sonin.mn
Бодрол
 
Яах вэ,  бас ч дэлхий дахинд түүний дотор социалист гэх ертөнцөд үүссэн их давалгаа, өөрчлөлтийн ачаар 40 жилийн өмнөхөөс илүү сайхан амьдарч байна, цөөхөн Монголчууд маань. Ямарч гэсэн унах унаатай, идэх хоолтой гэх үү дээ.
Засгийн эрхийг шунал тачъяалдаа автсан 5 Ерөнхийлөгч, яахаас ч буцахгүй МАНАН бүлэглэл бариагүйсэн бол байдал арай өөр байх байлаа.
Хууль дээдэлсэн, хүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэсэн чинь тэр нь зөвхөн эрх баригчдад үйлчилдэг, хувь хүн ардад падлийгүй болж таарав.
Яахав хөөрхий ЖДҮ хөгжүүлье гэсэн сайхан санаа гаргаж, тэрбумаар хөрөнгө цацсан боловч тэр нь Долоон буудлын Долгор хүүхэнд ноогдсонгүй.  Оёдлын цех байгуулах гэсэн хүүхний мөрөөдөл талаар боллоо. Оронд нь харин Ордны том даргын хадам ээж хоёр гурван тэрбумыг авч үйлдвэр үйлэнд биш банкны хадгаламжид хийжээ. Бүр тэр бүү хэл сайд дарга сэтэртэн хүртэл олон тэрбумаар завшсан байна. 
 
Хөгжлийн банк гадаадын их зээлийн мөнгөөр байгуулж, хийж бүтээе гэсэн арддаа туслах гэтэл тэр их хөрөнгийг том томоор 30 жил залгисан хувийн том компаниуд, дарга сайдын саалийн үнээнүүд 100 зуун тэрбумаар хусаад дашийн шог. Зарим нь төлөхгүй хуцав аа чи хэмээн Засгийн газар, хуулийн байгууллагад салаавч гаргаад додигор, яасан ч үгүй.
 
Өвөрхангайн Уянга сумын малчин Дондовын маш сайн сурлагатай хүүгийн гадаадад сурах Сургалтын зээлд очих ёстой 35 мянган доллар, мөн бусдад ноогдох хэдэн зуун сая долларын зээлийг Боловсролын сайдын дүү, бас бусад дарга нарын хүүхдүүд, бүр авгай нар нь завшаад эргэж сохор зоос төлсөнгүй. 
За тэгээд тариалан эрхлэлтээс эхлээд тахир дутуугийн сан хүртэл 200, 300 сангийн хэдэн тэрбум бүр хэдэн их наяд төгрөг зүгээр л эрх мэдэлтнүүдийн гарын салаагаар савирч байна. 
Хэдхэн жишээ шүү дээ. Ийм байхад тэртэй тэргүй хүрэлцдэггүй цалин мөнгө нь боловсрол, эрүүл мэнддээ зарцуулаад тэгээд бор ходоодоо тэжээж хэзээч чадахгүй.
Залуус харийн оронд боолын хөдөлмөр эрхэлж, 3 хан сая иргэнээ тэжээж үл чадах  чадал тэнхэлгүй, мафийн төр тэр саарал байшинд гэдсээ илэн, дараагийн сонгуулийн луйвар боловсруулан амар амгалан оршин байна.
Ямар ард түмэн байна, тийм төр оршдог гэх юм. Монгол түмэн бүр иймдээ хүрчээ.
За ямарч гэсэн бусдын боломжийг хулгайлан баян чинээлэг аж төрнө гэдэг шившиг юм, Монголчууд аа...
 
Т.Залаа-Уул