sonin.mn
“Монгол сэтгэлгээ, монгол зан төрх хайчиж орхио вэ. Монголчууд яагаад ядуураад байна аа” гэж хэн нэгнээс асуумаар. Гэхдээ хариуг нь хэн ч хэлж өгөхгүй биз. Харин бичигч би бээр ийм хариулт олов.
 
Өнөөдөр бидний монгол­чуудын 80 орчим хувь ядуу байгаа нь нийгмийн баялгийн шударга бус хуваарилалтаас, хэт шуналд автсан улстөрчдийн бий болгосон авлигаас, шударга бустай эвсэж, зусардаж, аялдан дагалддаг арчаагүй сэтгэлгээнээс ихээхэн үүдэл­тэй. Энэ хариулт яг ононо.
 
Эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлтэй нь бус, арга зальтай, завших хүсэл сэтгэлтэй, ичих “булчирхайгүй” нь эрх мэдэлд хүрч, элдэв муу аргаар “баяжин”, гайхуулж байгаа нь Монголын нийгмийн тогтолцооны буюу “Сэтгэлгээний ядуу­рал” юм. Энгийнээр тайл­барлахад, өнөөгийн манай улстөрчдийн бий болгосон бизнес тогтолцоо, залуусыг “хордуулж” байна. 
 
Наад захын жишээ гэхэд залуус сурч боловсорч хөдөлмөрлөхийн оронд, хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл болж, чадах чадахгүй албан тушаалд очиж амар аргаар баяжиж, өрөөл бусдыг эрх мэдлээрээ дайлайлган дарамтлахад чадмаг суралцаж байна. Энэ бол бас л “Сэтгэлгээний ядуурал”. 
 
Үүний нэгэн тод жишээ нь Монголын Засгийн газрын шинэ бүтцийн тухай асуудал буюу МАХН-ын дарга Намбарын хүү Энхбаярын эх орондоо түр ирээд байгаа үйл явдлаас харж болно. 
 
Экс ерөнхийлөгчийн ирснийг элдвээр ярьж, таамаглан ил далд “тулалдаж” байгаа болохоос өнөөдөр тулгамдаад буй эдийн засаг, ирэх оны төсөв мөнгө, гэртээ цоожтой үлдсэн балчир үрсийн аюулгүй байдлын тухай ч ярьж, дуугарч байгаа улстөрч үнэндээ үзээд өгье ч алга. Харин тэд сандал ширээнийхээ төлөөх тулаанд л аль эрт ханцуй шамлан орсон. 
 
Өөрөөр хэлбэл энэхүү тулаанд суудал дээрээ найдвартай үлдэнэ гэгдэж байсан Эрүүл мэндийн сайд Удвал жийгдэхээр болж оронд нь хүний гавьяат эмч Л.Жамбалжавын нэр тодрох болсон. 
 
Мөн Сангийн сайд Ч.Улааны суудалд О.Чулуунбатын нэр яригдаж байгаа бол Зам тээврийн сайдад Г.Батхүү, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад ерөнхий сайд асан М.Энхсайхан, Ерөнхий­лөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар, Уул уурхай эрчим хүчний сайдад М.Сономпил, С.Баярцогт, Хөдөлмөрийн сайдад Ж.Батзандан гэх зэргээр яригдаж “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь битгий хэл нь багтдаг юм” гэсэн шиг аашилж байгааг “Сэтгэлгээний том ядуурал гэхээс өөр юу гэх билээ. 
 
Уг нь Монголчууд эртнээс нааш“Эрүүл мэнд эрхэм баян“Эрдэм ном удаах баянЭд хөрөнгө адаг баян” гэдгийг эрхэмлэсээр ирсэн ард түмэнсэн. Сэтгэлгээний ядууралтай хүмүүс ч тэгээд сандал ширээний төлөөх тулаанаа л хийхээс өөр юу ч хийж чадах билээ дээ, хөөрхийс. 
 
Гэхдээ нүүдэлчин амьдралын хэв маягтай монголчуудын түүхэнд ядуурал тэгтлээ байгаагүй юм. Ядуу өрх гэхэд хонины ганц морьтой, тарагны таван ямаатай,эцэг өвгөдөөс өвлөсөн мөнгөн тоногтой хэт хутга, эмээл хазаартай байсан. Одоо ч байсаар л байгаа. Энэ бол Монгол ухаан. 
 
Гэтэл өдгөө бид “Алтан дээр сандайлсан гуйлгачин” гэж хэлэгдсээр ядуурал улам хүрээгээ тэлсээр л байна. Гэхдээ бүр “ахуйн ядуурлаас” илүүтэй “Сэтгэлгээний ядуурал” газар авсаар байгаад халаглахгүй байхын арга алга.
 
Бохир аргаар улстөрд орж, хууль бусаар “баяжсан” хэн нэгэн өөрийн авьяас билгээрээ бүтээсэн бүтээлээрээ Монголд тө­дийгүй дэлхийд гайхагдаж байгаа “алдартнууд”-аас ч илүү “хүндлэгдэж” байгаад ард түмэн бухимдаж байна. 
 
Найраагаар ч болов наадамд “цол” авсан бөх, багш, эмч нарын насаараа шударгаар хөдөлмөрлөөд ч олж чадаагүй орлогыг нэг өдөрт л олчихож байна. Эд хөрөнгийг л шүтээд байхаар сэтгэлгээ ядуурахаас ч яах билээ. 
 
 
С.Цээл
 
Эх сурвалж: