
Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Storyline” сургалтын төвийн багш Б.Энхтунгалаг болон түүний шавь нарын бүтээлийг нь онцоллоо.
-Та ямар арга барилаар сурагчдадаа зурах чадварыг эзэмшүүлдэг вэ?
-Манайх сургалтынхаа төрөл жанр, заах арга барилыг хүүхдийн насанд нь тохируулан боловсруулдаг. Энэ нь хүүхдийн зурах авьяас чадвар, зурах түвшин, сонирхол насны онцлогоос шалтгаалан ялгаатай байдагтай холбоотой. Тухайн хүүхдийн насны онцлогт тохируулан зурах илэрхийлэмжийг гаргахын тулд дүрслэх урлагийн суурь мэдлэгийг дэс дараалалтай хүргэдэг. Зургийн хичээлээ сонирхолтой байлгахын тулд танхим, практик хослуулж ордог. Хүүхдүүдээ гарын ур дүйг хөгжүүлэх, бүтээн тууривах, уралдаан тэмцээнд бэлдэж үзэсгэлэнд оролцуулдаг. Бид хүүхэд бүрийг өөрийн, онцлог, авьяасаа олж нээх боломжтой орчинг бүрдүүлэхийг эрмэлздэг. Мөн суралцагчдын ахиц дэвшлийг тогтмол хянаж, эцэг эхчүүдэд тайлагнадаг нь бидний онцлог. Цаашдаа өөрсдийн уран бүтээлийн галерейтэй болж хүүхдүүдийн бүтээлийг олон нийтэд хүргэх зорилготой.
-Хүүхэд бүрийн зураг сонирхолтой ертөнцийг агуулж байдаг байх?
-5-10 насны хооронд хүүхдүүд зургийн ойлголттой болж, зурах сонирхлоо илэрхийлж эхэлдэг. Ингэхдээ ихэвчлэн чөлөөт зураг, байгалийн дүрслэл, хүн дүрслэл, амьтан дүрслэл, хийсвэр дүрслэл, анима, манга зурах сонирхолтой байдаг. Харин 11-15 настай хүүхдүүдийн хувьд эдгээр чиглэлээр алийг нь дагнаж зурах эсвэл хослуулж зурдаг. Зарим хүүхдүүдийн хувьд нь анимэйшн, комик төрөлд илүү татагддаг бол зарим нь нэг хэлбэрт баригдахгүйгээр абстракт чөлөөт сэтгэлгээтэй байдаг. Мөн зурах чадвар нь бүрэн задарч дүрслэх урлагийн урсгал чиглэлийг дагнах аргад суралцдаг. 16-18 насанд сонгосон дүрслэх урлагийн чиглэлээрээ илүү мэргэшиж их, дээд сургуульд гүнзгий судалдаг.
-Танай сургалтын төвийн сургалтын онцлог гэвэл?
-Манайх сурагч бүрд тохирсон уян хатан хөтөлбөрөөр туршлагатай багш нар ажилладаг. Бага ангийн сурагчдад дүрс, дүрслэл уран зургийн элемент, өнгөний задаргаа, уусгалт, өнгө ялгах, дүрс хөдөлгөөнийг энгийнээс нь эхэлж заадаг. Дунд ангийн сурагчид хүн дүрслэл, анатоми, пропорц, сэтгэлзүйн илэрхийлэл, дэлхийн алдартай зураачдын уран бүтээл урсгал жанр, дүрслэх урлагийн урсгал чиглэл төрөл ангиллаас өөрт тохирсон бүтээл туурвидаг. Харин ахлах ангид их, дээд сургуульд элсэхэд нь бэлтгэж хар зургийн ур чадварын зураг гэрэл сүүдэр, орон зай, материаллаг чанар үздэг. Мөн ЕБС-аа төгсөөд гадаадад зургийн чиглэлээр гүнзгийрүүлэн сурахад нь зориулсан өөрийн бүтээл ботфолио боловсруулах тусгай хөтөлбөртэй. Эдгээр хөтөлбөрүүд нь сурагчид хичээлийн бус цагаа зөв зохион байгуулж, сургуулийн орчноос гадуур дугуйлан, сургалтад хамрагдан авьяас, сонирхлоо нээн хөгжүүлэх нь гар утас, тоглоом, интернэт зэрэг хэт их хэрэглээнээс ангид байж, өөрийнхөө ирээдүйг бүтээж буй хамгийн үнэ цэнтэй алхам юм. Харин эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ сонирхол, авьяасыг дэмжин, хөгжих орчныг бүрдүүлж өгч байгаа нь тэдний амьдралдаа итгэлтэй, урам зоригтой, өөртөө итгэх итгэлтэй, болон төлөвших үндэс суурь болдог.
Н.Амартайван
Г.Гансэлэм
Б.Номин-Эрдэнэ
А.Норжинлхам
А.Норжинлхам
Г.УРТНАСАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0