sonin.mn
 
УИХ-ын гишүүн Г.Уянгатай түүний санаачилсан түрээслэгчидийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
 
-Түрээсийн тухай хуулийн төсөл санаачлах болсон шалтгаан нь юу вэ. Энэ салбар өөрөө хувийн өмч гэдэг утгаараа зах зээлийн хуулиараа зохицуулагдаад явах боломжтой юм биш үү? 
 
-Бид шинэ нийгэмд шилжээд 20 гаруй жил боллоо. Харин энэ хугацааг эргээд харвал Монголын эдийн засаг «зэрлэг» капитализм шиг болчихож. Хүмүүсийн дунд баян, хоосны ялгаа эрс нэмэгдсэн байна.
 
Үндсэндээ Монголын эдийн засаг бараг тэр чигээрээ түрээсийнх болчихсон байгаа юм. Айл бүрт нэг түрээслэгч байна гэхэд бараг хилсдэхгүй. Түрээс өөрөө эдийн засагт маш их нөлөөлдөг гол хүчин зүйл болчихож. 
 
Бараа бүтээгдэхүүний үнэ, инфляцид нөлөөлж байна. Гэтэл үүнийг анзааралгүй өдийг хүргэсэн. Шатахуун, эрчим хүч, дулааны үнэ нэмэгдэхээр л одоо инфляци яах бол гэж ярьдаг. Гэтэл түрээс өөрөө байсхийгээд л 50, 100 хувиар нэмэгдэж байна.
 
Тиймээс түрээслэгч мөнгө үйлдвэрлэгч биш болохоор үүнийг дагаад үйлчилгээнийхээ үнийг нэмж байгаа юм. Энэ нь бидэнд, иргэдэд шууд дарамт болж байна. Тэгэхээр түрээсийг зайлшгүй хязгаарлах шаардлагатай.
 
 
-Одоо иргэд хоорондын болон байгууллага дундын гэх мэт түрээсийн гэрээгээр зохицуулагдаад байгаа шүү дээ? 
 
-Энэ салбарт үүссэн асуудлыг зохицуулахад одоогийн түрээсийн гэрээний тухай заалт хангалтгүй. Түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын хоорондын гэрээ хэт нэг талруугаа хэлбийсэн ямар ч тэнцвэргүй хийгдэж байна. Тиймээс үүнийг зохицуулахын тулд шинэ хууль хэрэгтэй.
 
Үнэ тогтоолтын тухайд тухайн бараа яагаад тийм үнэтэй байх ёстойг нь тодорхойлохгүйгээр шууд санаанаасаа зохиосон үнэ тавьдаг. Өөрөөр хэлбэл үнэ бүрдүүлэлтийн хууль гэж алга. Энэ бүхнийг хуулиар зохицуулах шаардлагатай. 
 
Ерөнхийдөө нийгэм тэр чигтээ түрээс гэдэг зүйлийг хамгийн ашигтай бизнес гээд харчихаж. Гэтэл үүнийг бизнес гэж хэлэхэд төвөгтэй. Ердөө л ямар нэг обьект олж аваад хэн нэгэнд түрээслүүлж амар аргаар мөнгө олох боломж юм.
 
Гэтэл 20 гаран жил лангуу түрээсэлсэн хүмүүсийн амьдрал сайжраагүй. Түрээслүүлэгч нь л баяжаад байдаг. Энэ бол нийгмийн шударга бус харилцаа, эдийн засаг. Үүнийг зах зээл гэж нэрлэж болохгүй.
 
-Түрээс өөрөө хэт томроод өргөжчихсөн байхад түрээслүүлэгчид хүлээн зөвшөөрөх үү? 
 
-Хувийн бизнес гэдэг утгаараа хэн нэгэн дураараа үнэ өсгөдөг. Тэр нь улс орны эдийн засагт муугаар нөлөөлж ард олныг доройтуулж, амжиргаанд нь нөлөөлдөг байж болохгүй.
 
Үл хөдлөх хөрөнгүүд яаж бий болсоныг бас харах нь зүйтэй. Социализмын үед төрийн хөрөнгөөр бий болсон олон обьектийг шударга бусаар хувьчилж аваад асар их ашиг олж байгаа хэсэг бий. 
 
Үйлдвэрийн зориулалттай газрыг зориулалтынх нь дагуу ашиглахгүй, түрээслүүлж ашиг олдог байдлыг зогсоох хэрэгтэй. Хэрвээ асуудалтай бол түүнийг буцаан татах тухай ч ярьж магадгүй. Ер нь хэн анх яаж үл хөдлөх хөрөнгөө бий болгосон бэ, юу түрээсэлж мөнгө олж байгаа вэ гэдэг нь бас бодох асуудал.
 
 
-Та сая шударга бус өмч хувьчлал үүнд нөлөөлсөн гэлээ. Энэ тал дээр Засгийн газрын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ? 
 
-Ерөнхгйдөө чиг хандлага нь маш буруу байна. Хөдөлмөрлөөд баялаг бүтээж байгаа хүмүүсийг дэмжих ёстой. Тиймээс эдийн засгийн хандлагыг эрүүл, зөв болгохын тулд энэ асуудлыг зайлшгүй хуульчлах шаардлагатай байгаа юм.
 
Засгийн газар энэ асуудлыг маш сайн дэмжиж ажлын хэсэг байгуулсан. УИХ, Засгийн газрын зарим гишүүн, Эдийн засгийн хөгжлийн яам, Статистикийн ерөнхий газар гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. 
 
Бид түрээсийн хэлбэр, хэдий хэмжээний түрээслэгчид байна гэх зэргээр хамгийн эхэнд судалгаа хийх шаардлагатай байна. Түүнчлэн тэдний хооронд ямар хэлбэрийн гэрээ хийгдэж байгааг болон түрээсийн харилцаанд үүссэн олон асуудлыг судлаж гаргах шаардлагатай байна.
 
 
-Энэ хуулийг дагаад хувийн өмчийн тухай мөн бусад холбогдох хуулиудад ч өөрчлөлт орж болох юм. Холбогдох бусад хууль, дүрмийн тухайд? 
 
-Энэ хууль зайлшгүй шаардлагатай болоод байна. Бусад хуулиудад ч өөрчлөлт орж магадгүй. Тухайлбал өмчийн, татварын, газрын тухай хууль мөн үнэ бүрдэлтийн тухай хууль гэж шинээр санаачлах шаардлага ч гарч байна.
 
Эдгээр нь хоорондоо уялдаатай учраас хугацаа их шаардана. Болж өгвөл энэ намрын чуулганаар амжиж өргөн барих хүсэлтэй байна. 
 
 
М.Санчир
 
Эх сурвалж: