sonin.mn
КИЕВ. /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар Хар тэнгисийн боомтуудаар үр тариа экспортлох асуудлаар Москватай байгуулсан гэрээг сунгахыг уриаллаа.
 
В.Зеленский Киев хотноо А.Гутерриштэй хэлэлцээ хийснийхээ дараа, Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилга нь дэлхий дахинд чухал ач холбогдолтойг онцолжээ. А.Гутерриш мөн энэхүү хэлэлцээр нь дэлхийн хүнсний аюулгүй байдал, хүнсний үнэд ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна.
 
“Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгын хэрэгжих хугацааг гуравдугаар сарын 18-наас цааш үргэлжлүүлэн сунгах, Хар тэнгисээр дамжуулан экспортлох дэд бүтцийг бүрэн хэмжээгээр нь ашиглах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах нь онцгой чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэж байна” гэж А.Гутерриш хэлэв.
 
НҮБ, Туркийн зуучлалаар өнгөрсөн оны долоодугаар сард анх 120 хоногийн хугацаатай байгуулж, улмаар 11 дүгээр сард сунгасан уг гэрээг талууд эсэргүүцээгүй тохиолдолд гуравдугаар сарын 18-ны өдөр дахин сунгах юм. Харин ОХУ гэрээг сунгахыг зөвшөөрөхөөс өмнө өөрийн улсын хөдөө аж ахуйн экспортод тулгарч буй саад бэрхшээлийг арилгах шаардлагатай гэж мэдэгдээд байна.
 
Хар тэнгисээр хийдэг Украины үр тарианы экспортыг үргэлжлүүлэх талаар Оросын талыг ятгахын тулд өнгөрсөн онд мөн гурван жилийн хугацаатай гэрээ байгуулж, НҮБ Оросын хүнс, бордооны экспортыг хөнгөвчлөхөд туслахаар тохиролцсон юм. НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан ирэх долоо хоногт Швейцарын Женев хотноо Оросын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, үр тарианы хэлэлцээрийг сунгах асуудлаар хэлэлцээ хийнэ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг