
ЛОНДОН, 2025 оны тавдугаар сарын 22 /DW/. Энэтхэгийн зохиолч, нийгмийн идэвхтэн Бану Муштак “Heart Lamp” хэмээх богино өгүүллэгийн түүврээрээ олон улсын Букерийн шагналыг хүртсэнээр уран зохиолын орчуулгын төрөлд уг шагналыг хүртсэн анхны каннада хэлтэй зохиолч болжээ.
Өдгөө 77 настай Б.Муштак 50 мянган фунт стерлингийн /67 мянган ам.доллар/ шагналыг орчуулагч Дипа Бхаститай хуваан хүртэнэ. Д.Бхасти түүвэрт багтсан өгүүллэгүүдийг сонгоход тусалжээ.
Мөн энэхүү нэр хүндтэй шагналыг богино өгүүллэгийн түүвэр зохиолоор анх удаа хүртсэн нь энэ юм. Түүнчлэн Д.Бхасти 2016 оноос хойш одоогийн хэлбэрээр олгож эхэлсэн шагналыг хүртсэн анхны энэтхэг орчуулагч болж байна. Лондон хотын “Tate Modern” музейд мягмар гарагт болсон шагнал гардуулах ёслолын үеэр Букерийн шагналт зохиолч Макс Портер шагналын эзнийг зарлажээ. Таван гишүүнтэй санал хураах ажлын хэсгийг ахалсан М.Портер “Heart Lamp”-ийг “англи уншигчдын хувьд шинэ дорвитой бүтээл” хэмээн сайшаасан байна.
Б.Муштак шагналыг гардан авсныхаа дараа хэлэхдээ, энэхүү шагналыг хувь хүнийхээ хувьд бус харин олон хүнтэй хамтран өргөсөн дуу хоолойгоороо хүртэж байгаа нь агуу нэр төрийн хэрэг юм гэжээ.
Каннада хэлээр голчлон Энэтхэгийн өмнөд нутгийн 65 сая хүн ярьдаг. Б.Муштак түүвэртээ багтсан богино өгүүллэгүүдийг 1990-2023 оны хугацаанд бичжээ. Д.Бхастигийн хувьд түүврийг орчуулахдаа Энэтхэгийн өмнөд нутгийн олон хэлний онцлогийг хадгалахыг эрмэлзсэн байна. Энэхүү түүвэр нь хошигнол, ухаалаг хэв маягийг шингээснээс гадна эцгийн эрхт ёс, кастын тогтолцоо, шашны хуучинсаг үзэл зэрэгт шүүмжлэлтэй хандсанаараа олны сайшаалыг хүртжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0