МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсад Эм хангамжийн алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан мэргэжлийн болон Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооны хамт олон, Эм хангамжийн байгууллагын үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагчид Та бүхэнд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, баярын мэнд дэвшүүлье.
1923 оны 10 дугаар сарын 25-нд их жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар Цэргийн эмнэлгийн дэргэд анхны эмийн сан байгуулагдсанаар эм хангамжийн байгууллагын түүх эхэлж, 1990 оныг хүртэл социалист эрүүлийг хамгаалахын тогтолцоонд тулгуурласан төрийн төвлөрсөн эм хангамжийн алба амжилттай хөгжиж ирсэн түүхтэй.
1990 оноос Монгол орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр эм хангамжийн төрийн өмчийн байгууллагын зэрэгцээ хувийн хэвшлийн эмийн сан, эм хангамжийн байгууллагууд шинээр бий болж, улмаар төрийн өмчийг хувьчилсанаар 1500 гаруй хувийн хэвшлийн эмийн сан төв, орон нутгийн хүн амд үйлчилж, 36 эмийн үйлдвэрт 370 орчим нэр төрлийн эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэн борлуулж байна.
Монгол Улсын Их Хурал Эм хангамжийн байгууллагын эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 2002 онд “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”, 1998 онд бие даасан “Эмийн тухай” хуулийг баталж, улмаар 2006 онд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль” болгон нэмэлт8 өөрчлөлт оруулсны дээр 2010 онд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийг шинэчлэн найруулж баталсан байна.
Эм хангамжийн байгууллага эрүүл мэндийн салбарын нэгэн багана болж байдгийн хувьд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг-эмийн үндэсний бодлогын хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, нийлүүлэлт, үйлдвэрлэлийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй, баталгаатай нөхцөлийг бүрдүүлэх онцгой үүрэг хүлээж байдаг юм.
Монгол Улсад 120 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага жилд дунджаар 40 орчим тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис импорлож бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төв, иргэдийн хэрэгцээг хангаж байгаа хэдий ч чанарын хувьд учир дутагдалтай байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Тийм учраас хуулийн дагуу эм зүйн салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журам болон эм хангамжийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааны стандартад холбогдох өөрчлөлтийг оруулж, хүн амын дунд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг жигдрүүлж, эмийн зар сурталчилгаа болон үнийн зохицуулалтыг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь Та бүхний эрхэм зорилт болж байна.
Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн явцад өмч хувьчлалыг идэвхитэй дэмжиж түүчээлсэн төдийгүй эм хангамжийн нүсэр үйлчилгээг төрийн оролцоогүйгээр дангаараа нуруундаа үүрч амжилттай хэрэгжүүлж ирсэн Та бүхэнд монголын төр гүн талархал илэрхийлэхийн хамт цаашид үйл ажиллагааг нь эрх зүй, эдийн засгийн хүрээнд бүх талаар дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлэх болно.
Та бүхэнд баярын мэндийг дахин дэвшүүлж, шинэ зуунд эм хангамжийн байгууллага болон үндэсний эмийн үйлдвэрүүд улам хүчирхэгжиж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрт оногдсон үүрэг, хариуцлагаа ухамсарлан эрч хүчтэй ажиллаж, амжилт бүтээл дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
УЛСЫН ИХ ХУРЛЫН
ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
Улаанбаатар хот 2013 оны 10 дугаар сарын 23
Сэтгэгдэл0