sonin.mn

Д. Эрдэнэцогт НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчээр ажилладаг. Түүний ажилладаг НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагын химийн шинжээчдийн баг Нобвлийн Энхтайваны төлөөх 2013 оны шагналыг хүртсэн юм.

Түүний Даян дэлхийд энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ийнхүү шагнасан байна. Ингээд НҮБ-ын олон улсын зэвсгийн шинжээч, Нобелийн Энх тайвны төлөөх шагналт, хурандаа Д.Эрдэнэцогттой ярилцсанаа хүргэв.

-Ярилцлагаа таны төрсөн нутаг усны тухай асуултаар эхэлье. Та аль нутгийн хүн бэ?

-Би Завхан аймгийн Ургамал сумын уугуул иргэн. Эцэг эхээс арвуулаа. Жинхэнэ социализмын үед, хөдөө гэртээ төрсөн хүн дээ. Аавыг малаа хариулаад явж байхад хооронд ээж минь намайг гэртээ төрүүлсэн гэдэг юм. "Цагаан бар жилийн цагаан бар өдөр төрсөн байна" гэж зурхайчид хэлж байсан гэдэг.

-Цэргийн мэргэжил сонгосон нь бас их түүхтэй биз?

-Найман нас хүртлээ мал маллаж байгаад л сургуульд орсон. Бага сургуулиа төгсөөд Яруу сумын найман жилийн сургуульд сурсан, Тэндээсээ аймаг руугаа явж ахлах сургуулиа төгсч байлаа. Ахлах сургуулиа онц сайн дүнтэй төгссөн болохоор Москвад Тамбовын их сургуулийн химийн инженерийн ангид элсэлтийн шалгалтгүй суралцах эрхтэй болсон.

Ер нь дунд сургуульд байхдаа химийн хичээлдээ их сонирхолтой байлаа, Сургуульдаа химийн хичээлдээ хамгийн сайн нь байсан гэхэд ч болохоор байсан. Тэгээд л химийн инженер больё гэж боддог байлаа. Тэгтэл цэргийн химийн инженерийн ангийн хуваарь авч таарсан. Тухайн үед их сургуульд, тэр тусмаа гадаадад, тэгээд цэргийн их сургуулийн хуваарь авна гэдэг чинь их боломж байлаа шүү дээ. Хэр баргийн хүн аваад байдаггүй л байсан.

-Гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?

-Би ханьтайгаа Тамбовын цэргийн дээд сургуулийн оюутан байхдаа анх танилцаж байсан. Гуч гаруй жилийн өмнө юм даа. Оросын Казак үндэстэн охинтой дотносоод гэрлэсэн юм. Миний хань намайг хаа явсан газар л дагаад явдаг байлаа. Хөдөө цэргийн ангиудад ажиллахаар явахад ч дагаад л явж байсан.

Очсон газар болгондоо орос хэлний багшаар ажилладаг байсан даа. Одоо бид хоёр Гагад амьдарч байгаа. Бид хүү, охинтой. Анх 2005 онд эндээс явахдаа л гэр бүлээрээ явсан. Манай хүүхдүүд тэндэхийн дунд сургууль, их сургуулийг төгссөн. Манай хүү магистраа хамгаалчихаад одоо Монголдоо хуульч мэргэжлээрээ ажиллаж байна. Охин маань одоо ч Европт суралцаж байгаа.

-Нобелийн энх тайвны шагнал хүртлээ. Энэ нэр хүндтэй, томоохон шагналын үнэ цэнийг тодорхойлбол?

-Нобелийн энх тайвны шагнал гэдэг бол дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг гэж би боддог. Яагаад гэхээр уржнан жил АНУ-ын ерөнхийлагч Барак Обама энэ шагналыг хүртсэн шүү дээ. Мөн өнгөрсөн жил ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ шагналд өрсөлдсөн. Энэ шагналыг онцгой гавьяа байгуулсан буюу хүн төрөлхтөний ариун үйлсэд онцгой гавьяа байгуулсан хүнд олгох ёстой гэж заасан байдаг юм билээ.

Манай байгууллагын байгуулсан онцгой гавьяа гэвэл дэлхий дээр байгаа химийн ззвсгийн 80 гаруй хувийг устгаж, бүс нутагт болон дэлхийн аюулгүй байдалд үе үе заналхийлдэг байсан Ливи, Ирак, Сырийг эгнээндээ нэгтгэсэн явдал. Тэдгээрийг нэгтгэж, химийн зэвсгийн ихэнх нөөцийг устгаж дууссантай холбоотойгоор манай байгууллагад энэхүү шагналыг өгсөн гэж би хувьдаа боддог.

-Та НҮБ-ын зэвсгийн шинжээчээр хэчнээн жил ажиллаж байгаа вэ. Өмнө нь хаана хаана алба хааж байв?

-Би армид 25 жил салаан захирагчаас эхлээд яамны газрын дарга хүртэл алба хаасан хүн. 1986-2005 онд Зэвсэгт хүчинд салаа, ротын захирагч, албаны дарга, штабын дарга, БХИС-д ЭША, БХЯ-нд ахлах мэргэжилтэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, газрын даргаар ажилласан.

2005 оноос НҮБ-д зэвсгийн шинжээчээр ажиллаж байна. 2005 онд шалгалт өгч тэнцээд Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар томилолт авч явсан. НҮБ-д очиж бас маш олон төрлийн шалгалт өгсөн л дөө. Ингэж тэнцээд НҮБ-д орсон. 2005 оноос хойш гэхээр энэ байгууллагадаа тасралтгүй есөн жил ажилласан байна.

-Тус байгууллага ажилтнуудаа маш өндөр шалгуураар авдаг гэж байсан. Тэр бүх шалгуурыг даваад энэ байгууллагад ажиллаж байгаа байх. Бас олон орны хүмүүс ажилладаг байх?

-НҮБ-д зэвсгийн шинжээчээр ажиллахын тулд мэдээж маш олон хүн нэг хуваарь дээр өрсөлддөг. Тэндээс сонгон шалгаруулалт хийгээд тодорхой тооны хүмүүсийг авдаг. Шалгалтыг бүр Гагад аваачиж авдаг. Шалгалтанд орсон 20 хүнээс нэгийг нь авах жишээтэй. Энэ бүх шалгалтанд тэнцээд л тус байгууллагад орсон доо. НҮБ-ийн гишүүн 200 гаруй орны иргэд ажилладаг.

-Нутагтаа түр хугацаагаар ирсэн үү?

-Би хоёр cap ажилчихаад долоо хоног амардаг. Энэ амралтаараа л нутагтаа ирчихээд байгаа нь энэ.

-Монголдоо ирэнгүүтээ мараффон гүйлтийн тэмцээнд оролцоод медаль хүртэж амжсан байна?

-Би өөртөө маш өндөр шаардлага тавьдаг зарчимч хүн л дээ. Өдөр бүр 10 км гүйж, 60 км дугуйгаар явдаг. Өглөө зургаан цагт ажилдаа явж, томилолтоор явсан тохиолдолд өдөрт 13 цаг ажиллаж байна. Хагас, бүтэн сайны амралт гэж байхгүй. Ер нь бол сүүлийн 10-аад жил амарч үзэзгүй.

Ирэхээсээ өмнө интернэтээс зургадугаар сарын 7-нд марафон гүйлтийн тэмцээн болно гэдгийг мэдсэн. Тэгээд оролцож үзэхээр шийдсэн. Монголд ирээд юу юу хийх вэ гэдгээ төлөвлөчихөөд ирсэн л дээ. Оролцоод мөнгөн медаль авсандаа маш их баяртай байгаа.

Миний хувьд анхны үндэсний болон олон улсын тэмцээнд гүйсэн явдал л даа. Ер нь шинжээч нарт бие бялдрын маш өндөр шаардлага тавьдаг. Өглөө бүр бэлтгэлтэй байдаг учраас оролцоход илүү дөхөм байлаа. Тийм ч болохоор өөрийнхөө насны зайд амжилттай гүйсэн.

-Их хүнд нөхцөлд ажилладаг байх. Яг ямар үүрэг гүйцэтгэж ажилладаг тухайгаа ярьж болох уу?

-Бидний гол ажил бол химийн зэвсгийг шалгаж, аюулгүй байдлыг хангаж, устгаж дуусах, данснаас хасах үүрэг юм шүү дээ. Тийм болохоор байнга л томилолтоор явдаг. Жилийн ихэнх хоног, сарыг гэрээсээ алс хол, гишүүн орнуудын бөглүү ширэнгэ, тайга, цөл гээд газруудад өнгөрөөнө дөө.

Цэргийн онцгой нуувч, чухал объектод гурав дөрвөн давхар харуул хамгаалалтанд үүрэг гүйцэтгэдэг. Нэг өдөрт хэдэн мянган химийн бөмбөг устгах тохиолдол ч байна. Маш сайн хянаж, тооцож ажиллах шаардлагатай байдаг.

-Химийн зэвсгийг устгах үйл явцын тухай сонирхмоор байна?

-Эхлээд гишүүн орнууд манайд байгууллагад элсэж, өргөдөл гарах ёстой байдаг юм. Тэгээд өөрийн нутагтаа ямар ямар химийн зэвсэг байгаагаа зарлах ёстой. Тэрнийх нь дагуу бид шалгаж, хяналтандаа авч устгадаг.

-Харин устгах процесс хэрхэн явагддаг бол?

-Устгах янз бүрийн арга байна. Хамгийн түгээмэл хэрэглэдэг, хамгийн шилдэг, байгаль орчинд хор хөнөөлгүй арга бол саармагжуулах арга л даа. Энэ нь химийн бөмбөг, зэвсгийг цоолоод дотор талд нь нь байгаа химийн хорт бодисыг соруулж авна.

Эргээд тэр хорт бодисоо өөр химийн бодистой хольж саармагжуулна. Хорыг хоргүй болгоно гэсэн үг л дээ. Харин эх биеийг нь 1000-1500 градусын халуунд шатааж устгадаг.

-Ийм хүнд хортой нөхцөлд ажилладаг алба хаагчдын хангамж хэр байдаг бол?

-Ажиллах нөхцөл байдал байдал маш хүнд. Гэхдээ тэр хүнд нөхцөлд хамгийн бага хохиролтойгоор ажиллахын тулд л хичээнэ. Ингэхийн тулд хамгийн сайн чанарын хамгаалах хэрэгслүүдийг хэрэглэнэ л дээ. Нөхцөл байдал, хангамж бол сайн шүү. Ялангуяа аюулгүй байдлыг маш сайн хангаж ажиллаж чаддаг.

Бид чинь Венийн конвенциор халдашгүй дипломат дархан эрхтэйгээр, НҮБ-ын дипломат паспорттойгоор зорчдог. Томилолтоор явахад бол тухайн орны хөгжил, орчноос хамаарна л даа. АНУ-д бол нэлээд тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлана. Ливи, Сыри, Энэтхэг гэх мэт улсуудад.бол заримдаа цэргийн ангийн хашаан дотор ч байрлана. Бидэнд зориулсан тусгай шинжээчдийн байр гэж байна л даа.

-Олон жил энэ химийн бодистой орчинд ажиллахаар эрүүл мэндийн хувьд өөрт мэдрэгдэх зовиур гарах юм уу?

-Гарч, орох болгондоо цусны шинжилгээ, даралт гээд бүх үзүүлэлтүүдээ үзүүлдэг. Яахав насаараа химийн хорт бодис, хүнд нөхцөлд ажилласан учраас нүднээс нулимс гарах, нүд хуурайших, хорсох гэх мэтчилэн шинж тэмдгүүд одоо илэрч л байна. Энэ нас явж байгаатай бас холбоотой байх, Өөрөө бол сөрөг нөлөө гараад байгаа зүйл алга.

-Та зөвхөн химийн инженер биш. Цөм, химийн зэвсгийн мэргэжилтэй хүн шүү дээ. Монголд уран, шар нунтаг олборлох асуудал нэг хэсэг нэлээд хэл ам дагуулсан шүү дээ. Энэ тухайд бодлыг сонирхьё?

-Манайх угаасаа химийн зэвсэггүй улс. Бас цөмийн зэвсэг ч байхгүй. Ямар нэгэн үй олноор хөнөөх зэвсэггүй, маш энхийн төлөө орон. "Энхийн төлөө дэлхийн хамтын нийгэмлэг"-ийн нэлээд дээгүүр байранд явдаг улс шүү дээ. Би өөрөө цөм, химийн зэвсгийн мэргэжилтэй хүн. Цөмийн шинжээч ч хийнэ. Химийн зэвсгийн шинжээч ч хийж чадна.

Одоогоор химийн зэвсгийн шинжээчээрээ ажиллаж байна. Харин шар нунтаг, уран олборлож атомын цахилгаан станц барих асуудал бол яригдаж болно. Энэ бол асар том судалгаа шинжилгээ шаардсан асуудал. Шинжлэх ухааны үндэстэйгээр шийдвэр гаргах хэрэгтэй.

-Та хэзээ буцах вэ?

-Би нөгөөдөр /маргааш/ буцна.

-Нөгөөдөр нутгаасаа гараад хамгийн эхний томилолт нь хаана байх бол?

-Эндээс эхлээд Гага хот руугаа ниснэ. Тэгээд удахгүй л дараагийнхаа томилолтод явах байх. Бидний гүйцэтгэдэг үүрэг, хаашаа томилолтоор явах зэрэг нь нууцлалын зэрэглэлтэй болохоор хамаагүй ярьж болохгүй. Бид голдуу ОХУ, АНУ, Ливи, Сыри рүү л их явдаг даа. Яахав технологи шалгах, сургалт явуулах гэх зэргээр өөр бусад орнууд руу нэлээд их явж байгаа.

А.Халиун

Эх сурвалж: