sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 20 /AP/. Орос, Украины дайныг зогсоох хэлэлцээг “нэн даруй” эхлүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ. 


Д.Трамп “Truth Social” сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар хийсэн хэлэлцээ “маш сайн” болж өрнөсөн гэлээ.


“Орос, Украин хоёр гал зогсоох, цаашлаад хамгийн чухал нь дайныг зогсоох тухай хэлэлцээг нэн даруй эхлүүлнэ” гэж тэрбээр хэлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хувьд, Д.Трамптай хийсэн хэлэлцээг “илэн далангүй, утга учиртай” хэмээн тодорхойлжээ. "Энэ бол маш их утга учиртай, нээлттэй, ерөнхийдөө миний бодлоор маш хэрэгтэй хэлэлцээ байлаа” гэж В.Путин утсаар ярьсныхаа дараа Оросын хэвлэлд мэдээлээд, хэлэлцээ хоёр цаг гаруйн турш үргэлжилсэн гэв.


Түүний хэлснээр, Оросын тал дайныг “энхийн замаар шийдвэрлэхийг” дэмжиж байгаа ажээ. Хоёр тал аль алинд нь ашигтай зөвшилцөлд хүрэх ёстой гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Д.Трамп В.Путинтэй утсаар ярьсныхаа дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Европын удирдагчидтай утсаар ярьсан гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб нартай ярьсан байна. Ватиканы зүгээс мөн Украин-Оросын яриа хэлэлцээг зохион байгуулах санал тавьсныг Д.Трамп дурджээ.

 



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг