Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.03.02) Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ.
Талууд хоёр улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлал өндөр ач холбогдолтойг уулзалтын эхэнд дурдаад хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгасан үйл явдал болохыг онцолсон юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжилд гуравдагч хөрш Япон Улсын шууд хөрөнгө оруулалт, хоёр улсын хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа чухал хэмээн үзэж буйгаа илэрхийлээд эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтүүд, шинэ хүлээлтүүдийн талаар товч мэдээлэл өглөө. Хэдийгээр цар тахал, геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдлын нөлөө өндөр байсан ч Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувиар өссөн бөгөөд энэ онд 7-8 хувиар өсөх эерэг төсөөллийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк тэргүүтэй олон улсын банк, санхүүгийн байгууллагууд мэдээлж буйг дурдав.
Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, тус төслийн гурав дахь үе шатыг эхлүүлэх шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхийг Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гээс хүссэн юм.
Түүнчлэн Монгол, Японы залуус хоорондын соёлын солилцоог дэмжих, тэдгээрийн хөгжих, суралцах эрхийг хангах зорилгоор Япон Улстай “Ажиллах, амрах визийн хэлэлцээр” байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл0