sonin.mn
Хэрүүл, уруулгүй хэд хоног сайхан байлаа Монголчууд маань. Ардчилал бидэнд "хэрүүл" өгсөн ч дагалдуулж Цагаан сар өгсөн нь яамай даа. Цагаан саргүй байсан бол бид ер нь яах байсан бол оо. Тухайн жилийн "хэрүүл" битүүний барилдаанаар өндөрлөж шинийн нэгний өглөө "шинэ төрсөн" Монголчууд сэрцгээдэг нь сайхан даа.
Ургах нарнаар Соёлз ууланд манаатай хоносон хилчин хүүгийн эхлүүлсэн уухай уудам эх орныхоо уул болгон дээр зогссон Монгол түмнээр минь буухиалсаар Мааньт ууланд зогсох бас нэг хилчин хүүд хүрснээр Монголчуудын золголт эхэлсэн гэдэг нь баттай буй заа.
 
Юутай ч цөмөөрөө сайхан шинэлцгээлээ. Өөр, өөрсдийн зурхайгаараа өргөн дэлгэр золголоо. Битүүний үдэш гандан орцгоож, бурхадын өмнө алгаа хавсарч, амьдралаа даатгаж, нүглээ бодож, нүүрээ минчийлгэж сууцгаалаа. Уугуул, суугуул газрынхаа аль өндөр гэсэн уул, овоо, дов, толгой дээр гарч өөрөө тоож уудаггүй ч лус савдаг голохгүй гэсэн Хараа, Ерөөлөө өргөцгөөж, хариуд нь хэдэн мянга нугалсан өндөр үнэтэй хүслээ шивнэцгээлээ. Юмыг яаж мэдэх вэ гээд нэг нүдээрээ ч үздэггүй лам нарынхаа өмнө хоёр нүдээ аниж суугаад төвд хэлээр таван минут ерөөл уншуулж, 5к-гаар гарыг нь цайлгаад санаагаа амрааж, сэтгэлээ тайвшруулцгаалаа. Сонингийн тасархай алгандаа наагаад дэлгүүр орох замдаа сэм, сэм уншиж, халаасандаа хугалсан шүдэнзний модоо амьтны нүд хариулж байгаад чулуудаж орхилоо. 
За тэгээд өчигдөрхөн буузыг нь хийлцсэн аав, ээжийн дээ хэдэн жил харагдаагүй юм шиг царайлж орцгоолоо. Ах, дүү, ахмадуудынхаараа авгай, хүүхдүүдээ дагуулаад, цүнх, тороо савчуулсаар айлчилж өгцгөөлөө. 
 
Тэднийд тэдэнд, эднийд эдэнд, одоо ороод гарья, дараа дайраад явья, тэднийхтэй хамт очьё, эднийхийг гарахаар орьё...
 
Очихгүй гэсэн айлаасаа гурван удаа оймс авлаа. Очно доо гэсэн айлынхаа гадуур гурван удаа өнгөрлөө. Бодсоор яваад нутгийн хөгшнийг бурхан болсны нь дараа очлоо. Бодолгүй яваад айлд ортол багын "түүнийх" байж таарлаа. Шинэ жилийн өмнө "хаясан" жингээ шинийн гурван гэхэд "олоод" авцгаалаа. Насаараа үзсэн Монгол кинонуудаа анх үзэж байгаа юм шиг ахин нэг үзээд авцгаалаа. Өчигдөрхөн болсон барилдааныг өнгөрсөн наадамтай хольж ярьцгаалаа. Буузны минут хүлээнгээ Үндсэн хуулийг хэлэлцлээ. Хундагатайг тойрох зуур сонгуулийн тогтолцоог сөхлөө. Бэлэг хүлээх зуураа нүүрсний хулгайг шүүцгээлээ. Энэ жилийн цагаан сарын буузны хачир иймэрхүү байлаа...
Сайхан шинэллээ, сайхан шинэллээ...
 
Модон боов өрсөн айлтай лав таарсангүй. Та нар таарав уу? Шар тос нь нэвчсэн шаргал сайхан боовтой идээнүүд л харлаа. Маарлаар хийсэн ууцтай лав таарсангүй. Та нар таарав уу? Өөх мах нь алагласан өргөн сайхан өвчүү, ууцнууд л амслаа.
 
Үнэтэй цайтайг нь шогшроод байсан өнөөх цагаан идээнүүд өргөн түмнийхээ ширээн дээр өрөөтэй байж харагдлаа.
Энэ жил л "жинхэнэ" минималист цагаан сар хийнэ гэсэн ч максималист цагаан сар болж өнгөрлөө. Айл бүхэн өнгөтэй өөдтэйгээ гаргаж өргөн дэлгэр сайхан шинэлцгээлээ. Өр шир яахав ээ, төлж л орхино. Цагаан сар болж байна даа. Алив хө, идээ будаанаас ид, айраг цэгээ уу, ахиад жигнэнэ, бэлгийн өгөөрэй...
Сайхан жил гарч байна. Дээдэст ээлтэй жил гэнэ лээ. Монголчууд чинь бүгдээрээ дээд тэнгэрээс заяатай төрсөн, хөх толботой, Чингисийн удам. Хөөрхөн хүүхэдтэй болгодог жил гэнэ лээ. Хүнээс илүү үнэтэй нь үгүй хөнжилдөө эртхэн орцгоож байгаарай. 
 
За тэгээд шинэхэн жилийн "хэрүүл" маань уламжлал ёсоор шинэ эхлэхээс өмнө "зул" болж асан ул боов маань уул, овоо, хогийн бункерт "ул" болсноор эхэлдэг билээ. Энэ жилийн онцлог нь харин улсаараа "ул" болж байгаа тул ул боовтойгоо цуг "ул" болцгоож байна аа
Авчиг улнаас цааш газар үгүй тул өгсөх нь дамжиггүй биз ээ. Манайх шиг улс ер нь хэдхэн дэгдээд хөгжлийн манлайд хүрчихмээр санагддаг юм. Бушуу туулай боривондоо баастай гэдэг ч бушуулахгүй бол бүхлээрээ баастай болчих гээд байна шүү, та минь ээ. 
 
Сайхан жил болох болтугай бус болгоцгооё оо. Хүн бүр хичээцгээе ээ. Төр засгаа шахацгаая аа. Хулгайч нараасаа салцгаая аа.
Сайхан шинэллээ, сайхан шинэллээ. Одоо улс орныхоо төлөө, ирээдүйнхээ төлөө сайхан тэмцэцгээе ээ, тэмцэцгээе...
 
Ч.Явуухүү