ВАШИНГТОН. /Reuters/. Капитолийн ордон руу 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр дайрч, үймээн дэгдээсэн хэргээр “Бардам залуус” (Proud Boys) гэдэг хэт барууны бүлэглэлийн толгойлогч асан Энрике Тарриод 22 жилийн хорих ялыг мягмар гарагт оноожээ.
Ерөнхийлөгч асан Д.Трампыг дэмжигчдийн дэгдээсэн үймээнийг урьдчилан төлөвлөхөд томоохон үүрэг гүйцэтгэсэн түүнд Холбооны тойргийн шүүгч Тимоти Келли дээрх ялыг оноосон байна. Майами хотын оршин суугч 39 настай Э.Тарриод оноосон энэ ял нь Капитолийн үймээний хэргээр шийтгэгдсэн хүмүүст оноож буй хамгийн урт хугацааны ял юм. Түүний өмгөөлөгч нар давж заалдана гэдгээ мэдэгдэв.
Прокурорын хувьд, Балтимор хотоос Капитолийн ордон руу хийсэн дайралтыг зохион байгуулахад тусалсан хэмээн Э.Тарриод 33 жилийн хорих ял оноохыг шаардаж байжээ. Харин өмгөөлөгчид мэдэгдэхдээ, нэгдүгээр сарын 6-нд Тарио Вашингтонд байгаагүй гэдгийг дурдаад, өмнөх шүүгчийн шийдвэрт, түүний хийсэн үйлдэл нь "Капитолийн үймээнд байдлаар нөлөөлөхгүй" гэснийг онцолжээ. Гэвч шүүгч "Ноён Таррио бол уг хуйвалдааны удирдагч байсан. Тэрбээр хувьсгал хийх үзэл санааг дэвшүүлдэг зохион байгуулагч" гэжээ.
Шүүгч Т.Келли өнгөрсөн долоо хоногт “Proud Boys”-ын өөр нэг удирдагч Итан Нордеанд 18 жилийн ял оноосон юм. Тус бүлэглэлийн нэгэн салааг үүсгэн байгуулагч Стюарт Родс тавдугаар сард мөн 18 жилийн ял авсан байна. Мягмар гарагт болсон шүүх хурал дээр Таррио хийсэн үйлдлийхээ төлөө уучлал гуйж "Би маш их ичиж, гутарч байна. Нэгдүгээр сарын 6-нд болсон үйл явдал үндэсний шившиг болсон" гэж хэлжээ.
Капитолийн ордон руу дайрсан хэрэгт холбогдуулан 1100 гаруй хүнийг баривчилсан бөгөөд тэднээс 630 нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 110 гаруй хүн ял сонсоод байна. Үймээний үеэр 5 хүн амиа алдаж, цагдаагийн 140 ажилтан гэмтэж бэртжээ. Тусгай прокурор Жек Смит 2020 оны сонгуулийг хүчингүй болгох гэсэн оролдлогыг шалгах үүрэгтэйгээр томилогдсон бөгөөд 2024 оны Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Д.Трампыг эрх мэдлээ хадгалах оролдлого хийсэн хэмээн буруутгаж байгаа юм.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Нүүрсний хулгайчдыг өмгөөлж Төрийн ордон руу дайрсан шогчин цогтоо билүү тэр лаларт 22 жилийн ял оноох ёстой
Тэр цогтоо чинь хятадаас зээл авах ёстой гэж байсан.