sonin.mn

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр АНУ-ын Станфордын Их сургуулийн профессор, ноён Жэймс Фишкинийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар өнгөрсөн оны 12 сард  Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн талаар мэдээлэл өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
 
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар, Станфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төвийн захирал, профессор Жэймс Фишкиний зөвлөгөөний дагуу  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан юм. Зөвлөлдөх санал асуулгаар нийслэлээс хэрэгжүүлэх урт хугацааны 14 томоохон төсөл хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, тэднээс санал авсан юм.
 
Нийслэлийн Засаг дарга санал асуулгын эхний дүнтэй танилцаад сэтгэл хангалуун байгаагаа профессор Ж.Фишкинд илэрхийлээд, энэхүү санал асуулгын дүн сонирхлын зөрчилгүй, бодит байдалд үндэслэсэн шийдвэр гэдэгт эргэлзэхгүй байгаагаа онцоллоо.
 
Түүнчлэн энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулснаа хэлээд, Ерөнхийлөгч  яг энэ арга хэлбэрийг ашиглан өөрийн гаргах шийдвэрүүдэд олон нийтийн санал бодлыг тусгах сонирхолтой байгааг уламжиллаа.  
 
Профессор Ж.Фишкин иргэдийн өгсөн  санал асуулгын  эхний дүнгээс харахад хотын иргэд байгаль орчинд санаа зовж байгаагаа илэрхийлсэн, төвлөрлийг сааруулж, хэд хэдэн дэд төвтэй байх бодлогыг дэмжсэн, үйлдэврүүдийг хотоос гаргах төслүүдийг дэмжсэн урьдчилсан дүн гарсан. Бид  санал асуулгын нарийвчилсан тайланг  удахгүй гаргаж та бүхэнд дахин танилцуулах болно гэлээ.
 
“Иргэдийн оролцоо- Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгын эхний дүнг 2016 оны 1 дүгээр сарын 18-ны Даваа гарагт олон нийтэд танилцуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.