ОТТАВА. /ВВС/. Сикх үндэстний салан тусгаарлагчдын удирдагч Хардип Сингх Нижжарыг хөнөөх ажиллагааг зохион байгуулахад Энэтхэгийн засгийн газар оролцсон байж магадгүй гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо даваа гарагт мэдэгджээ. Өнгөрсөн зургаадугаар сард Канадын Бритиш Колумб муж дахь сүмийн ойролцоо Хардип Нижжарыг буудан хөнөөсөн хэрэг гарсан билээ.
Ж.Трюдо хэлэхдээ, Энэтхэг улс Х.Нижжарын үхэлтэй холбоотой болохыг нотолсон "үнэмшил төрүүлэхүйц" мэдээллийг Канадын тагнуулын алба хүлээн авсан гэжээ. Саяхан болсон "Долоогийн бүлгийн" дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзахдаа сикхүүдийн удирдагчийг хөнөөсөн асуудлыг хөндсөн гэдгээ тэрбээр нэмж хэлэв.
“Канад улсын нутаг дэвсгэр дээр Канадын иргэний амь насыг хөнөөсөн хэрэгт гадаадын засгийн газар оролцох нь манай улсын бүрэн эрхт байдлыг ноцтойгоор зөрчиж байна" гэж Ж.Трюдо Канадын парламентад үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Канад улс Х.Нижжарыг хөнөөсөн хэрэгт анхаарлаа хандуулж байгаагаа Энэтхэгийн тагнуулын болон аюулгүй байдлын албаны дарга нарт уламжилсан гэдгийг онцлон тэмдэглэжээ. Саяхан Энэтхэгт болсон "Долоогийн бүлгийн" дээд хэмжээний уулзалтын үеэр Моди, Трюдо нарын дунд ширүүн яриа өрнөсөн аж. Энэтхэгийн Ерөнхий сайд хэлэхдээ "хэт даврагч элементүүдийн Энэтхэгийн эсрэг явуулж буй үйл ажиллагааг зогсоохын тулд хангалттай зүйл хийхгүй байна" гэж Канадын талыг буруутгажээ. Үүний зэрэгцээ Энэтхэг улс Х.Нижжарыг хөнөөхөд огт оролцоогүй гэдгийг мэдэгдсэн байна.
Канадын эрх баригчид энэ хэрэгтэй холбогдуулан Энэтхэгийн нэг дипломатчийг эх орон руу нь буцаасан гэж Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Тэр дипломатч Энэтхэгийн гадаад тагнуулын албаны Судалгаа, шинжилгээний ажилтан байсан ажээ. Мөрдөн байцаагчид Х.Нижжар зохион байгуулалттай халдлагад өртөж амь үрэгдсэн гэж дүгнэсэн юм.
Ванкуверээс зүүн зүгт 20 км-ийн зайд орших Сурри хотын Сикх сүмийн зогсоол дээр тавьсан машиндаа суух үед нь Х.Нижжарыг баг өмссөн хоёр этгээд буудан хөнөөжээ. Х.Нижжар Энэтхэгийн Пенжаб мужийн нутаг дахь сикхүүдийн Халистан гэдэг хүлээн зөвшөөрөгдөөгүй улсыг дэмждэг байсан юм.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
S AWI80955877 TSAHAAR SEXSDN 45NASNI ERTEI