sonin.mn
ПЁНЬЯН. /DW/. БНАСАУ Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ.
 
БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, пуужинг пүрэв гаргийн оройн 18:20 цагийн орчимд баруун эргийн Нампо хот орчмын бүсээс тэнгис рүү харвасан байна.
 
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон, Пёньян АНУ, БНСУ-ын эсрэг “шуурхай, шийдэмгий” арга хэмжээ авахад бэлэн байна гэж мэдэгдсэнээс хоёр хоногийн дараа уг туршилтыг хийжээ. Энэ долоо хоногийн эхээр АНУ мөн БНСУ-тай хийсэн хамтарсан сургуулилалтынхаа үеэр БНАСАУ-ын пуужин, цөмийн аюул заналын эсрэг сүр хүчээ харуулахын тулд “B-52” бөмбөгдөгч онгоцыг нисгээд байжээ. 
 
АНУ Пёньянаас учрах аюул занал нэмэгдэж байгаатай холбогдуулан сүүлийн үеийн сургуулилалтууддаа цэргийн хүчирхэг техник хэрэгслүүдийг дайчлах болжээ. Гэхдээ пүрэв гаргийн туршилт АНУ болон холбоотнуудад аюул учруулаагүй гэдгийг мэдээлсэн байна.
 
“Бид баллистик пуужингийн туршилтын талаар мэдээлэлтэй байгаа бөгөөд холбоотон, түншүүдтэйгээ нягт зөвлөлдөж байна. Уг үйлдэл нь АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн, нутаг дэвсгэр болон холбоотнуудад шууд аюул занал учруулаагүй, харин Пёньяны хууль бус үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрүүдийн тогтвортой байдлыг алдагдуулах үр дагаврыг тодоор харуулж байна” гэж АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлал мэдэгджээ.
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг