгээр хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн ч Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон нам, “МАХН-МҮАН Шударга Ёс Эвсэл”-ийн зүгээс улс орны эрх ашгийг урьтал болгон ард түмний сонголтод тулгуурлан байгуулсан хамтын ажиллагааны гэрээнийхээ дагуу сонгогчдын өмнө амласан мөрийн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажилдаа цаг алдахгүй орох ёстой гэж үзэж байна” гэсэн байсан. Богино ч гэсэн өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын нөхөрлөл улс төрийн хүрээнийхнийг алмайруулсан. Гэвч зовох цагт хүний чанар танигдана гэж энэ. М.Энхсайхан экс Ерөнхийлөгчийг “Авлигын загалмайлсан эцэг” гэж нэрлэж байсан ч намынхандаа ад үзэгдэж, гудамжинд гарч олигтой улс төр хийж чадахгүй явахад нь Н.Энхбаяр хаяандаа авч өөд нь татсан. Түүний ачаар мань хүн өдгөө Сангийн сайдын суудалд залрах гээд тэсэж ядан хүлээж буй. Сайдын сэнтий боломжийг бэлэглэсэн нөхрөөс нь урвахад хүргэнэ гэж экс зүүдлээ ч үгүй болов уу. Хэрэв МАХН-ынхан Засгийн газраас гарахаа мэдэгдвэл Ардчилсан нам ИЗНН, МҮАН-ынхантай эвсээд явах боломжтой. Учир нь АН 31 суудалтай, ИЗНН хоёр, МҮАН зургаан гишүүнтэй байгаа билээ. Нийлбэр нь 39. Хуульд заасны дагуу Засгийн газраа байгуулж, үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Энэ гаргалгааг ч М.Энхсайхан бодсон биз. Гэхдээ МҮАН-хан бүгд Н.Энхбаярын нэрээр парламентад сонгогдож, зарим нь Засагт орж магадгүй болоод буйг сануулах нь илүүц биз. Харамсалтай нь, Н.Энхбаярыг ял авангуут давж заалдахыг нь ч хүлээж тэвчилгүй МҮАН-хан Засагт орохоо зарлалаа. Гэхдээ тэдний санаа бүтнэ гэхэд бас л ээдрээтэй. Өнгөрсөн баасан гаригт олон нийтэд ил болсон МАХН-МҮАН-ын эвслийнхэн АН-тай хийсэн гэрээнд эвслийн тэргүүнийг нь яллавал Засгийн газарт орохгүй гэж тохиролцсон заалтыг яах билээ. Гэрээг нь зөв буруу байна гэж үнэлж дүгнэхгүй ч хэлсэн ярьсандаа байдаггүй, алга урвуулахын төдийд зангаа хувилгаж хулхиддаг, албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй МҮАН-ынхан ард түмний төлөө ажиллана гэдэгт итгэх гэж үү. Сайдын суудлын төлөө нүдээ ухахаас ч буцахгүй улайран сонгуульд амжилттай оролцуулсан даргаа хөсөр хаяж буй нь энэ гэлтэй.
Гэхдээ МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийнхний бүлгийн өчигдрийн хуралдаанаар аль нэг нь Засгийн газраас гарах сонирхолгүй байгаагаа мэдэгдсэн юм. Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “АН, ИЗНН-тай хамтраад Засгийн газраа байгууллахаар яриа хэлэлцэл хийж, эхний уулзалтууд амжилттай болж гэрээ байгуулсан. Гэрээг баталгаажуулсан. Үүнтэй холбогдуулаад АН-ыг шүүхээс гаргасан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлээч гэсэн санал тавьсан. Тэгэхээр “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдээс хамтарсан Засгийн газартай хийсэн гэрээнд эргэлзээтэйгээр хандсан зүйл байхгүй” гэв. Эцэст нь АН ямар байр суурь илэрхийлэхээс эцсийн хариу гарах бололтой. Магадгүй эцсийн цэгийг Н.Алтанхуягаар тавиулахыг тэд хүсэж байж болох юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгийг сөрж, эксийн багийнхантай дэр нэгтгэх сонголт хийсэн тэрбээр шийдвэртээ бат зогсох уу, эсвэл угшил нэгт Төрийн тэргүүнийхээ өөдөөс сөрж, тэрсэлдэх үү. Энэ бүхнээс Н.Энхбаярын хувь заяа ч шийдэгдэж мэдэх юм. Гэхдээ парламентын босгыг элээж, Шадар сайдын сэнтийд тухлана хэмээн зүүдэлж байсан эл эрхмээр туг тахиж шударга ёс тогтоох гэж буй Төрийн тэргүүнийг сөрөх их хүч Н.Алтанхуягт бий эсэх нь эргэлзээтэй. АН-тай аргамжсан “Алтан гадас” нь МоАХ-ныхны хүчинд тасарч мэдэхээр болсон тул Н.Алтанхуяг ч ар, өврөө бодож энэ асуудалд байр сууриа илэрхийлэх биз.
Гэхдээ энэ бүхнээс илүүтэй МАХН-ынхан бялуунаас татгалзах нэг л дургүй байх шиг. Намын дарга нь нарсны амьдралд шилжсэн ч наранд байгаа хэд нь албан тушаалын төлөө амиа хоохойлж мэдэх дүр зураг ажиглагдаж эхэллээ. Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр ч битүүхэндээ Тэргүүн Шадар сайдын суудал мөрөөдөж, юун Н.Энхбаярыг бодох манатай ч байх шиг. Н.Энхбаяр хөлөө гозолзуулан байж энэ хэдэн нөхдийг “юманд” хүргэсэн. Гэвч сайдын суудалд сохорч, даргаа ор тас мартав уу гэлтэй үйл явдал өрнөх боллоо.
Шударга ёс эвсэл бутарч, МҮАН Засагт орлоо гэхэд МАХН-ын гэх таван эрхэм л үлдэнэ. Бүлэг ч байгуулах эрхгүй хоцорно. Иймд тэд намын даргаа хөсөр хаяж, одоогийн нөхцөл байдалтайгаа эвлэрэхээр шийдсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Өнөөдөр нүдээ аньж, албан тушаалын бялуунаас хуваасан ч Н.Энхбаярт үнэнч гэдгээ харуулах цаг тэдэнд ирэх нь гарцаагүй биз. МАН-ыг орхиод гарсан шигээ АН-ыг шаварт хутгаж, намагт шигдүүлэх алсын бодлого боловсруулж байж мэдэх л юм шүү, АН-ынхан.
МАН, МАХН эвсвэл...
“Шударга ёс эвсэл” бутарч МАХН-ын угшилтай гишүүд “сул” болж мэдэх нь. Энэ боломжийг ашиглан ууган улс төрийн хүчин салаалж, нахиалсан бут, сөөгөө хамж, цуглуулан нэгэн цул болох үе тохиолоо. Сонгуулиар 25 суудал авсан ч бүлэг байгуулах эрхгүй болоод байгаа МАН-д энэ үйл явдал ашигтай. МАХН-тай эвсэж, бүлэг байгуулан, жинхэнэ сөрөг хүчин болох. Ирэх дөрвөн жилийн өнгийг тодорхойлох энэ удаагийн улс төр нэгэнт л марзан, хошин зүйлээр дүүрэн байгаа юм хойно дахин нэг тэнэглэл яагаад байж болохгүй гэж. Бүр өргөө гэрээ нийлүүлж, цагаан ордондоо тухалж ч болох юм. Н.Энхбаяр Тусгаар тогтнолын ордонд өрөөгөө тохижуулахыг хичнээн хүсдэг байлаа. Тэгэхээр намын нөхөд нь хүслийг нь гүйцээх боломж ч гарна. МАН-ын цөөнгүй гишүүд Н.Энхбаяртай гар барьж, нэгдэн нийлэхийг сануулдаг. Тэгэхээр МАН-ыхан Тусгаар тогтнолынхоо ордноос чанх урагшаа, МАХН-ынхан хуримын ордны ардах цагаан ордноосоо чанх хойшоо мөрөө гаргаж, замын голд уулзвал эсэргүүцэж хөөгөөд байх хүн аль алинаас нь гарахгүй л болов уу. Энэ удаагийн сонгуулиар ялалт биш ялагдал хүлээсэн нь ч өнөөх л МАХН гэх нэртэй холбоотой хэмээдэг бус уу. Тэгвэл салаа замаар явсан МАН, МАХН нэг уулзвар дээр зогсож байж, дахин буруу харж алхах хэрэг юусан. МАН-ын эсрэг шагайсан Ц.Элбэгдоржийн тоглолтыг өөрт нь хэрэглэх сайхан боломж ч энэ биш гэж үү. МАХН хэмээх товчлолыг экс Ерөнхийлөгчид атгуулахдаа 2012 оны сонгуулийн үр дүнг тооцоолсон нь гарцаагүй. Нэг модны хоёр мөчир атал үндсээ булаалдаж, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг аашлахаа больж, хойд биш урд замаа харж алхвал зохино гэж од эрхэм зөвлөж байна. Ойрын өдрүүдэд үс авахуулахад муу ч нэгдэн нийлж, хурим найр хийхэд сайн гэнэ билээ. Хурим биш юм аа гэхэд андын андгай өргөхөд тохиромжтой гэж зурхайд зуржээ. Гол нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва нартайгаа тооцоо хийх гэж улайрвал асуудал урвуугаараа эргэж мэдэх л юм. Мөн дээрх хоёр эрхэм эргэж ирэхдээ албан тушаал нэхэж болзошгүйг анхаарахад илүүдэхгүй биз. Өрөө төлж, албан тушаал ахих гэж гишгэсэн тэдний зам мөрийг баллуурдах тийм ч хялбар биш байх. Гэвч улс төр тэнэглэлээр дүүрэн байдаг хойно, мэдэхгүй мэт мэлзэх хэрэгтэй биз. Учир нь Шударга ёс эвсэл гэгч үнэн хэрэгтээ шарваач, гомдогсод, албан тушаал, эрх мэдлийн хойноос үхэхсэдээс бүрдсэн цоохор цэргийн цуглуулга гэх олны үг оргүй бололтой. Зөвхөн хувийн эрх ашиг дээр тогтож байсан нь дарга нь хэрэгтэн болмогц илэрлээ. Иймд тэднийг буруутгаж яах билээ. Нөгөөтэйгүүр, улстөрч хүний хувь тавилан юм байлгүй Н.Энхбаяр дөрвөн жилийн ял сонсч 2016 онд гарна. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд бясалгал хийж, дараагийн сонгуулиар эрч хүчтэй байг гэж өрсөлдөгчид нь сэтгэл гаргасан нь энэ. Тэгэхдээ бүр сонгуулийн өмнө гаргана гэж амласан гэх юм билээ. Харин жаахан харамсалтай зүйл нь ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийг экс нулимс унаган харж суух нь. Хүн болж төрснийх нь, МАХН хэмээх товчлолын төлөө амиа тавихаас ч буцахгүй улайрсан нь Ерөнхийлөгчийн сонгууль байсан юмсан. Гэвч Ц.Элбэгдоржид хоёр дахь удаагаа далаараа тавиулчихлаа. Харин 2013 онд ардчилсан Ерөнхийлөгч өрсөлдөгчгүйгээр тэнгэрт дүүлэн нисэх юм байх аа.
Л.НИНЖ
Эх сурвалж: "Нийгмийн толь"
Сэтгэгдэл0
Энэ сэтгүүлч эргүү байх УИХ ерөнхий сайдыг өргөн мэдүүлсэнээс хойш 45 хоног гэж байна тэгэхээр одоогоор өргөн мэдүүлээгүй байна.
Mongold hezee shudarga es togtono doo???Bjluund durtai nohoduuees bolj ard tumnii amidral ulam dordoh ni dee.Hezee Mongold eh oron ard tumenee gedeg udirdagch torno doo???Burhan orshooh boltugai Mongolin ard tumenig.
Xooe gacaaj baigaad taraax ni ilyy kaiftai yum bna shyy dee. Ganc xorlooch eronxii saidiig ni songuulaxgyi shantaajlaach
Ikh sanavaa gorid elbegee zamd eronkhiilogchiin songuulaar ard tumen tomtts tom salaavch ogno,Gorid khoshnog chin khavd
ene setguulch erguu baihaa.mahn-guigeer MAN oroogui tohgioldold yaj baingiin horoo baiguulah um bolovoo.yostoi tolgoigui setguulch.
Нинж чиний хүслээр "эвсэл"-ийн гинж тасрах юм болуудаа? энэ чинь хүний сэтгэл санаа үзэл бодолын холбоо шүүдээ.
mal mini chamaas iluu meddeg bolood bichij baigaa biz dee.45honog ni duusah gej baigaa .cham shig holduu um yu meddeg um be