sonin.mn
Европоос үүсэлтэй, Америкт бүрэлдэж төлөвшсөн нэгэн бурангуй сэтгэлзүй, сэтгэлгээ, ухамсар буй. Энэ нь конкистадоруудын сэтгэлзүй, ухамсар юм. XV, XVI зууны үед Европоос далайд гарч аялал хийсэн цэргийн хөлөг онгоцууд хүрэлцэн очсон, өөрсдийнхөө хувьд шинээр нээсэн арал, хойг, бүр бүхэл тивийг өөр өөрсдийн хаадын эзэмшил газар болгон ойлгож, зарлаж байлаа. Уг газрууд нь уугуул оршин суугчидтай, өвөрмөц шашинтай, суурин газрууд, тахилын сүмтэй байгааг тэд ер хэрэгсээгүй юм. Европын булаан эзлэгчдийг конкистадорууд хэмээн нэрлэж байв. Хаана ч явж очсон гэсэн тэд өөрсдийгөө эзэд гэж тооцож, үл захирагдагчдыг алж, хядаж, хөөн зайлуулж байлаа. Ийм үзэл, үйлдэлд Америк тив бүхлээрээ автжээ.
Конкистадорууд булаан эзэлж, дээрэмдэж, мөлжиж, хүмүүсийг боол болгон зарцалж, боолуудыг эд бараа мэтээр худалдаж, худалдан авч байлаа. Хүний хувь заяа, бусдын амь, насыг үл хэрэгсэх “урлагт” тэд ийнхүү суралцжээ.
 
Газар нутгийг булаан өмчилж, алт мөнгийг дээрэмдэн авч, боолын хөдөлмөрөөр баяжиж, хөрөнгөжөөд үйлдвэр, уурхай ажиллуулж, хот суурин барьж, төмөр зам тавьж, хөгжиж, баяжицгаажээ. Орчин үе дэх тэдний удам угсаа, үр сад нь америкчуудаар манлайлуулсан түрэмгийлэгчид юм. Тэд яг л урьд өмнийх шигээ зөвхөн өөрсдийнхөө ашиг, сонирхлыг л дээдэлдэг, бусад хүн ардыг доорд үздэг, болбол л элдэв аргаар эрхшээлдээ оруулж, дарлаж, мөлжиж байхыг эрмэлздэг бурангуй үйлстэнгүүд болчихоод байна. Тэдний энэ байдлыг Ази, Европ, Африк таньж мэдээд эсэргүүцэх, тэмцэх болжээ. Тэд урд өмнө нь Хойд, Урд Америк тивийг булаан эзэлж авсан шигээ одоо (бүр XXI зуунд шүү) 180 градус эргэж Европ, Азийн улсуудын газар нутаг, хүн ардыг эзлэх, мөлжих, зарим ард түмнийг устгаж үгүй хийхийг эрмэлзэх болоод байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Европын зарим орны болчимгүй, боловсролгүй улстөрчид, милитарист, нацист, фашист үзэл санаа, дэлхийн II дайны үлдээсэн хонзогнол зэргийг зориуд дэврээж, ашиглах боллоо.
АНУ бол анх үүсэхээсээ л бусдын нутгийг булааж, уугуул иргэдийг нь алж хядаж, цус нулимсан дээр байгуулагдсан болохоор итгэх, хүндэтгэхэд хэцүүхэн л улс орон шүү дээ. Тэд ийм зан төрхөө ер орхиогүй, гээгээгүй байж ч болох талтай. Учир нь иймэрхүү үйлдлээ тэд ямагт шахуу л үргэлжлүүлсээр ирсэн билээ. Солонгос, Вьетнам, Ирак, Ливи, Сири, Афганистан, Югослав гэх мэтийн олон оронд тэд хэн болохоо нотолчихлоо шүү дээ. Өнөөдөр гэхэд л тэд “дайны гал дээр тос нэмдэг” гол улс орон хэвээрээ л байна.
Ази, Европод жанжлалаа тогтооход нь АНУ-д саад болдог гол хоёр орон бол ОХУ, Хятад юм. Энэ хоёр орныг гол дайснаа гэж зарлахаас ч тэд санаа зовсонгүй.
Конкистадор үзэл сурталтанд холбоотон, найрсаг харилцаатай улс орон гэж байдаггүй. Аль, ямар ч улс орон эсвэл тэдэнд захираглаж вассал болох, эсрэг тохиолдолд дайсан гэж үзэгддэг.
ОХУ,  Хятад  хоёрыг  гол  дайснаа  гэж  үздэг  учраас  АНУ  энэ  хоёр орныг тойруулан зуу гаруй цэргийн баазаа байгуулжээ. Тэгээд зөвхөн зогссон бус зарим цэргийн бааздаа цөмийн зэвсгийн склад, түүнийг тээвэрлэх нисэх онгоцууд байрлуулаад байна. Жишээ нь Англи, Бельги, Нидерланд, Итали, Герман, Франц, Израиль, Пакистан мэтийн орныг  оролцуулж  тооцвол  ОХУ  баруун  талаараа  цөмийн  зэвсгийн бүслэлтэнд оршиж байна. Энэ бүхэн нь ОХУ-ын удирдлагын сэтгэлийг түгшээхгүй байх боломжгүй юм.
XX, XXI зуунд АНУ зэр зэвсэг худалдаж, дайн мөргөлдөөнийг хөөрөгдөж, бусад улс орон руу халдан довтолж, нөлөө оролцоогоо өргөтгөж, алтны нөөцөө зузаалж, долларынхаа нэр хүндийг хөөрөгдөн өсгөж, зүй бусаар баяжсаар байна. Алтан зоосны зэрэг зиндаанд хүрч, дэлхий даяарт хаа сайгүй эргэлдэж буй ногоон цаас нь яг үнэндээ бол хатуу баталгаагүй юм.
Доллар нь хатуу баталгаагүй, эзэд нь булаан эзлэх, түрэмгийлэх сэтгэлзүйтэй, дээр нь нэмээд дэлхийд ганцаараа жанжлах эрүүл бус хийрхэлтэй, төр засаг нь итгэл хүлээх чадваргүй, хуурах луйвардахыг л эрхэмлэдэг арга, барилтай энэ улсын нэр хүнд унасаар, доошилсоор байна, алс холдоо иргэний дайнд автаж, тарж бутарч ч магадгүй болчихлоо. АНУ цаг нь ирвэл 50 ч хуваагдах шалтгаан, нөхцөлтэй.
Улс орнуудын эрдэмтдийг худалдаж авах, хөлсөлж элсүүлэх, тэргүүний техник, технологийг нь АНУ руу урвуулан зөөх, Ази, Европын зах зээлд эзэн суух, “Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, ардчилал” гэж аман дээрээ лоозогноод ар хударгаар нь үнэ цэнтэй бүхнийг нь цөлмөн халааслах, төр засгийн нь удирдлаганд төлөөний этгээдүүдээ, “улстөрийн янхнуудыг” элдвээр түлхээслэн гаргах, өнгөт хувьсгал мэтийн жүжиг тавьж хууль ёсны төр засгийг түлхэн унагаах зэргээр зүсэн зүйлийн бусармаг арга, луйврыг тэд хэрэглэж байна.
 
 
 
Хомосапиенсаас салбарлан үүсээд, өсөж олшрохын хэрээр хаашаа ч юм нүүдэллэн очиж суурьшин аж төрсөөр өдий хүрсэн, дайн самуунд төдийлөн их өртөөгүй, өөрсдөө ч дайн түрэмгийлэл үйлдэж байгаагүй ард түмэн, хүн зон гэж байна. Тийм ард түмэнд зэрлэг, түрэмгий ааш авир, бусдыг үзэн ядах, бусдад дайсагнах сэтгэлзүй, ухамсар байдаггүй. Харин бусдын газар нутгийг булааж эзэгнэсэн, хүн ардыг нь алж хядсан, өөрсдөөсөө бусдыг үзэн ядах, үл тэвчих, мөлжих, боолчлох сэтгэлзүй, ухамсартай болчихсон хүмүүс, ард түмэн бол бусдыг өрөвдөх сэтгэлгүй, яг л эрт цагийн боолын эзэд шиг байдаг.
 
Европоос Америк тивд нүүдэллэн очиж, уугуул иргэдийг нь алж хядаж, газар нутгийг булаан авсан, боолын эзэд байсан, негрүүд, улаан арьстангуудыг үзэн яддаг сэтгэлзүйтэй болчихсон цагаан арьстангуудын хувьд бусад ард түмнийг өрөвдөх сэтгэл тун ч бага болчихсон нэг нийтлэг шинж буй. Конкистадоруудын (булаан эзлэгчдийн) харгис, хэрцгий, хүмүүнлэг бус сэтгэл, үйлдэл өнөөгийн америкчуудад удамшин үлдсэн байж ч болох юм. Тэд өөрсдийгөө эрхэм дээд төрөлтөн, харин бусад хүмүүс, ард түмэн бол джунглийн зэрлэгүүд гэх шахуу үзэл, сэтгэлтэй байх болжээ. Энэ шинж нь олон удаа,  олон  газар  нутагт  илэрч  нотлогдлоо.  Орос,  Украины  дайны явцад ч энэ муухай шинж нь тодорхой харагдаж, мэдрэгдэж байна. Гэхдээ ийм бурангуй сэтгэлзүй, ухамсар эрх барьж буй намуудын нь удирдлаганд, нийгмийн элит хэсэгт нь, олигархиудад, цэрэг армийн удирдлаганд нь байгаа болно. Жирийн иргэд, ард түмэн нь хэвлэл- мэдээллийн худал, хуурмагт автаж, төөрөлдөж байгаа болохоос биш, тэдэнд тийм төрөлх, удамшсан зан авир үгүй юм.
 
Хэдэн зуун цэргийн баазыг дэлхийгээр нэг тараан байршуулаад “хамгаална, өмгөөлнө” гэх нэрийн дор эзэлж авдаг, эзэн ноён суудаг болчихжээ. Тэдний энэ савраас хүн төрөлхтөн салах гэж их л зовох байх даа... Хүний хорвоод иймэрхүү зовлон, гамшиг алга болох цаг ирэх болов уу? Ирээдүй мөн ч баргар болсоор байна даа!
XXI зууны хүн ард, улс орон, тэр тусмаа бүр хөгжилтэй гэгдэгч, тэргүүний гэгдэгч, баян тарган гэгдэгч хүчирхэг орнууд дэлхийн III дайныг өдөөхөөс ч сийхгүй ааш авир гаргаж байх юм. Хэрэв III дайн дэгдвэл II дайны нэгэн адил төгсгөлдөө цөмийн зэвсэг, атомын бөмбөг хэрэглэх нь гарцаагүй. Цөмийн зэвсэгт хүрэхгүйгээр нэг нь ялж, нөгөө нь ялагдана гэдэг худлаа. “Үхэхдээ үхэр буугаа тавина” гээч болох нь гарцаагүй шүү дээ. Үхэх, үлдэхээ үзэх, үл эвлэрэх, нэг нь нөгөөгөө устгаж байж л дуусах хувилбараар дайн шатлан өргөжих болно.
 
Цэргийн баазуудаа устгаад, цөмийн зэвсгээ устгаад, цэрэг армиа татан буулгаад энх тайвнаар зэрэгцэн орших ухаан, соёл, тэвчээр, хүмүүжил, ёс суртахуун хүн төрөлхтөнд байхгүй, буй болох ч үгүй бололтой.
 
Дайн, тулаан, цус, нулимс, эвдрэл сүйрэл, өнчрөл, хагацлаас хүн төрөлхтөн ухаарал, сургамж авах байсан бол аль хэдийнээ л аваад бүх зэвсгийг бүрэн хураачих байлаа. Тэгсэнгүй, тэгэх ч үгүй нь илт байна.
АНУ бол галт зэвсгээр дээр дооргүй, бүх штатуудаараа, айл өрхүүдээрээ бүрэн хангагдсан улс орон. Иргэдэд нь хувьд байгаа галт зэвсэг нь нийт өрхийнхөө тооноос ч хамаагүй илүү олон. Иргэний дайн дэгдлээ гэхэд өрх бүрээс нь 1-2 галт зэвсэгтэй хүн гараад л ирнэ.
Европын бүх улс орны хүн ам нэн их идэвхтэйгээр өдөр шөнөгүй эсэргүүцэн тэмцэх аваас л энэ дайн аль нэгэн байдлаар зогсож магадгүй байх. Украин ялагдаж, Украин гэдэг улс алга болж байж л дайн дуусах болов уу. Өөрөөр дуусах хувилбар одоогоор алга байна. Оросод  ухрах  боломж  байхгүй,  бас  ялагдах  боломж  ч  байхгүй.  Эрт дээрээс уламжлагдсан газар нутгаа, эх хэл, соёл, түүх нэгтэй орос хүмүүсээ хаях, золиослох сэтгэл оросуудад буй болохгүй.
 
Судлаач, профессор Д.Чулуунжав