sonin.mn
ТБИЛИСИ. /Newsgeorgia/. "Гадаадын агентуудын" тухай хоёр хуулийн төслийг "бүх дүрэм журмын дагуу" эргүүлэн татаж байгаагаа “Гүржийн мөрөөдөл” намын бүлгийн дарга Мамука Мдирнаразе пүрэв гарагт болсон хэвлэлийн шуурхай хурлын үеэр мэдэгдлээ.
 
Эхний хэлэлцүүлгээр дэмжигдсэн “Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуулийн төслийг олон нийтийн амгалан тайван байдлыг хадгалах үүднээс эргүүлэн татаж байна гэж парламентын олонх дээрх хэвлэлийн бага хурал болохоос өмнө мэдэгдсэн боловч хуулийн төслийг эргүүлэн татах бус харин дахин санал хураалт явуулах журмын дагуу шийдвэрлэх хэрэгтэй гэдэг нь дараа нь тодорхой болсон аж.
 
“Парламентын эхний хэлэлцүүлгээр дэмжигдсэн “Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуулийн төсөл нь хоёр дахь хэлэлцүүлгийн санал хураалтаар хүчингүй болж цаашид энэ асуудлыг ахин хэлэлцэхгүй” гэж М.Мдирнаразе мэдэгдсэн байна.
 
Хуулийн хоёр дахь хувилбар буюу “Гадаадын агентуудын бүртгэлийн тухай” хуулийн төслийн тухайд тэрбээр санал хураалт явуулаагүй тул уг хуулийг санаачлагч “Ард түмний хүч” хөдөлгөөнөөс эргүүлэн татсан гэсэн байна. 
 
Гуравдугаар сарын 7-нд Гүржийн парламент гадаадын агентуудын тухай хоёр хуулийн төслийн нэгийг нь анхны хэлэлцүүлгээр нь баталсны дараа олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж, жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж даамжирсан юм. 
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг