sonin.mn
ЖЕНЕВ. /NHK/. Украины боомтуудаас үр тариа экспортлох тухай гэрээг 120 биш 60 хоногоор сунгавал дахин сунгахыг эсэргүүцэхгүй гэж ОХУ-ын тал мэдэгджээ.
 
Дэлхийн хүнсний хямралаас урьдчилан сэргийлэх зорилгоор НҮБ, Туркийн зуучлалтайгаар өнгөрсөн оны долоодугаар сард байгуулсан энэхүү гэрээ нь Украины үр тариаг экспортолж буй хөлөг онгоцнуудыг Хар тэнгисээр аюулгүй явж өнгөрөх боломжийг олгосон юм.
 
Уг гэрээг өнгөрсөн оны 11 дүгээр сард 120 хоногоор сунгасан бөгөөд энэ сарын 18-нд хугацаа нь дуусна.  Оросын удирдлага өмнө нь гэрээг сунгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж, Украины үр тариа экспортлогдож, харин Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт хаагдаж байна гэж мэдэгдсэн.
 
Тус улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершинин энэ асуудлаар НҮБ-ын төлөөлөгчидтэй даваа гарагт Женевт уулзсаныхаа дараа мэдэгдэл хийжээ. 
 
Тэрбээр хэлэхдээ, ОХУ “Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилга”-ыг 60 хоног сунгах тохиолдолд л уг гэрээг дахин сунгахад татгалзах зүйлгүй гэсэн байна. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг