sonin.mn
Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” Монголд чөлөөт хэвлэл үүссэний 25, Монголын Сонины холбоо байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан сэтгүүлзүйн салбарын хүндтэй эрхмүүдийн яриаг цувралаар хүргэж байгаа билээ.
 
Энэ удаагийн зочноор Монголын Сонины холбоог үүсгэн байгуулагчдын нэг, “81-р суваг” сониныг үүсгэн байгуулагч, Монголын “Мөнгөн үе”-ийн нэрт яруу найрагч, “Болор цом”-ын эзэн Ж.Баяржаргал уригдаж чөлөөт хэвлэлтэй холбогдсон түүх, туулж ирсэн замнал, ирээдүй хойчийн талаар хүүрнэснийг хүргэж байна.
 
 -Та бид хоёр “Өдрийн сонин”-ы редакцид, яруу найрагч дүү Н.Гантулгын ажлын өрөөнд тааралдсан нь бас л сайхан учрал байна шүү?
 
-Сайхан баяртай, бас хөгжилтэй уулзах учиртай л өдөр байж дээ. Монголын яруу найргийн энэ үеийн том төлөөлөл Н.Гантулга дүүтэйгээ сайхан ярьж суутал чи орж ирээд ахыгаа байцаах  гэж байгааг нь жирийн өдөр биш гэж хэлээд байгаа юм. Н.Гантулга дүүтэйгээ Монголын уран зохиол, яруу найргийн одоо болон ирээдүйн ту­хай  эерэг сэтгэл, бас бу­хим­дал нь хүртэл нийл­дэг юм аа. 
 
Миний дараа­гийн дараа гарч ирж байгаа отгон “Болор цом”-ын эзэн юм даа. Өнгөцхөн харахад Мон­­голын зохиолчид нэг л олон юм шиг мөртлөө яг үнэн­дээ 1000 хүрэхгүй хүн л байдаг юм шүү дээ. Манай Н.Гантулга сайхан шүлэгтэй гэдгийг надаар хэлүүлэлтгүй ард түмэн мэднэ дээ.
 
-Бид хоёрын яриа Мон­голд  чөлөөт хэв­лэл үүс­сэний 25, Мон­голын со­нины хол­боо байгуу­лагд­­­саны 15 жи­лийн ой­той холбогдоно. Манай ун­­шигчид таныг “Болор цом”-ын эзэн яруу найрагч гэдгийг тань л мэдэхээс чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулалцаж явсан гэд­гээр тань төдийлөн мэдэх­гүй. Ер нь сонины бизнес рүү хэрхэн, яаж орсноо ярихгүй юу?
 
-За миний намтар түү­хийг мэдэх ёстой хүмүүс нь дэндүү сайн мэднэ дээ. Ха­рин мэдэхгүй улсуудад нэг их айхтар мэдэгдэх дур­гүй, “Нүдэн балай, чи­хэн дүлий” байсан нь дээр гэж л бодож  явдаг. Гэхдээ би бол ном бичих, сонин сэт­гүүлзүйн талын л хүн юм байна. Хүн “Хөнжлийнхөө хэрээр  жийж, адууныхаа хэрээр исгэрдэг” гэдэг  зур­гаахан үгэнд  амьдрал тэр чигээрээ  багтчихсан байдаг юм байна. 
 
-1988 онд УБДС-ийн оюутан Дарь.Сүхбаатар на­­рын эрхлэн гаргасан “Ца­гийн толь” сониныг Мон­голын шинэ үеийн чө­лөөт хэвлэлийн анхдагч хэвлэл хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа. Түүний дараахан сонин эрхлэн гаргаж явсан хүний хувьд тэр үеийн хэвлэл, анх­дагч­дын талаар ямар бодол­той явдаг вэ?
 
-Яг  үнэндээ “Цагийн толь” чинь ханын сонин маяг­тай  сонин байсан юм шүү дээ. Бид цэрэг армид байхдаа тэр зэргийн ханын сонин зөндөө л гаргаж явсан. Тэр үеийн дивиз, хо­роо, батальеон, рот, са­лаа, за бараг тасаг бүхэн тий­­мэрхүү ханын сонинтой байсан юм. Гэхдээ би энэ үгээрээ Дарь.Сүхбаатар эрх­лэгч, саяхан бурхан болсон гайхамшигтай яруу найрагч П.Бөхбат, “Сүнс” О.Одгэрэл гээд сайхан нөхдийнхөө хийж бүтээснийг үгүйсгэх санаа огтхон ч агуулаагүй юм шүү. Яг хэдэн дугаар гарсныг нь сайн мэдэхгүй байна. Тэр сонинг залгаад “Шинэ толь”, Нийслэлийн сонин бичиг”  гээд маш олон сонин гарсан л даа. 
 
-Түүний  дараахан хэв­лэлийн эрх чөлөөний алтан үе ирж, сонирхсон бүхэн со­нин гаргаж эхэлсэн байх аа?
 
-Яг хэвлэлийн эрх чө­­лөөний оргил үе гэвэл 1993-2003 оны 10 жилийг хэл­нэ. Эхний үед янз бүрийн сонин хийх гэсэн, чөлөөт сэтгүүлзүйгээр мөнгө олох гэсэн сонирхогчдын сэргэн мандлын үе байсан. Гэхдээ сонины бизнес гэдэг чинь их хүнд салбар шүү дээ. Тун удахгүй сонирхогчдын үе дуусч, жинхэнэ шигшигдсэн гарын 10 хурууны тооны хүн үлдсэн юм.
 
Өнөөдөр ч амжилттай ажиллаж яваа “Сэрүүлэг”-ийн С.Баяр­мөнх, “Хань” сонины Д.Батсүх, “Хүмүүс”-ийн Р.Хад­баатар за тэгээд Л.Зоригт, Л.Төрбаяр, “Хөх толбо-ын Б.Эрдэнэбаатар, Л.Нинжжамц  нарыг дурьдах ёстой юм. Чөлөөт хэвлэлийн үүсэл хөгжил, өнөөдрийн дүр төрхийг эдгээр хүмүүсээс салгаж ойлгож болохгүй. 
 
-1996 оны үед байхаа чөлөөт хэвлэл рүү Төр, Зас­гийн  зүгээс балмад дай­ралт хийж байсныг сайн санаж байна?
 
-2003-2013 он бол чө­лөөт хэвлэлийг нугасалж дуусгаж байгаа он жилүүд гэдгийг хатуухан хэлчихье. Өнөөдөр өдөр тутмын бүх сонин, телевиз, радио, сай­тын ард ямар нэ­гэн оли­гарх, улстөрчид сууж л байгаа шүү дээ. Ийм байхад худалдагдаагүй нэр цэвэр, үзэл бодолдоо тууштай үнэнч хэвлэл мэдээлэл, түү­нийг бүтээгчдийн тухай ярих  бо­ломжгүй юм. Монгол Улсын маань ирээдүй улам л бүрхэг болж байна. Яг үнэндээ АН, МАН, МАХН гэсэн энэ бүлэглэлүүд бол үгсэн хуйвалдаж, та бидний ирээдүйг хулгайлан зарж борлуулж байгаа үл бүтэх амьтдын л бөөгнөрөл шүү дээ. 
 
-Та нэлээн бухимдалтай яваа юм аа даа?
 
-За яах вэ чи тийм сайн ойлгож, мэдрэхгүй л дээ. Өнөөдөр өөрийн гэ­сэн бо­долтой, жинхэнэ чө­­лөөт хэв­лэл сонин үүс­­гэн бай­гуул­вал шууд Эрүү үүсгэгдээд л шоронд ор­но. Биднийг “81-р су­ваг”, “Толь” “Шар со­нин”, “Сэрүүлэг”  зэргийг гар­­гаад ид шуугиулж бай­хад улстөрчид, дөнгөж үүсч байсан олигархиудын ну­руу­ных нь шар үс ёстой жинхэнэ босдог байсан юм шүү. Би яагаад ингэж ит­гэлтэй хэлээд байна гэвэл нийг­мийг эрүүлжүүлэх, ард түм­нийг  тэнцвэртэй  шу­дарга мэдээллээр хангах үнд­сэн үүрэгтэй чөлөөт хэвлэл жинхэнэ утгаараа хөгжих боломжтой байж л дээ. 
 
-Таны эрхлэн гаргаж байсан “81-р суваг” со­нины макет, дэглэлт ихээхэн онцлогтой, бусдаас өөр бай­сан нь сонины зах зээл дээр олон жил амьдарч, уншигчдын талархал хү­лээсэн байх даа?
 
-“81-р суваг” со­нины талаар нэг л юм бо­дож явдаг юм. Ерөөсөө л анх­наасаа Монголын сонины орон зайд далд ертөнц, учир битүүлэг бүхний талаар нэгдсэн цогц бодолготойгоор хэвлэн нийтлүүлсэн нь л бидний амжилтад хүрэх нөхцөл байсан болов уу. Одоо манай Б.Галсансүхийн бичдэг чөтгөр шулмын тухай асуудал, болж өнгөр­дөг үзэгдэл зэрэг бол зүгээр нэг санаанаасаа зохио­гоод биччихдэг юм биш.
 
Нөгөө­тэйгүүр энэ дээр сууж байгаа нөхдүүдийн авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийг яах аргагүй нотлох баримттай, хаашаа ч бултах газаргүй болтол нь бичдэг байлаа. Тэр байтугай ор хөнжлийнх нь явдлыг дэлгээд тавьчихдаг байв. Гэхдээ одоо би ямар ч алдаа гаргасан бай хүний хувийн амьдрал руу арай илүү өнгийдөг байж дээ гэж хааяа харамсаж явдаг. 
 
-Хамгийн сенсацитай сониноор “81-р сонин” шалгарч таныг шагнал авч байсныг тодхон санаж байна. Тэр чинь хэдэн он билээ?
 
-За байз. Янз бүрийн шаг­нал их авсан даа. Эд­гээ­рээс сэт­гэлд хамгийн тод­хон үлдсэн нь Ерөн­хийлөгч Н.Энхбаяр  “Энэ 81-р суваг сонины эрхлэгч нэг бол үнэхээр гүжир хар зо­ригтой хүн юм, эсвэл усан тэнэг нөхөр байх” гэж хэлж хүмүүсийг хөгжөөж байсныг сонссон л юм даа. Зөвхөн тэр хүний үнэлэлт, бас дургүйцлээс “81-р суваг” сонин ямархуу хэм­жээний нийтлэлийн бод­логотой, чансаатай сонин бай­сан гэдэг нь бага ч бол­тугай анзаарагдах болов уу. 
 
Ид үедээ 7000 ширхэгийг гудамжинд зарахад өдрийн талд шуураад дуусдаг бай­сан юм. Тухайн үед тийм л сонин гаргаж байлаа. Нө­гөөтэйгүүр 70 жил нэг на­­­мын дарангуйлалд байж нийг­мийн шилжилтийн үед мэдээллийн өлсгөлөнд ор­сон ард түмэн гэдэг ёстой л “Уулын орой дээр эмгэн, өвгөн хоёр амьдарч байжээ” гэсэн мэдээллийг ч шүүрээд унших нь холгүй байсан цаг үе л дээ. Гэхдээ тэр үеийн бүх л чөлөөт хэвлэлийн та­лаар дандаа гэрэл, гэгээтэй эерэг бичих аргагүй юм.
 
Ёстой л нөгөө “Сайн муу нийлж байж сав нь дүүрдэг хорвоо шүү дээ”. Тэгэхээр хүний нэр төрд ямар ч ба­римт нотолгоогүй халдсан, редакцийн хаяг, байршил нь тодорхойгүй сонинууд хэвлэгдэн гардаг байсан сөрөг үзэгдлийг ч ярих л ёстой. Харин өөрийнхөө өнгөрсөн амьдралыг бодож явахад чөлөөт хэвлэлийн зах зээлд ажилладаг ялангуяа эрчүүд бусдын ор хөнжлийн асуудлаас хол байж, болж өгвөл хөндөхгүй, бүр би­чихгүй байх хэрэгтэй юм байна гэж бодох болсон. 
 
Сүүлдээ манай сонин дээр санаатай, санамсаргүй тэр талаар бичигдсэн ганц хоёр хүнийг харж, хувь заяаг нь өрөвдөж өөртөө их гутарч явсан. Бүр заримынх нь араас  хөөцөлдөн байж уул­заад уучлал гуйж явлаа. Үзэгдээд өнгөрөх энэ амьд­ралд хүний хамгийн эмзэг тэр сэдвийг болж л өгвөл хөндөхгүй байх хэрэгтэй гэд­гийг залуу сэтгүүлч дүү нартаа хэлчихье гэж бодлоо. Алдаагүй хүн гэж байдаггүй. Харин алдаанаас суралцаж амьдарсан  хүн л арай илүүг ойлгож, амьдрал нь тэгширч явдаг юм шиг санагддаг даа. 
 
-Анх “81-р суваг   со­нин”-оо яг хэдэн оны хэд­дүгээр сард өлгийдөн авч байсан бэ?
 
-1996 оны наймдугаар сар буюу Халхын голд Японы самурай нарыг хиар цохих ерөнхий давшилт эхэлсэн өдөр анхны дугаараа гардан авч байлаа. Анхны дугаар дээрээ  Алтан­булагаас    Замын-Үүд хүр­тэлх Улаанбаатар төмөр замыг тавихаар хүрэлцэн ирсэн Власовын арми буюу “505”-ынхны тухай би­чиж байлаа. Энэ төмөр зам Власовын армийн олз­логдсон цэргүүдийн цус, нөж, нулимс харууслаар бос­сон юм шүү дээ. Анх 124 мянган олзны цэрэг орж ирээд төмөр замын ажил дуусахад 74-хөн хүн амьд үлдсэн гэдэг.
 
124 мянган хүний халуун амь, бүлээн цус гэдэг ямар их харуусал, өнчрөл зовлон араасаа да­гуулсныг төсөөлөн бодох гээд үз дээ. Мөн ч аймшигтай хо­морголон устгах ажиллагаа шүү. Тэгэхээр ХХ зууны манлай бүтээн байгуулалт нь Эрдэнэт биш. Энэ нь 124 мянган хүний яс, сэг дээр сүндэрлэн боссон Алтан­булагаас Замын-Үүд хүр­сэн төмөр зам л юм шүү дээ. 
 
-Тухайн үед чөлөөт хэвлэлийн  зах  зээлд  ихээ­хэн амжилттай ажил­лаж байсан “81-р суваг” сонин сүүлдээ яагаад хаагд­сан юм бол. Уг нь уншигч­дийнх нь зах зээл байсан л баймаар юм?
 
-Сүүлдээ  чөлөөт   хэв­лэлийг үүсгэх гэж хамтран зүт­гэж, шүүх цагдаагийн хаал­ган дээр хонох нь холгүй цуг зогсож явсан нөхдийн маань зан чанар  өөрчдөгдсөн юм. Арай жаахан алдрын оргилд  гарч,  мөнгөтэй болсон нь жижиг сонинуудаа бүх л аргаар хавчиж, өөрсдийг нь бүх талаар хамгаалдаг улс­төрчид, олигархуудтай ний­лээд бусад хэдийгээ нам­наж эхэлсэн. Сүүлдээ яг үнэндээ шүүх, цагдаагийн үүдний манаач болсон шүү дээ. Янз бүрийн нөлөө, хавч­лага ажиллах аргагүй бол­госон. За тэгж байтал сан­­хүүгийн асуудал гэдэг өд­рөөс өдөрт хоолой боомилж сонины  зах  зээлийг ор­хихоос  аргагүй болсон. 
 
-Тэр үед тантай шүүхээр заргалдан дарамталж бай­сан зарим улстөрчийг нэр­лэж болох уу?
 
-Нуугаад байх юм, айх зүйл байхгүй. Тэр үеийн УИХ-ын гишүүн Д.Хувь­төгөлдөр надаас 100 сая төгрөг нэхэмжлээд шүүх­дэж л байлаа. Хууль зүйн сайд байсан өнөөд­рийн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж найман сая төг­рөг нэхээд ёстой л “Ясаа цай­тал заргалдаж” байв. Тэр байтугай энэ Б.Баабар нөхөр хүртэл дөрвөн сая төгрөг нэхээд ха­райлгаж л явсан. 
 
Сүүл­дээ Баянзүрх дүүр­гийн шүүхийнхэн на­майг хараад “Ишш бас л хүрээд ирсэн үү” гээд толгой сэг­сэрц­гээж байсан юм шүү. За даа бараг хамаатан са­дан болоогүй дээ. Сүүлдээ үнэ­хээр дийлэхээ болиод бөө­гийн хамгаалалтад орж нэг жил санаа зовохгүй явж үзсэн. Үнэхээр ямар ч асуудалгүй хамгаалж чаддаг л юм билээ. Би өөрийнхөө амьдралаар туулаад гарсан болохоор  бөөгийн сүр, хү­чинд гайхан биширсэн. Түүнээс хойш үнэхээр далд ертөнц гэж бодитой орш­дог юм байна гэдгийг яс махаараа ойлгосон хүн дээ.
 
-Анх хэдүүлээ Монголын Сонины холбоог байгуулж байсан бэ?
 
-За байз “Сэрүүлэг”, “Хү­мүүс”, “Дээдсийн амьд­рал”, “Хань”,“81-р суваг” сонин гээд хэдүүлхнээ л байгуулж байсан даа. Анх зургаан сонин л байсан. Одоо ч тоймгүй  олон нөхөр гараад ирсэн байна лээ дээ. 
 
-Та ер нь “81-р суваг” сониноос өөр сонин гаргаж байсан уу?
 
-За байз “Цагаан сүлд”, “Чуулган зар” гээд сонинууд гаргаж байсан юм байна. Тэгээд сүүлд “Утга зохиол урлаг” сонин руу орж өнөөд­рийг хүртэл явж байна даа. 
 
-“Утга зохиол урлаг” сонины хувь заяа хаашаа ч эргэж мэдэхээр болсон хүнд үед таныг өөрөөсөө санхүүжүүлэн  аварч үлд­сэн гэдэг?
 
-За тэр үе чинь хөөрхий нөгөө Ц.Түмэнгэрэлтэй хол­­богдох учиртай юм л даа. Ц.Түмэнгэрэл нэг л өдөр тийм сүрхий хэрэг хэ­рэгт холбогдож  ямар ч ха­риу­цах эзэнгүй болж 6000 за­хиа­лагчийн асуудлыг хэн хариуцах нь тодорхойгүй болсон. Би тэр үед эр хүний зангарга гаргаж Монголын оюуны томоохон өмч бол­сон энэ сонинг ямар ч гэ­сэн авраад үлдье гээд л зүтгэчихсэн. Банкных нь бүх орлогыг лацдаад улсын орлого болгочихсон үнэхээр хэцүү үеийг даваад гарсан шүү.
 
 Х.Чилаажав маань дуу­даад “Үнэхээр танд л итгэхээс өөр аргагүй боллоо. Та энэ сониныг аваад яваач” гэсэн юм. Түүнээс хойш зүтгэсээр өнөөдөр ут­га зохиолд хайртай, түү­нийг ойлгодог 2000 орчим ун­шигчийнхаа хүчээр амьд­раад л явна. Монголын гур­ван сая иргэнээс гэрэл гэгээ­тэй материал, уран зохиол уншдаг  2000 хүн үлдэж хо­цорсон нь аштай юу даа. 
 
-Та бол Монголын мөн­гөн үеийн нэртэй яруу най­рагч, “Болор цом”-д тү­рүүлээд үзчихсэн нэгэн. Өнгөрсөн хугацаанд хэдэн ном гаргасан бэ?
 
-За байз хө. Нийт 34 ном гаргаснаас яг өөрийн уран бүтээлийн 16 ном бай­гаа. Хамгийн  сүүлд Төв айм­гийн өнгөт  гэрэл зургаар хоёр боть гаргалаа. 
“Мөнх тэнгэрийн доорх Төв сайхан нутаг” нэртэй тэр хоёр боть маань хаана ч гологдохгүй болсон байх гэж өөрийгөө тоож яваа. Энд хэлэхэд Төв аймаг эхний бөгөөд эц­сийн удаа гэрэл зургийн цомог гаргасан нь энэ байх шүү. Уг нь Монголын утга зохиолын гурван том ор­гилын нэг нь манай Төв аймаг л даа.
 
Төв сайхан нут­гаар овоглосон 90 шилдэг зохиолчийн танилцуулга, намт­­­рыг хэвлэн гаргалаа. “Гэл­бэргийн эрхэс” нэртэй энэ ном минь Монголын утга зохиолын цагаан асарт миний өргөн барьсан  өчүүхэн бэлэг юм даа. Одоо гурван сумын цомгийн ажилд өнөө маргаашгүй гарах гэж байна. Би өөрийгөө Монголын яруу найрагт сансар зүйн буюу арга билгийн зохилдолгоог оруулж ирэхэд багагүй үүрэг гүйцэтгэсэн юм болов уу гэж бодож явдаг. Судлаачид ч тэгж үнэлдэг юм билээ. Түүнчлэн яруу найраг, утга зохиолд хэлбэрийн нэлээн хэдэн шинэчлэл хийсэн гэж боддог. МЗЭ-ийн нэрэмжит шагнал, “Алтан өд”, “Болор цом”-ын эзэн шагналтай Авгаржин Ж.Баяржаргал гэдэг хүн дээ би. 
 
Д.Энхтүвшин
 
Эх сурвалж: