
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 20 /Reuters/. АНУ руу хууль бусаар цагаачлахад зориуд санаатайгаар дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлээр Энэтхэгт төвтэй аялал жуулчлалын компаниудын эзэд, албан тушаалтнуудад визийн хориг тавьсан гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс даваа гарагт мэдэгдэхдээ, визийн хязгаарлалтад өртсөн хүмүүсийн ба тэдний төлөөлж буй аялал жуулчлалын агентлагуудийн нэрс зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг дурдаагүй байна.
Мөн АНУ руу “хууль бусаар цагаачлахад”-ыг хэрхэн зуучилсан талаар тодорхой дурдсангүй. Энэтхэг дэх Консулын газар болон Дипломат аюулгүй байдлын албаныхан “хууль бус цагаачлал, хүмүүсийг хууль бусаар хил нэвтрүүлэх, наймаалах ажиллагаанд туслалцаа үзүүлж байсан” хүмүүсийг илрүүлсэн гэж Төрийн департамент мэдэгджээ. Түүнчлэн гадаадын иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлэх сүлжээг таслан зогсоох зорилгоор аялал жуулчлалын компанийн ажилтнуудад тавьсан визийн хоригийг үргэлжлүүлнэ гэв.
Түүнээс гадна, визийн хязгаарлалт нь визийн хөнгөлөлтийн хөтөлбөрт хамрагдсан хүмүүст ч мөн хамаатай гэдгийг Төрийн департамент мэдэгджээ. Ингэхдээ АНУ-д 90 хүртэл хоног аялах жуулчны виз авахаас чөлөөлөгдсөн хүмүүсийн талаар дурдсан байна.
АНУ-ын цагаачлалын тухай хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх нь хууль дээдлэх зарчмыг болон америкчуудыг хамгаалахад чухал гэдгийг Т.Брюс онцолжээ. Ерөнхийлөгч Д.Трамп энэ онд Цагаан ордонд эргэн ирснээс хойш түүний засаг захиргаа хууль бус цагаачлалтай хатуу тэмцэж, олон мянган цагаачийг албадан гаргасан юм. Мөн дэлхий даяарх АНУ-ын Элчин сайдын яамдын зүгээс нийгмийн сүлжээгээр дамжуулан АНУ-ын виз авсан хүмүүст хандаж, визийн хугацаагаа хэтрүүлэхгүй байхыг анхааруулж, эс бөгөөс албадан гаргах, бүрмөсөн хориг тавих эрсдэлтэй гэдгийг онцгойлон сануулж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Гадагшаа цагаачлаад хүн улам л ядуурдаг юм байна лээ. Их л онцгой мундаг чадвартай л биш бол ёстой хэрэггүй юм билээ. Настай хүн бол бүр хэрэггүй. Очоод дасаж ядсаар байгаад үхчихдэг юм билээ. Юу ч болж байсөн настай хүмүүс ямар ч онцгой агуу чадваргүй жирийн залуучууд бол гадагшаа цагаачлаад их л зовдог ядардаг юм билээ
Хууль бус цагаачлал дүрвэгсэдийн эсрэг хатуу хязгаарлалт тавих нь зөв.